Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэл хотын дарга асан Э.Бат-Үүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. Тэгвэл хотын дарга асан Э.Бат-Үүл Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан байна. Одоогоор түүний гомдол Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Давж заалдах шатны шүүх рүү шилжсэнээр шүүх хурлын тов гарах юм.
Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодруулахад “Давж заалдах шатны шүүхэд арав гаруй хоногийн өмнө гомдлоо гаргасан. Бид шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна. Засгийн газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу бүх хязгаарлалтыг цуцалсан учраас шүүх хурлууд нээлттэй явагдах ёстой. Тиймээс Э.Бат-Үүлийн шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг хангах нь зөв. Учир нь шударга шүүхээр шүүлгэх эрх нээлттэй шүүхээр л хангагддаг. Ингэснээр ард түмний мэдэх эрх, хангагдана. Шүүх хурлыг хаалттай зарлахаар иргэд буруу мэдээлэлтэй үлддэг. Хүмүүс үнэн, бодит мэдээллийг авч, Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлсэн эсэхийг мэдэхийн тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой. Э.Бат-Үүл бол Монгол Улсын баатар, ардчиллын лидерүүдийн нэг. Түүнийг хилсээр хэлмэгдүүлж байгаа гэж үзэж байгаа” гэлээ.
Э.Бат-Үүл хүүгээрээ дамжуулан "Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна" гэж хэлүүлсэн байдаг.
Дашрамд дурдахад Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхон “Шүүхийн байгууллага хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2018 онд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноолоо. Энэ бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж буй асуудал. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 263.2. гэдэг зүйл ангиар заавал эд материалын хохирол шаарддаг. Гэтэл прокурор, шинжээчдийн зүгээс эд материалын хохирлыг нотолж чадаагүй байхад хохиролтой гэж үзэж ял оноолоо. Энэ бүхнээс харахад шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн. Бид хууль буруу хэрэглэсэн учраас давж заалдана" гэж мэдээлж байв.
Холбоотой мэдээ