Олон улсын хөлбөмөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбоо нь Украин, Оросын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Тодруулбал, Орос-Украины хурцадмал байдлын улмаас тус хоёр улсад болох хөлбөмбөгийн хуваарьт тоглолтуудад сөрөг нөлөө учирч болзошгүй гэж эмээж байгаа аж.
Ирэх тавдугаар сарын 28-ны өдөр Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт Санкт-Петербург хотод болох хуваарьтай. Тэгвэл одоо үүсээд буй асуудлын улмаас энэхүү тоглолт өөр газар болох магадлалтай гэж олон хүн үзэж байна.
Харин Европын хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч “CNN”-д өгсөн мэдэгдэлдээ “2022 онд Санкт-Петербургт болох УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолтын тухайд УЕФА нөхцөл байдлыг байнга, анхааралтай ажиглаж байгаа. Шаардлагатай бол аливаа шийдвэрийг цаг тухайд нь гаргах болно. УЕФА-д одоогоор нэмэлт тайлбар өгөх зүйл алга" гэжээ.
Их Британийн гадаад хэргийн нарийн бичгийн дарга Лиз Трусс өчигдөр/2022.02.23/ “LBC” радиод өгсөн ярилцлагадаа, "Хэрэв Английн багууд УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарвал тэд Оросын эсрэг арга хэмжээ авч бойкотлох хэрэгтэй. Би Английн аль нэг багийг удирдаж байсан бол бойкотлох байсан. Путины хийж, хэрэгжүүлж буй бодлогыг харгалзан Санкт-Петербургт болох тэр тэмцээнд оролцохыг хүсэхгүй” хэмээн ярьжээ.
УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд нийтдээ 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд үүнээс Манчестер Сити, Манчестер Юнайтед, Челси, Ливерпүүл гэсэн дөрвөн Англи баг байна.
Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль ч тэмцээнд нь Украинаас баг шалгараагүй байгаа аж. Харин Оросоос Зенит болон Спартак Москва багууд Европа лигт өрсөлдөж байна.
Сүүлд гарсан мэдээллээр Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Украины Киев хотод болох хуваарьтай байсан УЕФА Залуучуудын лигийн хасагдах шатны Динамо Киев-Спортинг Лиссабон багуудын тоглолтыг хойшлуулжээ.
Мөн Орос Катар-2022 дэлхийн аваргын эрхийн төлөөх тоглолтоо нутаг дээрээ зохион байгуулна. Ирэх гуравдугаар сарын 24-ны өдөр Орос-Польшийн тоглолт Москва хотын ВТБ аренад болох хуваарьтай байгаа бол Украины шигшээ баг гуравдугаар сарын 29-ний өдөр Шотландад зочлон тоглох товтой байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос нөхцөл байдлыг ажиглаж байна гэх тайлбарыг өгчээ.
Саяхан Английн Манчестер Сити болон Украины шигшээ багийн тоглогч Александр Зинченко өөрийн инстаграм хуудаснаа “Соёл иргэншсэн дэлхий даяараа манай улсын нөхцөл байдалд санаа зовж байна. Би хойш сууж, чимээгүй байж чадахгүй нь. Энэ улсад би төрж, өссөн. Олон улсын тэмцээнд би энэ улсын өмсгөлтэй тоглож, эх орноо хамгаалдаг. Бид энэ улсыг хөгжүүлж, алдаршуулахыг хичээж байна. Энэ улсын хил хязгаар бүрэн бүтэн байх ёстой. Эх орон минь украинчуудынх. Үүнийг өөр хэн ч эзэмшиж чадахгүй. Бид бууж өгөхгүй. Украины яруу алдар бадартугай” гэжээ.
Холбоотой мэдээ