АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨГЖЛИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИНА
НЭМЭЛТ: 12:30 ЦАГ
Салбарын сайдын танилцуулснаар, уул уурхайн салбар дахь төрийн бодлого хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн зарчмаар хэрэгжих ажээ.
Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбарын төсөвт оруулсан орлого анх удаагаа 4.1 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн орлогын 29.6 хувийг бүрдүүлжээ. Эрдсийн ханшийн өсөлт тохиосон нь төсвийн орлогыг дээд хэмжээнд хүрч нэмэгдэхэд гол түлхэц болжээ.
2021 оныг уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл талаас сайн ажилласан жил болсон гэж сайд дүгнэж байна. Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт 56 хувийн биелэлт гарсан боловч бусад эрдсийн хувьд 80-90 хувиар төлөвлөгөө биелжээ. Арванэгдүгээр сарын эцсээс төмөр замын задгай тээвэр зогссон улмаас сар гаруйн хугацаанд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт тасалдсан ч экспортын төлөвлөгөө ерөнхийдөө биелсэн байна.
Цагаанхад дээр одоогийн байдлаар 6 сая тонн нүүрсний овоолго байгаа аж. Монголын нүүрсний 95 хувь нь гардаг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын нэвтрэлт буурсны улмаас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн уурхайн олборлолт зогссон. Гэсэн ч Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх орон зай багагүй бий гэж тооцоолж буй юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны аравдугаар сард Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзах үеэр манай улс 50-60 сая тонн нүүрс экспортлох боломжтой талаар илэрхийлсэн. Мөн Өвлийн олимпийн үеэр Ерөнхий сайд тус улсад айлчлах үеэр Хятадын Дарга Си Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзахдаа энэ нөхцөл байдлыг дахин илэрхийлж, бүр 60-70 сая тонн нүүрс найдвартай экспортлох боломжтойгоо бататгаж хэлсэн. Хятад улсын талаас манай улсын ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах хэрэгцээ, сонирхолтой байгаа тухай харилцан санал солилцсон байна.
Цаашид нүүрсний дэд бүтцийн хувьд 2022 оноос эхлэн томоохон ахиц гарах хүлээлт байгаа аж. Тухайлбал, 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Холболтын цэгийг сая тохирсон бол одоо терминал байгуулах ажил шийдэгдэнэ. 80 гаруй хувьтай Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нүүрсний экспортыг 50 сая тонн болон түүнээс дээш хэмжээнд хүргэх зорилтыг "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан билээ.
Салбарын хөгжлийг урагшлуулахад хайгуулын салбар, уурхайн хаалт, боловсруулах чиглэлд төрөөс ихээхэн анхаарч ажиллаж буй аж.
Геологи, хайгуулын салбар нь манай улсын тухайд гадаадын хөрөнгө оруулалтын индикаторын үүрэгтэй гэж хэлж болно. Манай улс одоогийн байдлаар нийт газар нутгийнхаа 43 хувийг 1:50000 масштаб бүхий зураглал хийсэн байдаг бол өнгөрсөн онд манай улсын хэмжээнд 109 тусгай зөвшөөрөл олгосон нь төдийлөн хангалтгүй үзүүлэлт ажээ. Хайгуулын салбарыг идэвхжүүлэх үүднээс тусгай зөвшөөрөл олголттой холбоотой бүх процессийг цахимжуулж, нээлттэй ил тод болгох юм байна.
Уул уурхайн нэр хүндийг зөв тийш хандуулахын тулд уурхайн хаалтын менежментийг ашиглалтаас өмнө нэвтрүүлдэг болно. Орон нутагт, иргэдэд уурхайгаас үүдсэн сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах баталгаа өгч байж ашиглалт руу шилждэг болно.
Боловсруулах чиглэлд манай улс гангийн үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, нүүүрс баяжуулах үйлдвэр зэргийг барьж байгуулахаар ажиллаж байна. Манай улс одоогийн байдлаар хамгийн сайндаа зөвхөн баяжмал хэлбэрээр эрдэс түүхий эдээ гаргаж байна. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлснээр заримдаа шинэ уурхай нээгээд ашиглалтад оруулсантай адилтгахуйц, бүр илүү хэмжээний ажлын байр, нэмүү өртөг авчирдаг. Улмаар боловсруулах үйлдвэр хөгжсөнөөр дараагийн жижиг, дунд үйлдвэрүүд кластер хэлбэрээр бий болдог.
Салбарын яамнаас боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор Хүнд үйлдвэрийн тухай хуулийг өргөн бариад байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Хөгжлийн сангийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна.
“ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал өнөөдөр (2022.02.24) Шангри-Ла зочид буудалд болж байна. Энэхүү арга хэмжээ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, тус яамны Геологийн бодлогын газрын дарга, доктор Б.Бат, Үндэсний геологийн албаны дарга, доктор О.Чулуун, ШУТИС, Геологи уул уурхайн сургуулийн професоор С.Жаргалан нарын албаны болон бусад төлөөлөгчид оролцож байна.
Оролцогчид “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын реформ, Ирээдүйн уул уурхай: Өндөр технологийн түүхий эд” сэдвээр хэлэлцэж, санал бодлоо солилцож буй юм.
Энэхүү арга хэмжээг нээж, Г.Ёндон сайд тавьсан илтгэлдээ "Дэлхийн уул уурхайн салбар шинэ үе шатандаа орж байна. Дэлхийн дулаарлаас үүдэн ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт зэрэг бодлоготой холбоотойгоор манай ашигт малтмалын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөх хандлагатай байна. Нөгөө талаас улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг нүүрсний хувьд 2060 он хүртэл Хятад улсын баримталж байгаа бодлого, цаашлаад АНУ, Европын холбооны улсуудын бодлогын нөлөөгөөр хэрэглээ нь үе шаттайгаар буурахаар байна. Нэг талаасаа зэсийн хэрэглээ өсөх боловч нүүрснийх багасах төлөвтэй. Түүхий эдийн судалгаагаар тэргүүлэгч Голдман сакс банк 2025 он гэхэд зэсийн үнэ 15 мянган ам.доллар/тонн болохоор байна гэж төсөөлж байна. Ойрын жилүүдэд зэсийн хэрэглээ эрчимтэй өсөх таамаг дэвшүүллээ.
2021 оны арваннэгдүгээр сард болсон Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаар улс орнууд нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар бууруулна гэсэн төлөвлөгөөгөө танилцуулсан. Хятад улс 2026 он хүртэл нүүрсний хэрэглээг оргил түвшинд хүргэж, 2050 он хүртэл үе шаттайгаар бууруулна гэсэн ийм нөхцөл байдалд бид яаж зохицож ажиллах вэ? Үнэхээр зэсийн хэрэглээ тууштай өсөх нөхцөлд бид юу хийх нь зохимжтой вэ? Ийм нөхцөл байдалд тулгуурлаж "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг боловсруулсан гэж ойлгож болно” гэв.
Салбарын сайд "Орос, Украины зөрчилтэй холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний үнэд ямар нэг өөрчлөлт орох уу гэсэн асуултад "Дэлхий дахинд бүх төрлийн түүхий эдийн үнэ өсч байна. Орос, Украины нөхцөл байдалтай уялдуулбал, манай улс ОХУ-ын "Роснефть" компанийн Ангарскаас газрын тосны бүтээгдэхүүнээ авдаг. Үүн дээр бид яриа хэлэлцээр хийж байна. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудалтай уялдуулаад, газрын тос болон бусад асуудлаар ОХУ-д ажиллах томилолт өгсөн. Гол нь нөөцийн тогтвортой байдлыг хангахад орших юм.
Шатахууны үнэ хөндлөнгийн оролцоогүйгээр автомат үнийн тооцооллоор бага багаар өсч байна. Цаашид ч шатахууны үнэ өсөх байх. Гэхдээ тийм ихээр өсөхгүй. Ерөнхий сайд огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахыг даалгасан" гэж хариулав.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-д аж үйлдвэржилтийг сэргээх 3 зорилт, 11 арга хэмжээг тусгасан ба энэ хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжих юм.
Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрдэс баялгийн салбар 2021 онд ДНБ-ийн 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын 93 хувийг, нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ