"САЯ САЯ ОРОСУУД ДАЙНЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГААГ БИД МЭДНЭ"
Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Оросын эдийн засгийн бааз болон түүнийг шинэчлэх чадавхийг сулруулна. Бид Европын холбоон дахь Оросын хөрөнгийг царцааж, Оросын банкуудыг Европын санхүүгийн зах зээлд нэвтрэхийг хориглоно. Эдгээр хориг арга хэмжээ нь Кремлийн ашиг сонирхол болон дайныг санхүүжүүлэх чадварт томоохон хохирол учруулах зорилготой. Сая сая оросууд дайныг хүсэхгүй байгааг бид мэднэ” гэлээ. Тэд энэхүү хориг арга хэмжээгээ өнөөдөр орой батлуулахаар танилцуулах ажээ.
ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЛИЙН УЛМААС 12 ХҮН АМИА АЛДАВ
ЛУКАШЕНКО ПУТИНТЭЙ УКРАИНЫ АСУУДЛЫГ ЯРИЛЦЖЭЭ
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко цэргийнхэнтэйгээ уулзалт хийнэ гэж тус улсын Белта агентлагаас мэдээллээ.
Беларусь, Орос хоёр улс нь цэргийн нягт харилцаатай бөгөөд хамтарсан цэргийн сургуулилалтаа саяхан хийсэн. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өнөө өглөө Украинд болж буй нөхцөл байдлын талаар ярилцсан гэж Белта мэдээлэв.
МАШИН ДЭЭРЭЭ БНХАУ-ЫН ТУГ ХАТГАЖ ЯВАХЫГ САНУУЛАВ
Украин дахь Хятадын элчин сайдын яам өөрийн иргэддээ гэрээсээ гарахгүй байж, болзошгүй аюулаас сэргийлэн машин дээрээ БНХАУ-ын туг хатгаж явахыг сануулжээ.
Барууны орнууд дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож, аюулгүй байдалд нь заналхийлж байгаа тул Хятад, Орос хоёр улс улам бүр нэгдмэл байр суурьтай байна гэж CNN агентлагийн шинжээч мэдээллэв.
Харин Хятадаас НҮБ-д суугаа элчин сайд Жан Жүн өчигдөр орой бүх талуудыг тайван, ухаалаг байхыг уриалж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэх боломжтой хэвээр байна гэжээ.
ОРОСЫН ЦЭРГИЙН МАШИНУУД КРЫМЭЭС УКРАИНД НЭВТРЭВ
Европын орнуудын удирдагчид Москвагийн эсрэг авах арга хэмжээний талаар ярилцахаар өнөөдөр хурал товлолоо. “Европын холбоо болон түүний гишүүн орнууд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байна. Бид Орос болон Оросын дэмжлэгтэй зэвсэгт хүчинд олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэхийг уриалж байна. НАТО болон “Их-7” зэрэг түншүүдтэйгээ хариу арга хэмжээгээ зохицуулж байна” гэж Европын зөвлөлөөс мэдэгдэв.
Оросын цэргийн машинууд Крымээр дамжин Украины нутаг дэвсгэрт нэвтэрсэн тухай Украины хил хамгаалах алба мэдээлэв. Тус тээврийн хэрэгслүүд зүүн талаараа Чонгар эсвэл баруун талаараа Каланчакаас аль хилээр нэвтэрч буй нь тодорхойгүй байна. Украины Хил хамгаалах алба CNN агентлагт өмнө нь мэдэгдэл хийхдээ тэдний хил рүү Орос, Беларусь улсууд “их буу, хүнд техник хэрэгсэл болон жижиг зэвсгээр дайрсан” гэжээ.
"БИД ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛНА, УКРАИН ЯЛНА"
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ “Бид өөрсдийгөө хамгаална. Украин ялна” гэжээ. Тэрбээр өнөөдөр жиргээндээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа украинчуудад хандан үг хэлсэн. “Путин дайрсан ч хэн ч зугтаагүй. Арми, дипломатууд, бүгд ажиллаж байна. Путины түрэмгийллийн талаарх үнэнийг өөр өөрсдийн байгаа улс орнууддаа хуваалцаж, засгийн газруудад яаралтай арга хэмжээ авахыг уриалаарай” гэв.
БЕЛАРУСИЙН ЦЭРГИЙН АНГИ УКРАИНЫ ХИЛЭЭР НЭВТЭРЧЭЭ
CNN шууд дамжуулалтын видео бичлэгээр дамжуулан Беларусийн цэргийн анги Украины хилээр нэвтрэн орж байгааг үзүүлжээ. Тус шууд дамжуулалтын бичлэгээр Украины Сенькивка болон Беларусь улсын Веселовка боомтын нөхцөл байдлыг үзүүлсэн байна. Орон нутгийн цагаар 06 цаг 48 минутын орчимд Украины хилээр Беларусийн цэргийн анги нэвтэрчээ. АНУ-ын Батлан хамгаалах яам Беларусиас Украин руу цэрэг нэвтрүүлсэн гэх мэдээллийг хянаж байна гэв. Тэдгээр цэргүүд нь Орос эсвэл Беларусь аль нь гэдэг нь тодорхойгүй байна гэж эх сурвалж мэдээллээ. Шууд дамжуулалтын бичлэгнээс харахад Беларусийн хилийн боомтоос Украин руу цэргийн машинууд орж байсан гэв. Энэ бичлэг нь Украины Сенькивка, Беларусийн Веселовка гарам дээр хийгджээ.
УКРАИНЫ АРМИ ОРОСЫН БАЙЛДААНЫ 5 ОНГОЦ, НИСДЭГ ТЭРГИЙГ УСТГАСАН ГЭВ
Украины зэвсэгт хүчнийхэн Оросын таван нисэх онгоц, нисдэг тэргийг устгасан гэж CNN мэдээллээ. Харин Оросын арми энэ мэдэгдлийг няцаасан гэж Тасс агентлаг мэдээлэв.
ОХУ-ЫН ӨМНӨД ХЭСГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫГ 7 ХОНОГ ХААЛАА
Мөн Киев дэх Өмнөд Солонгосын Элчин сайдын яам иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг анхаарууллаа. Мөн ЭСЯ-тайгаа байнга холбоотой байхыг уриалав.
АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, БАЙДЕН ИХ-7 БҮЛЭГТЭЙ УУЛЗАНА
Украины ерөнхийлөгч В.Зеленский дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар холбогджээ. Жо Байден Оросын цэргийн хүчний үндэслэлгүй халдлагыг буруутгаад, өнөө орой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлэлцэх зүйлсийнхээ талаар Зеленскийд танилцуулжээ. Өнөө орой НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдахаар болсон. Мөн Жо Байден маргааш "Их 7" бүлэгтэй уулзах болсноо твитертээ жиргэжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Молдавын нутаг дэвсгэр, тэр дундаа Кишинев хотын дээгүүр Оросын пуужин нисчээ. Хэрэв Оросын арми Молдав руу дайрсан тохиолдолд Румыны арми түүний талд орж, улмаар NATO хамтын аюулгүй байдлын тухай хэлэлцээ хийхээс өөр аргагүй байдалд орох юм.
Одоогийн байдлаар Киев дэх хоргодох байранд бага насны хүүхдүүд, гэр бүлүүд дүүрэн байна. Тэдгээр хүүхдүүд буддаг номоо гартаа барьсан байгаа нь сэтгэл шимшрүүллээ гэж “The Guardians” мэдээлэв.
ПУТИН ДАЙРАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Орос улс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл явуулж, 10 орчим муж, хотуудад зэвсгийн цохилт өгч байна гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Пүрэв гаригт твиттер хуудсандаа мэдэгдэв.
Украины цэргийн байгууламжууд руу ОХУ пуужингаар цохилт өгч буй бчлэгүүд ил болов. Оросын цэргүүд өмнөд хэсгийн Одесса, Мариуполь боомт хотуудад галт зэвсэг ашиглан дайралт хийж байна. Мөн ОХУ-аас тус улсыг бөмбөгдөж эхэлсэн тухай Интерфакс Украин мэдээлжээ. Түүнчлэн Киевийн Борисполь нисэх онгоцны буудлаас ажилтнууд болон зорчигчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлсэн байна.
Украины Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко ч мөн оросуудын түрэмгийлэл эхэлснийг баталжээ. Сайд албан ёсны фэйсбүүк хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ, “Халдлага эхэлсэн. Саяхан Киев, Харьков, Днеприйн ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал, цэргийн агуулахуудыг бөмбөгдсөн. Хил дээр буун дуу гарч байна. Энэ өдрөөс эхлэн дэлхийд геополитикийн шинэ бодит байдал, мөргөлдөөн бий болж байна” гэж бичжээ.
ОХУ-ын НҮБ-ын төлөөлөгч НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу цэргийн ажиллагаа явуулахыг зөвтгөв
НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын дүрмийн 51-р зүйлд заасан "өөрийгөө хамгаалах" гэсэн заалтыг ОХУ-ын цэргүүд ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Небензя хэдхэн хормын өмнө болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Украины зүүн нутгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулах тухай Оросын шийдвэрийг өмгөөлөн хамгаалсан байна. Тус шийдвэрийг ОХУ өөрийн газар нутагт суугаа харийн хүмүүсээс иргэдээ хамгаалахын тулд дайралт эхлүүлсэн гэж хэлжээ. Тэрбээр мөн Оросын цэргийн ажиллагаа нь Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагчдын бүс нутгуудын оршин суугчдыг хамгаалах зорилготой гэв. Учир нь Донбасс нутгийн иргэд "8 жилийн турш Украины буудлагаас айж байсан" мэдэгджээ.
Холбоотой мэдээ