Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав

Сергей Шойгу тэргүүтэй 555 хүнийг хар жагсаалтад оруулав

 

НЭМЭЛТ:

Европын холбооноос Оросын төрийн албан хаагчид, хууль тогтоогчдыг хар жагсаалтад оруулжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Европын холбооноос Оросын улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн байгууллагын 400 шахам төлөөлөгч, сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүдийн эсрэг хувийн хориг арга хэмжээ авчээ.

Хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин, Дмитрий Григоренко, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешников, ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова болон тус улсын Засгийн газрын гишүүд багтжээ.

Хар жагсаалтад орсон, шийтгэл авсан хүмүүсийн бүрэн жагсаалтад одоо 555 хүн, 52 байгууллага багтаж байна. Тэд бүгд Европын холбоонд нэвтрэх болон банкны системд нэвтэрч чадахгүй, хориглуулж байгаа юм.


АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.02.23/ Оросын “Хойд урсгал 2” хийн хоолойн ажлыг хариуцаж буй компанид хориг арга хэмжээ авлаа. “Энэ бол Оросын Украинд явуулж буй үйлдлийн хариуд авч буй хориг арга хэмжээний нэг л хэсэг. Хэрвээ Орос байдлыг хүндрүүлсээр байвал цаашид дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах болно” гэж тэр мэдэгдэв.

Жо Байден өнөөдөр /2022.2.24/ жиргэхдээ, "Оросын үйлдэлд хатуу хариу арга хэмжээ авах шаардлагатай. Тиймээс бид Оросын ВЭБ /Төрийн хөгжлийн корпораци/ болон, Цэргийн банкийн эсрэг хориг тавьж, ОХУ-ыг барууны санхүүгийн системээс тусгаарлаж, элитүүдийнх нь эсрэг хориг тавьж байна" гэсэн байна.

АНУ-аас Мягмар гаригт тавьсан эхний хориг арга хэмжээний хүрээнд төрийн өмчит хоёр банк, Путинтэй ойр дотно гурван албан тушаалтан багтжээ. Энэ нь хориг арга хэмжээ зөвхөн төрийн албан тушаалтнууд, санхүүгийн салбарын хүмүүсээс хэтэрч байгааг харуулж байна. Тодруулбал, Путинтэй хамгийн ойр ажилладаг хоёр албан тушаалтны хөвгүүдэд хориг тавьжээ. Денис Бортников, Владимир Кириенко нар бизнесийн салбарт нэр хүндтэй. Гэхдээ тэдний эцэг нь Путины дотоод тагнуулын албаны дарга, ерөнхийлөгчийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг учраас АНУ-ын эзэмшилд байсан бүх хөрөнгийг нь битүүмжилжээ. Оросын бусад нөлөөтэй элитүүд болон гэр бүлийн гишүүд нь ч бас цаашид хориг тавиулж болзошгүй болоод байна.

Герман улс Мягмар гаригт “Хойд урсгал 2” хийн хоолойн ажлыг зогсоосноо зарласны дараа энэ шийдвэр гарлаа. “Хойд урсгал 2”-ийн толгой компани "Хойд урсгал 2 AG"-д хориг тавьсан нь уг төсөлд үнэхээр эцсийн цохилт болно гэж албаны хүн хэлжээ. Мөн компанийн гүйцэтгэх захирал Маттиас Варнигт хориг тавив.

Хориг арга хэмжээтэй зэрэгцээд өчигдрөөс байдал улам хурцдаж эхлэв. Латвийн ерөнхий сайдын мэдээлснээр “Путин Донбассын нутаг дэвсгэрт нэмэлт хүч, танкуудыг шилжүүлж эхэлсэн” гэжээ.

Ерөнхийлөгч Жо Байден “Хойд урсгал 2” төслийг зөвхөн арилжааны зорилготой гэж үзэн эсэргүүцсээр ирсэн боловч АНУ, Герман хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн үндэслэлээр болгоомжтой ханддаг байсан. Гэвч Герман улс нэгэнт хориг арга хэмжээгээ авсан нь Байдены шийдвэр гаргалтанд түлхэц болж өглөө.

“Төслийг зогсоосноор Орос улс “касснаасаа бэлэн мөнгө” алдсантай адил болно. Мөн дэлхийн эрчим хүчний бие даасан байдалд эргэлтийн цэг болно” гэж АНУ-ын эдийн засгийн зөвлөлийн дэд захирал Далеп Синг хэлжээ. АНУ цаашид ямар хориг арга хэмжээ авахаа тодорхой мэдэгдээгүй ч экспортын хяналтыг онцолж байна.

УКРАИН РУУ ЧИГЛЭСЭН КИБЕР ДАЙРАЛТУУД ЭРЧИМЖИВ

АНУ болон барууны орнууд Орост хориг арга хэмжээ авч буйтай зэрэгцээд Украинд кибер халдлага эрчимжлээ. Энэ тухай кибер аюулгүй байдлын “ESET” компани мэдээлсэн бөгөөд Украин дахь олон зуун компьютеруудад мэдээлэл арчих программ суулгасан байсан гэв. Түүгээр ч зогсохгүй энэ халдлага нь сүүлийн хоёр сарын турш үргэлжилсэн байх магадлалтай аж.

Хамгийн сүүлийн мэдээгээр Украины засгийн газрын гол цахим хуудсууд өнөө өглөө /2022.02.24/ ажиллагаагүй болжээ. Үүнд Украины сайд нарын танхим, Гадаад харилцаа, дэд бүтэц, боловсрол, болон бусад яамдын цахим хуудсууд орно.

Эх сурвалж: CNN, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж