Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас захиалгаар хийлгүүлсэн судалгаа өчигдөр иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулсан. Тодруулбал, “Ямар арга хэмжээ авбал түгжрэл буурах вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 73 хувь нь ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол жолооч нар дуртай газраа машинаа орхиж явахгүй” гэж хариулжээ. Бүр 84 хувь нь 150 мянган төгрөг болгохыг дэмжсэн гэх. Харин одоо мөрдөж байгаа ачилтын 60 мянган төлбөрийг 13 хувь нь өндөр гэж үзжээ. Гэхдээ уг судалгаа олон нийтийг бүрэн хамарсан уу гэвэл үгүй. Тэр тусмаа үнийн өсөлт, эдийн засгийн хямралд "дарлуулж" буй иргэд ийм санал гаргасан гэдэг эргэлзээтэй.
Түгжрэлийн бууруулахын тулд нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байгаа ч үр дүн муутай байгаа. Энэ нь иргэдийн халаасыг хоосолж, ачилтын компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлсэн үү гэхээс гол асуудлаа шийдэх шийдэл болж чадсангүй. Харин ч иргэдийн эд хөрөнгийг эвдсэн, хүүхэд, хүнтэй нь цуг ачсан гэх гомдол шүүмжлэл тасардаггүй.
Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляцид дарлуулж буй иргэд дээрх судалгааг сонсоод хэсэгтээ паанигт орсноо ярьцгааж байна. Мөн судалгааг ямар компаниар хийлгэсэн, үнэн бодит эсэх дээр ч эргэлзэж эхлэв. Тэгвэл дээрх судалгааг MMCG байгууллага хийсэн бөгөөд зургаан дүүргийн нийт 2797 ирэнийг хамруулжээ. Үүнээс 73 хувь нь дэмжсэн гэвэл ердөө 2041 хүн олон нийтийг төлөөлсөн гэсэн үг.
Нийслэлд 18-64 насны 867 мянган хүн амьдардаг тул тэдний өмнөөс 2041 хүн нийслэлийн иргэдийг төлөөлөх боломжгүй.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 1, хувийн хэвшлийн 13 ачилтын компани ажиллаж байна. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэлийг журамладаг”бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин ачдаг аж. Ингэхдээ машин ачилтын хураамж бүрээс тодорхой хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг гэж иргэд буруу ойлгож ирсэн. Учир нь, ачилтын төлбөр ачилтын компанийн ашиг орлого болж үлддэг байна. Ямартай ч өнгөрсөн 2020 оноос ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн орлогоосоо 10 хувийг нь буюу зургаан мянгыг нь нийслэлд өгч байхаар яригдаж эхэлсэн. Дээрх саналуудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-нд хүргүүлсэн, судалгааны ажил хийгдэж байгаа аж.
Хэрэв ачилтын төлбөрийг 100-150 мянган төгрөгөөр нэмбэл нийслэлийн төсөвт орох мөнгө хоёр дахин өснө. Тэгэхээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэг бол иргэдээсээ илүү мөнгө авахыг хүссэн, эсвэл ачилтын компаниудын арга залинд оржээ гэж хардагдаж байгаа.
Олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэлээс болж нийслэлийн хэвлэлийн албанаас "Ачилтын төлбөр нэмэх нь иргэдээс ирсэн санал гэдгийг тодотгоод ачилтын төлбөрийг нэмэх шийдвэр батлагдаагүй" гэх мэдээллийг өгсөн. Харин Хотын дарга Д.Сумъяабазар "Түгжрэлийг бууруулах гашуун шийдвэрүүдийг удахгүй гаргана" гэж мэдэгдсэн. Тэгэхээр зэрэг өнөө маргаашгүй ачилтын үнэ нэмэгдвэл гайхах зүйлгүй болжээ.
Товчхондоо хотын удирдлагууд зогсоол барих ажлаа яаравчлаагүй байж нэгдүгээр эгнээ тагласан автомашиныг журамлах нь өнөөгийн Nodoublestandart болчхоод байна. Иргэд "Мөнгөтэйдээ нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьдаггүй. Энэ бол дээрэм" гэдгийг ч шүүмжилж байна. Нийслэлийн хэмжээнд 632 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцдог. Гэтэл нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч ойр орчмынх нь байгууллагын ажилчдын машин зогсоод л таарна. Сүүлчийн ганц арга нь хүссэн, хүсээгүй нэгдүгээр эгнээнд авто машинаа тавих.
“Олон нийтийн зогсоол 36.907, албан байгууллагын зогсоол 11.297, орон сууцны гаднах зогсоол 22.450 байгаа” гэх мэдээллийг албаныхан өгч байна. Байгууллагын зогсоол зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Харин орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүр ч хүндрэлтэй байдаг нь нууц биш. Үндсэндээ машин авч унаад зогсох газар ч алга. Зогсоолоо шийдвэрлэж чадахгүй байж алийн болгон ард иргэдээ айлгаж, дарамтлах гэсэн юм бэ. Тэр тусмаа ард түмний хүсэлтээр ачилтын мөнгийг нэмнэ гэдэг арай л ядарсан захиалгат үйлдэл биш үү.
Холбоотой мэдээ