Ардчилсан намаас өнөөдөр /2022.02.24/ ээлжит 4/11 мэдээлэл хийж байна. Энэ удаа Хөгжлийн банкны асуудал болон АН-ын ээлжит бус Их хурал зарлан хуралдуулах тухай намын удирдлагууд мэдээлэл өгөв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Хөгжлийн банкны асуудлыг та бүхэн харж байгаа байх. Нэг сонин зүй тогтол байна. Нэгдүгээрт, 2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/шийддэггүй заавал УИХ болон Засгийн газраар оруулж зээл олгодог байсан. МАН үнэмлэхүй олонх болсны дараа үүнийг нэн тэргүүнд өөрчилсөн. Сонгуулийнхаа мөнгийг хийх, улстөрчид өөрсдийн хамаарал бүхий этгээдээ санхүүжүүлэх зорилготой байсан. Хөгжлийн банкны зээл олгодог хуулийг 2017 онд өөрчилж, ТУЗ шийдвэр гаргадаг болсон. Үүний дараагаар жинхэнэ завхрал эхэлсэн. Бараг хоёр их наяд шахуу мөнгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэллээ. Эрх баригчид зургаан жил хав дарсны дараа гэнэт дуу тавьж байх юм. Энэ бол эрх баригчдын тавьж буй жүжиг. Сүүлдээ энэ асуудлаа Ардчилсан нам руу хандуулах гэж үзэж байгаа нь инээдтэй хэрэг.
Хөгжлийн банкны завхарлыг хурган дарга нар цэгцлэх юм гэнэ. МАН-ын хуулийн хэлтсийн дарга нь түр хороог ахалж, Хөгжлийн банкны зээлийг төлүүлнэ гэнэ.
Өнөөдөр Монголын төр өөрөө хүчгүй болжээ. Намын албан тушаалтнууд асуудлыг шийддэг болох нь ээ. Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болж хуулийн биелэлтийг хангадаг Ерөнхий сайдтай байна гэж заасан. Гэтэл Ерөнхий сайд өөрийнхөө хүмүүсээр ажил хийлгэдэг болж байгаа юм байна. Монголд МАН-ын Хяналтын хороо гэж мундаг шударга байгууллага байдаг юм байна. Сая л мэдлээ. Хууль шүүхийн байгууллага ч хэрэггүй болсон юм байна. Та нарын шүүмжлээд байгаа Ардчилсан нам 70 жил тавиагүй замуудыг тавьж, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн юм шүү. Эрх баригчид ажилладаггүй усан оргилуураас өөр ямар ажил хийсэн юм бэ. Ингэж Монгол Улс хөгжихгүй ээ. Төрийн ачааг Ерөнхий сайд үүрч, ажиллах ёстой. Гэтэл тэр хүний өмнөөс намын удирдлагууд ажилладаг байж болохгүй.
Ардчилсан нам ирэх гуравдугаар сард ээлжит бус Их хурлаа хийхээр төлөвлөж байна. Намын гол зарчмын асуудлаа ярина. Ардчилсан нам нэг лидертэй нам биш. Бид хамтын удирдлагын зарчмаар явж, дүрмийн өөрчлөлтийг хийнэ. Бид ажлын хэсэг гаргаж, ажиллаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ардчилсан намаас МоАХ-ны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд сохор зоос ч гаргаагүй. Улс төрийн намаас ангид төрийн бус байгууллага.
"Ц.ТУВААНД БАЙГАА ТАМГЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН"
Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:
-Ардчилсан нам гуравдугаар сард багтаж, ээлжит бус Их хурлаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын үндсэн дүрмийн 5.22 5.1. зүйлд зааснаар "Дотоод сонгуулийн хороо тухайн их хурлыг зохион байгуулна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сунгааг зарлаж байна гэх худал мэдээлэл тараасан. Ардчилсан намын тамгын шүүх хурал энэ сарын 16-нд болсон. Уг шүүх хурлаар Ц.Тувааны нэхэмжлэлтэй тамганы асуудал шийдэгдэж, хүчингүй болж С.Эрдэнэ гэдэг хүний тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан.
Гэтэл Ц.Тувааныг төлөөлсөн Дотоод сонгуулийн хорооны И.Мөнхжаргал гэх этгээдийн тэмдэглэл хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхийн тэмдэглэлд үлдсэн байгаа. Шүүх хурлаас хойш хэрэвзээ АН-ын дотоод сонгууль болон намын даргын сунгаа хүчин төгөлдөр бус тамга тэмдгээр явбал АН-ын дотоод асуудлаас хальж, эрүүгийн хариуцлага хүлээх болно. Тийм учраас үүгээр хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буй этгээдүүдэд анхааруулж, мэдэгдэл гаргасан.
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр:
-Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн С.Эрдэнэд олгосон Ардчилсан намыг хүчингүй болгох, мөн Ц.Туваанд хадгалагдаж байсан гэх тамгыг хүчингүй болгосон захиргааны актыг сэргээх маргаан жил гаруй хугацаанд шүүх дээр болсон. Энэ асуудал 2022 оны хоёрдугаар сарын 16-нд тамгыг олгосон болон хүчингүй болгосон захиргааны актуудыг түдгэлзүүлэх хүсэлтийг эцэслэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. Энэ хүрээнд Ц.Туваанд байгаа тамгыг ашиглах боломжгүй болсон ч гуравдугаар сарын 3-нд намын шинэ даргыг томилох Дотоод сонгуулийн хорооны сунгааг зарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Тийм учраас бид Авлигатай тэмцэх газар хандах эрхийг нээж өгсөн. Бид хүлээцтэй хандаж ирсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд өгсөн.
Холбоотой мэдээ