Хичээл сургууль танхимаар эхэлж, ажил ихтэй, завгүй эцэг эхчүүдийн дунд өдөр өнжүүлэх багагүй эрэлттэй байна. Хүүхдийг нь сургуулиас авч, хүргэж өгч, хичээлийг нь хийлгэж, харж өгөх зэргээр цогц үйлчилгээ үзүүлдэг тул эрэлтээ дагаад үнэ нь ч өсч, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэхүүд ч олширсон бололтой.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 онд хийсэн судалгаагаар өдөр өнжүүлэх төвийн дундаж төлбөр 165 мянган төгрөг байсан бол өдгөө хотын захын өдөр өнжүүлэхийн сарын төлбөр дунджаар 200 мянган төгрөг болжээ.
2019 онд өдөр өнжүүлэхийн сарын төлбөр хамгийн багадаа 20 мянган төгрөг байсан бол хамгийн өндөр нь 400 мянган төгрөг байв.
- Бэлхийн эцсийн автобусны буудлын хажууд байрлах “Сайхан аа” өдөр өнжүүлэхийн сарын төлбөр 200 мянган төгрөг. Ангийн дүүргэлт нь 20. Энэ төлбөрт өдрийн хоол, цай, хичээлийн хоцрогдол арилгах, гэрийн даалгавар хийлгэх зэрэг бүгд багтжээ.
- Дөлгөөннуурын ард Алтайн гудамжинд байрлах “Номин” өдөр өнжүүлэхийн сарын төлбөр 220 мянган төгрөг. Ангийн дүүргэлт нь 16. Одоогоор хүүхэд нэмж бүртгэхгүй бөгөөд гуравдугаар сарын 10-наас л зөвхөн дөрөвдүгээр сургуулийн хүүхэд нэмнэ гэлээ. Үнэд нь мөн бүх үйлчилгээ багтсан.
- Хотын урд хэсэгт “Санто” хотхонд байрлах “Santo after school” өдөр өнжүүлэхийн сарын төлбөр 450 мянган төгрөг. Нэмээд хүргэлт 5 мянган төгрөг. Үнэд нь мөн бүхий л үйлчилгээ багтсан.
Үнэ нэмэгдсэнээс гадна мөн асуудалтай, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг төвүүд дүүргийн хэмжээнд ганц нэгээр тогтдоггүй бололтой.
Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн хажууханд байрлах хоёр ч өдөр өнжүүлэх гаднаа хаяггүй ч тэр хавийн оршин суугчид хаана, хэн ажиллуулдаг болохыг нь мэддэг аж. Хуучны угсармал байрны дөрөвдүгээрт давхарт байх өдөр өнжүүлэхийг нэгэн дунд сургуулийн багш ажиллуулдаг гэнэ. Эцэг эхчүүдийн хэлснээр тэрбээр зөвхөн ангийнхаа хүүхдүүдийг төвдөө авдаг гэв. Харин багштай утсаар ярихад “Манай үйл ажиллагаа хараахан жигдрээгүй байгаа. Цөөхөн хүүхэд авсан. Одоо 17:00 цагаас хүүхдүүдийн хичээл тарах учир би авахаар явж байна” гэх хариултыг өгсөн.
Тэгвэл тус төвийн яг замынх нь эсрэг талд байрлах өдөр өнжүүлэхийг тэтгэвэртээ гарсан багш нээжээ. Хуучин оффисыг засч, тохижуулсан энэ газрын үүдээр ороход сурагчийн цэнхэр формыг нямбай гэгч нь өлгүүрт өлгөж, хэдэн гутлыг нь зэрэгцүүлсэн байх. Тус өнжүүлэхийн багш өөрийн тав, найзынхаа хоёр ач, зээг өдрийн цагаар хардаг гэдгээ учирлаж, өдөр өнжүүлэх гэхэд учир дутагдалтай гэв. Багш "Манайх өдөр өнжүүлэх биш ээ. Би боловсролын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Одоо үр хүүхэд, найз нөхдийнхөө ач зээг өдрийн цагаар хардаг юм. Хүүхэд орж гараад байхаар энэ хавийнхан өдөр өнжүүлэх гэж ойлгодог юм шиг байна. Манайх гадна өдөр өнжүүлэх гэж бичээгүй байгаа биз дээ" гэлээ.
Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг хоёр ч өдөр өнжүүлэхэд асуудалтай зүйлс ажиглагдсан. 16 дугаар сургуулийн урд байрлах орон сууцны нэгдүгээр давхарт байрлах “Буратиногийн найзууд” өдөр өнжүүлэх төв хөл хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй байх аж. Гэвч эрхлэгч нь байхгүй учир мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн хажуухан дахь өдөр өнжүүлэхэд багш ч алга байв. “Өдөр өнжүүлэх” гэх бичигтэй модон хаалгаар шагайвал нэг, хоёрдугаар ангийн бололтой гурван хүүхэд тоглож байх. Тэднээс багш нь хаачсаныг тодруулбал “Сая хүүхэд сургуулиас нь авахаар гарсан” гэлээ. Багшгүй, харах хүнгүй хүүхдүүдэд ямар ч эрсдэл учирч болно. Угтаа эцэг эхчүүд нь хүүхдээ эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалж, өдөр өнжүүлэхэд өгч байгаа шүү дээ.
Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг 2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд баталсан аж. Үүний дагуу Сүхбаатар дүүрэг дээр өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх шаардлагад нийцэж байгаа эсэх талаар урьдчилсан хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах ажлын хэсэг 2021 онд байгуулагджээ. Энэ ажлын хэсгийн гишүүн нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ган-Эрдэнэтэй ярилцав.
Тэрбээр “Өдөр өнжүүлэх үйлчилгээнүүд ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг тул манай дүүрэгт хэдэн өдөр өнжүүлэх ажилладаг вэ гэсэн судалгаа явуулахад ес байсан. Ингээд шинэчилсэн журмынхаа дагуу тус төвүүдийг хүсэлтээ өгөхийг шаардсан. Хэрэв шаардлагад нийцвэл зөвшөөрөл өгнө гэсэн. Одоогоор хоёр байгууллага материалаа бүрдүүлэн өгч манай ажлын хэсэг нэг дээр нь очиж, шалгалт хийхэд шаардлага хангаагүй учир зөвшөөрөл олгоогүй. Зөвшөөрөл аваагүй төв үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэв. Зөвшөөрөл олгох нь нээлттэй ч өдөр өнжүүлэх төвүүд материалаа бэлдэж, өгөх нь удаашралттай байгаа аж.
Ажлын хэсэг бидний орсон “Буратиногийн найзууд” төвд хяналт шалгалт хийсэн ч тус төв тэнцээгүй аж. Гэтэл тус төв үйл ажиллагаагаа хэвийн явуулж байв. Албаны хүн нь зөвшөөрөлгүй ажиллаж болохгүй гэсэн ч тэд тоосонгүй. Энэ мэт зөвшөөрөлгүй, өөрсдийгөө өдөр өнжүүлэх төв гэж ил, далд зарласан, асуудалтай газрууд олон байгаа нь лавтай. Төрийн байгууллагууд ч тэдний алдаа дутагдлыг засч залруулах талаас нь эртнээс дорвитой хөдлөөсэй.
Холбоотой мэдээ