Хөгжлийн банкны дуулиан үргэлжилж байна. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн өчигдөр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаараа мэдээлэл хийв. Уг мэдээллээр "Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум чанаргүй, 543 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 131 тэрбум төгрөг хэвийн гэж үзэж байна. Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн" тухайгаа зарласан. Тэдний зүгээс хаврын чуулганаар ажлын хэсгээ өргөжүүлж, хяналтын түр хороо байгуулах саналаа УИХ-д дэвшүүлэхээр болсноо ч мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийнхэн өөрсдийгөө араа шүдгүй хэмэгээд шалгалт хийхэд “хүч” дутаж байгаагаа илэрхийлсэн. Тэд хянадаг, байцаадаг, мөрддөг эрх мэдэлтэй болохыг хүсч байгаагаа ч нуугаагүй юм. Ингээд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхний буюу Хянан шалгах хороо болох сонирхолтой яваа гишүүдийн CV-г хүргэе.
Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр
-2016 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж буй. 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер механикч мэргэжлээр төгссөн. 1980 оноос ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр орж ажлын гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш төрийн шат шатны байгууллагад 40 жил ажилласан. Боловсролын хувьд 1991 онд Москва хот нийгэм-улс төрийн дээд сургууль ОХУ-д эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд МУИС-ийн эрх зүйч мэргэжлээр, 2008 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Б.Баттөмөрийг тус ажлын хэсгийг ахалж байгаад олон хүн эргэлзэж буй. Тухайлбал, Хөгжлийн банктай хамааралтай байж болзошгүй хэмээн хэвлэлээр мэдээлж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч “Бэрэн” группийн охин компани гэгддэг “Хөх ган” компанийн хувьцааг тэрбээр эзэмшдэг гэж мэдүүлжээ. Иймээс түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь оргүй хоосон биш бололтой.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
-УИХ-ын гишүүн С.Чинзоригийн боловсролын байдлыг танилцуулъя. 1986 онд МУИС-ийн эдийн засагч, 2005 онд Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Ажлын гараагаа Өвөрхангай аймгийн ИТХ-аас эхэлж, аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын хорооны даргын албан тушаалыг хашиж байсан. 2000 оноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ерөнхий менежер, Хөдөлмөрийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. 2008,2012 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон удаатай. Ийнхүү 2016 оноос эхлэн гишүүнээр ажиллаж байна. ЖДҮ-ийн дуулианаар түүний нэр яригдаж байсан ч тэрбээр үүнийг үгүйсгэж байжээ. Хамгийн сүүлд “Богд Зонхова” хөшөөг нэгэнт эхэлчихсэн бол бүтээн байгуулалтыг нь дуусгах нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлж байсан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
-УИХ-д суугаа сөрөг хүчний төлөөлөл тэрбээр 2016 оноос Ховд аймгаас УИХ-д сонгогдсон. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд Гадаад харилцааны ажилтан, багш орчуулагч мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн Цагаан нуур сумаас эхлүүлсэн. Улаанбаатар хотын гаалийн байцаагч, Гадаадын иргэн харьяат эрхлэх газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. 2006 оноос эхлүүлэн АН-ын гишүүн, Ховд аймаг дахь АН-ын дарга хийж байсан. 2016 оноос эхлүүлэн АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр хуурамч шатахууны асуудал, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг УИХ-д асуудал болгон дэвшүүлсээр ирсэн.
Тэрбээр Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн гишүүнд багтаж, Хяналтын түр хороо байгуулах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа. Хөгжлийн банкинд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна. Дээрээс нь аж ахуйн нэгжийн нууц тул данс гүйлгээ рүү орж болохгүй” гэсэн юм.
УИХ-ийн гишүүн Б.Бат-Эрдэнэ
-Б.Бат-Эрдэнэ аварга нэрээр алдаршсан УИХ-д өдгөө дөрөв дахь удаагаа гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Түүний боловсролын байдлыг дурдвал 1985-1990 НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд дээд боловсрол эзэмшсэн, 1998-2000 МУИС-ийн ХЗДС-ийн Хууль зүйн шинжлэх ухааны магистр, 2000-2003 МУИС-ийн ХЗДС-ийн Хууль зүйн шинжлэх ухааны Доктор, Эрдмийн зэрэг- Хууль зүйн шинжлэх ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр УИХ-ын Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажилладаг. Саяхан УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлуулахад гар бие оролцон ажилласан. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг тэрбээр хатуу байр суурьтай байгаа. Тухайлбал, өчигдрийн мэдээлэлд “Арилжааны банкууд зургаан шаардлага тавьдаг байхад Хөгжлийн банк гуравхан шаардлагыг нь хэрэгжүүлээд бусдыг нь хэрэгжүүлэхгүй явж ирсэн. Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал. Хэрэгжиж байгаа төсөл бүрийг газар дээр нь очиж нягталж шалгах хэрэгтэй. Анхан шатных нь баримтыг зээлдэгч тус бүр дээр очиж нягталж шалгах ёстой. Тэгэхгүйгээр одоо байгаа баримт, шалгалтын дүн дээр нь ажлын хэсгийн дүгнэлт гарна гэвэл хөнгөн хуумгай зүйл болно гэх байр суурьтай байгаа” гэж байв.
УИХ-ийн гишүүн Ц.Даваасүрэн:
-УИХ-д туршлагатай гишүүдийн нэгд тооцогдох УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн боловсролын зэргийг танилцуулъя. 1989 онд ЗХУ-ын Харьков хот Политехникийн дээд сургууль бакалавр, 1995 Улаанбаатар Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагын менежер магистр, 1998 Япон улсын Сайтомогийн их сургууль магистрын зэрэгтэй.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Хөгжлийн банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад чанаргүй зээлээ төлсөн байгаа юм. Зориулалтын бусаар зарцуулсан хүмүүс ч бий. Газар дээр нь очиж шалгах хэрэгтэй байгаа тул цаг хугацаа их шаардаж байна. Арав хоногийн дотор шалгана гэвэл сийрүүлж бичих болно. Улс төрийн өндөр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил гаргаж уу гэдгийг тогтооно. Нөлөөлөл үзүүлэлгүйгээр тодорхой хэмжээний зээлийг хамаарал бүхий этгээд нь аваад зориулалтын дагуу ашиглаж уу гэдгийг хянах хэрэгтэй.