Чамлахаар чанга атга буюу +1.4 хувь

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Чамлахаар чанга атга буюу +1.4 хувь

Чамлахаар чанга атга буюу +1.4 хувь

Үнэндээ 2021 онд эдийн засаг унах шалтгаан хангалттай олон байсан. Covid-19 цар тахлын хоёр ч томоохон давлагааг гэтэлгэж, бүх нийтийн хөл хорио, хил гаалийн гацаа саатал гээд хүндхэн сорилтууд олон байлаа. Оны эхний таван сарын хугацаанд бүрэн болон хэсэгчилсэн хөл хориотой, үлдсэн хугацаанд бизнесүүд тодорхой хэмжээнд хязгаарлалттайгаар ажиллав. Эрээний хил хаагдаж, импортоор авдаг түүхий, эд материалууд тасалдсан.

Мөн экспортын боомтууд дээр ч гацаа үүссэнээр нүүрсний экспорт 2021 онд өмнөх оноос 44.3 хувиар буурсан. Ийм нөхцөлд хэрвээ төр засгаас эдийн засгаа аврах, дэмжих бодлого хэрэгжүүлээгүй бол өнөөдөр монголчууд 1.4 хувийн эдийн засгийн өсөлтийг ч харж чадахааргүй байсан гэхэд болно. Мэдээж, эдийн засгийн өндөр өсөлттэй үеүдтэй харьцуулахад чамлалтай л тоо. Гэхдээ туулж өнгөрсөн хүнд хэцүү жилтэй харьцуулахад бас ч гэж чамлахаар чанга атгасан нь л дээр болов уу.

Өнгөрсөн хугацаанд төр засгаас эдийн засгийг тэтгэх бодлогын ямар арга хэмжээ авсан түүний үр дүн хэрхэн гарсныг эргэн сануулъя.

  • МӨНГӨНИЙ ЗӨӨЛӨН БОДЛОГО: Төв банк цар тахлын дотоодод тархах үед бодлогын хүүгээ 11-6 хувь болгоод, 2021 оны туршид түүхэн доод түвшинд хадгалсан. Суурь хүүг нам түвшинд хадгалснаар зээлийн хүү түүхэн доод түвшин 14.3 хувь болж буурав. Мөн банкны зээл 2020 онд 5 хувийн агшилттай байсан бол 2021 онд бодлогын нөлөөгөөр 21.3 хувиар өсчээ. Нийт 28 их наяд төгрөгийн зээл иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрсэн байдаг. Цар тахал, хөл хорионы улмаас “туйлдсан” эдийн засагт банкны систем ийнхүү “амь тариа”-г тасалдуулахгүйгээр залгуулсан нь бодлогын үр дүн юм.
  • ЗЭЭЛИЙН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ЭРГЭН ТӨЛӨЛТ ХОЙШЛУУЛАЛТ: Өрхийн хэрэглээг дэмжих зорилгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг цар тахлын үед хойшлуулах шийдвэр гарсан. Ингэснээр 2021 оны эцсийн байдлаар 152 мянга гаруй зээлдэгчийн 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ. Нэг зээлдэгч сард дунджаар 560 гаруй мянган төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн дарамтаас чөлөөлөгдсөн, тэр хэмжээгээр өрхийн хэрэглээ дэмжигдсэн. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн зээл хүндрэлд орж, чанаргүйдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бизнесийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөлт хийгдсэн тохиолдолд чанаргүй зээлийн ангилалд бүртгэхгүй байхаар зохицуулалт хийсэн нь ажил олгогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн чухал дэмжлэг болсон гэж дүгнэж болно.
  • РЕПО САНХҮҮЖИЛТ: Цар тахлын хүндрэлийн үед банкны системийн зээл олголтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тухайлсан салбарыг урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтээр дэмжих зорилгоор Монголбанкнаас репо санхүүжилтийг нэвтрүүлсэн. Энэ нь арилжааны банкуудын зээлийн хүүнээс хавьгүй бага (10% орчим), хугацаа урт (2 жил) тул бизнесийнхэнд ихээхэн боломжийг нээж өгсөн хэрэгсэл юм. Монголбанк урт хугацаат репо арилжаагаар 2021 онд нийтдээ 1 их наяд 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгож, банкууд цааш нь 3291 аж ахуйн нэгжид 796 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Уул уурхайн бус экспорт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбарыг ийнхүү дэмжиж, цар тахлын хүнд үед ажлын байрыг хадгалахад нөлөөлжээ.

Эдгээрээс гадна Засгийн газраас ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл, иргэдийн ус, цахилгааны төлбөрийг тэглэх, халамж тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг хэрэглээг дэмжих олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Нийт дүнгээр ДНБ-ийн 10 хувь давсан эдийн засгийг дэмжих багц нь хөгжиж буй орнууд дундаа өндөрт орох үзүүлэлт юм.

Хэрэв төсөв, мөнгөний бодлогын дэмжлэг байгаагүй бол эдийн засаг өсөлтгүй, ядуурал хурдтай өсч, олон компани, аж ахуйн нэгж үүд хаалгаа барих байсныг нурших нь илүүц биз. Гэхдээ 1.4 хувийн өсөлт нь эдийн засаг 2020 оны уналтаас дөнгөж сэргэж буй эхлэл тул эдийн засгийг цаашид ч дэмжих шаардлагатай хэвээр байгаа билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж