Шатахуун, хэрэглээний үнийн өсөлтийг иргэд гүйцэхгүй нь

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Шатахуун, хэрэглээний үнийн өсөлтийг иргэд гүйцэхгүй нь

Шатахуун, хэрэглээний үнийн өсөлтийг иргэд гүйцэхгүй нь

Засгийн газар цар тахлын үед айл өрхүүдийн ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж, шатахууны үнийг ч барьж байв. Монголчуудын хэрэглээний 80 гаруй хувийг эзэлдэг АИ-92 авто бензинийг шатахуун түгээх станцууд литр тутамдаа 1450 төгрөгөөр борлуулж байсан бол өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нэмэгдсээр 2290 төгрөгөөр борлуулж буй. Цаашид ч шатахууны үнэ дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр шатахууны үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр хэлэхдээ  "Газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хоёрдугаар сарын импортын хил үнэ нэмэгдэж ирсэн. Тодруулбал А-80, Аи-92, Аи-95, Аи-98 төрлийн автобензиний 2022 оны хоёрдугаар сарын импортын хил үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 86 ам.доллараар өсч, А-80 автобензин 803 ам.доллар/тн, Аи-92 автобензин 833 ам.доллар/тн, Аи-95 автобензин 903 ам.доллар/тн, Аи-98 автобензин 953 ам.доллар/тн болсон бол дизель түлшний хил үнэ 94 ам.доллараар өсч, 799 ам.доллар/тн болсон.

Хил үнийн өсөлттэй холбоотойгоор хоёрдугаар сард шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдалд хүрсэн. Ерөнхийдөө Монголын дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ импортын үнэтэй уялдаатай, хамааралтай.

Гадаад зах зээлийн дээрх газрын тосны үнийн өсөлтийг дагаад ОХУ-аас нийлүүлж буй импортын үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ нэмэгдсээр ирсэн " гэв.

Шатахууны үнэ өсөхтэй зэрэгцэн такси, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нэмэгдэж, инфляцид савлагаа үүсэх эрсдэл бий.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ ХҮЧЭЭР БАРИХ ХАТУУ БОДЛОГО ИНФЛЯЦИЙН ШОК ҮҮСГЭЛЭЭ

Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН: 

-Зах зээлд суурь үнэ тодорхойлдог бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орвол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Жишээ нь, суурь үнэд шатахуун, мах, гурил зэрэг багтаж болно. Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой бусад бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх суурь нь болж байна. Шатахууны үнэд өөрчлөлт орохын хэрээр инфляцид савлагаа үүснэ. Өнөөдөр инфляци 14.6 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт. Энэ тоо цаашид өсвөл өрхийн амьжиргааны чанарт шууд нөлөөлнө.

Инфляци нэмэгдэж, савлагаа үүсэх нь иргэдийн орлого амьжиргаанд хүрэлцэхгүй сөрөг тал ажиглагдаж байна. Иймд үнийн уян хатан бодлого барих аль эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Мөн валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг төрөөс барьж, үнийн хатуу бодлого барьсан нь нийгэмд шок болохуйц үнийн огцом савлагаа үүсгэж байгаа юм. Хэрэв алхам алхмаар жигнэсэн байдлаар шатахууны үнэ нэмэгдсэн бол үүнтэй уялдан инфляцийн өсөлт тогтвортой байх байлаа гэлээ.

ШАТАХУУНЫ ҮНЭ 2400 ТӨГРӨГТ ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Цаашид мөн шатахууны  үнэ өсч болзошгүй гэдгийг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/мэдээлж байгаа юм.  Шатахууны үнэ өсөхийн хэрээр инфляци савлаж, иргэдийн орлого нэмэгдэхгүй, эсрэгээрээ хэрэглээ хумигдаж амьжиргаанд хүрэлцэхгүйд хүрсэн. Энэ талаар ҮСХ-ны  үнийн хэлтсийн статистикч Д.Батсүх хэлэхдээ “Шатахууны үнийн өсөлт инфляцид 18.4 хувиар нөлөөлж байна.  Ерөнхийдөө шатахууны үнийн өсөлт инфляцид нөлөөлж байгаа нь А-80, А-92, дизель түлш гэсэн гурван бүтээгдэхүүний нэмэгдэлтэй холбоотой. Шатахууны жилийн өсөлтийг авч үзвэл өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар нэмэгдсэн.

Тухайлбал, А-92 авто бензин 1490-2290 төгрөг болж нэмэгдсэн нь 55.1 хувиар өссөн үзүүлэлт.  Мөн А-80 авто бензин 56 хувь, дизелийн түлш 40 орчим хувиар тус тус нэмэгдсэн. Энэ өсөлт нь инфляцын 20 орчим хувийг бүрдүүлж байна. Шатахууны үнэ сард 50-100 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа нь сүүлийн саруудад ажиглагдаж байна.

Зах зээлийн үнэ 2400 төгрөгт хүрснээр шатахуун импортлогчид алдагдалгүй болно гэж яригдаж байна. Иймд шатахууны үнэ 2400 хүртэл нэмэгдэх болов уу гэж бид харж байна. Гэхдээ газрын тосны үнэ, ОХУ, Украины асуудлаас үүдэн шатахууны үнийн асуудал, нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй.  Хамгийн гол нь, шатахууны үнийн өсөлтийн дарамт нь иргэдэд очдог. Цалингийн өсөлт нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байна” гэлээ.

ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨР ӨРХИЙН ОРЛОГЫН 50-60 ХУВИЙГ ЭЗЭЛСЭН ЗАРДАЛ БОЛНО

Шатахууны үнээс инфляцид нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь цахилгаан дулааны төлбөр. Тухайлбал, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-ээс усны үнэ нэмэгдэж орон сууцны 1 литр цэвэр усны үнэ 36 мөнгөөр нэмэгдэж 1 төгрөг 7 мөнгө, бохир ус 29 мөнгөөр нэмэгдэж 87 мөнгө болжээ. Харин аж ахуй нэгж байгууллагын цэвэр ус 69 мөнгөөр нэмэгдэж 2 төгрөг 7 мөнгө, бохир ус 60 мөнгөөр нэмэгдэж, 1 төгрөг 80 мөнгөний үнэтэй болсон. Мөн худгийн ус 91 мөнгөөр нэмэгдэж 1 төгрөг 82 мөнгө болсон.

Харин дулаан цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос өмнө нь мэдээлж байв. Гэвч энэ оны нэгдүгээр сараас эхлэн айл өрхүүд ус, хог зэрэг зарим төлбөрөө төлж эхэлсэн нь шатахууны үнийн өсөлттэй адил хүндхэн тусч байгааг үгүйсгэх аргагүй. Ялангуяа залуу гэр бүлд эдийн засгийн хямрал хүндээр тусахыг  эдийн засагч Ч.Наранчимэг хэлсэн. Тэрбээр “Өрхийн орлого гэхээс илүү амьжиргааны түвшин нэлээд буурч байна. Ялангуяа залуу гэр бүлийн хувьд хүнд тусч байна. Ус болон цахилгаан дулааны төлбөр нь өрхийн орлогын 50-60 хувийг эзэлсэн зардал болно. Тэгэхээр маш хүчтэй цохилт болох болов уу. Ерөнхийдөө худалдан авах чадвар буурч байгаа нь өрхийн амьжиргааны түвшин буурч  байна гэсэн үг. Ялангуяа бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, инфляцын өсөлт нь орлого буурах шалтгаан болж байна. Энэ бүх эрсдэлийг төр урьдчилан харж, бодлогоор тодорхой зохицуулалт хийх байсан” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж