Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.02.24/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд 69.5 тэрбум төгрөгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Энэ асуудлаар Засгийн газарт танилцуулж, Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн. Тус эмнэлгийг төрийн мэдэлд авч, "Эрдэнэт" үйлдвэрийн өмчид авч Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, бүс нутгийн эмчилгээ оношлогооны төв болгох шийдвэрийг гаргалаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тэргүүнд танилцуулсан. Эмнэлгийн барилга байгууламжийг ойрын хугацаанд хүлээж авна. Бэлтгэл ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хийж байгаа. Эмнэлгийн барилгыг үнэгүй хувьчилж аваад зогсохгүй, 2016-2020 оны хооронд "Эрдэнэт" үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг үзлэг хяналт хийх нэрээр эмнэлэг авсан байдаг. Буцаагаад 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөрөө гээд "Эрдэнэт" үйлдвэр рүү шилжүүлсэн. Төрийн өмчийг үнэгүй авчихаад дахин бэлэн мөнгөөр хуйвалдаж, их хэмжээний хөрөнгө авдаг асуудал гарсан байна. Өнгөрсөн хугацаанд хувьчилж авсан байгууллагад шаардлага хүргүүлэхэд 30 сая орчим ам.долларын нөхөн төлбөр өг гэдэг хариу өгсөн. "Эрдэнэт" үйлдвэрийн тухайн үеийн захирал Ц.Даваацэрэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-т шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин төр өмчөө авах асуудал тусдаа шийдэгдэнэ" гэв.
Мөн тэрбээр "УИХ болон Засгийн газраас төрийн өмчийн хувьчлалын жагсаалтыг баталдаг. Энэ жагсаалтад нэгдүгээрт ороогүй. Хоёрдугаарт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хувьчлах зөвшөөрөл гарах ёстой. Гэтэл ийм шийдвэр гараагүй. Гуравдугаарт, "Эрдэнэт" үйлдвэр хамтарсан үйлдвэр байсан. Үйлдвэрийн өмчийг хувьчлах тухай ТУЗ-ийн шийдвэр гарах ёстой байсан ч гараагүй. Үндсэндээ хууль ёсны шийдвэргүйгээр хууль бусаар өмчилж авсан асуудал. Тийм учраас шүүхийн процесс байхгүй гэж үзэж байна. Тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг 50 айлын орон сууцтай авсан. Энэ бол луйвар" гэж мэдээллээ.
"УКРАИНД БАЙГАА 30 ИРГЭНИЙГ ЯАРАЛТАЙ ТАТАН АВАХ ҮҮРЭГ ӨГСӨН"
Мөн тэрбээр “Украинд цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа. Онц байдал зарласан дайны нөхцөл байдал үүсч болзошгүй учраас улс орнууд өөрсдийн иргэдтэй холбоотой арга хэмжээг авч байна. Нийтдээ 60 гаруй Монгол Улсын иргэн оюутан тус улсад байдаг. Одоо 30-аад иргэн бий. Гадаад харилцааны сайдтай уулзаж үүрэг даалгавар өгсөн. ОХУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яамтай хамтарч иргэдээ яаралтай татан авч, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа” гэлээ.
Холбоотой мэдээ