Л.Оюун-Эрдэнийн хүсэл, экспортын төмөр зам, эдийн засгийн хүлээлт

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн хүсэл, экспортын төмөр зам, эдийн засгийн хүлээлт

Л.Оюун-Эрдэнийн хүсэл, экспортын төмөр зам, эдийн засгийн хүлээлт

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлсэн үгэндээ эзэн болж чадах үгүйг харахад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард “Монголын төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзахдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын хөдөлгөөнийг ирэх гуравдугаар сарын 15-нд нээх үүрэг өгч, эс чадваас сайдын албан тушаалаасаа огцрохоо амалсан. Тэгэхээр энэ өдөр Л.Халтар сайд тууз хайчлах, эс бөгөөс албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх байх. Ам алдвал барьж болдоггүй.

Тэгвэл Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг ирэх долдугаар сарын 1-нд нээхээ Засгийн газар жилийн өмнөөс зарлаж, саяхан Бээжингийн олимпиор урд хөршид айлчлахдаа Хятадын төмөр замтай холбох цэгээ тохироод ирснээ Ерөнхий сайд өөрийн амаараа дуулгасан билээ. Тэгэхээр энэ жилдээ багтан Монгол Улс ямар ч байсан урагшаагаа экспортын хоёр  шинэ гарцтай болох бололтой. Угаасаа ч гарц, үүдний тоог нэмэхгүйгээр эдийн засаг тэлэх, сэргэх боломжгүйг “та ч харлаа, би ч харлаа” гэгч болж байгаа.  Харин өргөн биш нарийн царигтай төмөр зам тавьсан бол эдийн засагт илүү их мөнгө орж ирэх байв. Учир нь, Монголын экспортын гол худалдан авагч хойно биш урдаа.

Урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам тавина гэдэг хамгийн боломжит хувилбар байсан. Даанч, гал тэрэг хэдийнэ хөдөлсөн, төмөр зам нь бараг баригдаад дуусч байна.

Араас нь барихаар төлөвлөсөн, 2010 онд УИХ-аас баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжих дөрвөн том төсөл бийн нэг нь Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн хөндлөн төмөр зам. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050” болон Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүтээн байгуулалтуудын нэг.

Засгийн газрын 28 дугаар тогтоолд уг төмөр замын төслийг  шууд концессын гэрээгээр барихаар заасан. Гэрээг  нь Төрийн худалдан авах ажиллагааны газар хариуцаж буй агаад ажлын хэсгийнхний боловсруулсан саналын урилгыг хоёр компанид өчигдөрхөн хүргүүлсэн гэх шинэ мэдээ саарал ордноос дуулдаж байна. Хэрэвзээ гэрээгээ байгуулчих юм бол ирэх гуравдугаар сарын эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэнэ.

Мөн Ханги-Мандал боомтод хил дамнасан дүүжин чингэлэг тээврийн зам талбай барих эсвэл төмөр замын боомт байгуулах асуудлыг 2022 оны эхний хагаст багтаан Хятадын талтай тохиролцохоор болжээ.

Зүүнбаян-Ханги мандал, Чойбалсан хот-Хөөт Бичигт буюу зүүн босоо чиглэлийн 237 км төмөр зам, Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн, баруун босоо чиглэлийн 1280 км төмөр зам, Рашаант өртөө-Богд хаан төмөр замыг барихар нийтдээ 600-700 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэх тооцоог өнгөрсөн онд Засгийн газар гаргасан байдаг. Л.Халтар сайд ОХУ, Японоос зээл авч уг төмөр замуудын төслийг санхүүжүүлэх талаар ч өмнө нь дуулгаж байв. Тиймээс Засгийн газар 2021 оны долдугаар сард тогтоол гаргаж,  Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал,  хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) төмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн-Жининь-Хөт хот-Бугат /1722 км/ гэх тээвэрлэлтийн маршрут Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404 км/ болж багасч байгаа аж. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километрээр богиносч, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах юм байна. Ханги мандалын төмөр зам бол Бугат руу гарах хамгийн дөт гарц. Эдийн засгийн хувьд Монголд өндөр ашигтай, тэгэхээр энэхүү бүтээн байгуулалтыг эсэргүүцэх "эх оронч" гарахгүй байлгүй дээ. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ, том бүтээн байгуулалтуудыг эсэргүүцэж буйн ард Монголын улстөрчдийн жижиг эрх ашиг, харин гадаадын улс орнуудын том ашиг сонирхол явж байдаг хойно.

Бугат нь Өвөрмонголын аж үйлдвэржсэн хамгийн том хот. Төсөл хэрэгжсэнээр ажлын байр гэхэд мянгаар нэмэгдэнэ гэх. Гол нь хөндлөн төмөр замыг дагаад хүнд үйлдвэрлэл сэргэх хүлээлт бий.

Жишээ нь, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Цагаан цавын гүний усны нөөцийн бассейнаас Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэх.  Эрдэс баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолох тухай монголчууд мөн ч олон жил ярьж, мөрөөдөж яваа. Сайншандын аж үйлдвэрийн парк гээд шавийг тавьсан ч, цааснаас цаашлаагүй, ТЭЗҮ нэрээр Чингис бондоос 14 сая ам.доллар авсан төсөл байна.

Өнгөрсөн намар “Транзит Монгол” болно гээд Ерөнхийлөгч нь НҮБ-ын индэр дээрээс зарлачихсан. Уг нь Европ, Азийг холбосон хамгийн дөт зам бол Монгол. Даанч, дотоодын улс төрөө даалгүй төмөр замын төслүүд нь унаж, юун транзит манатай. Үүнээс нь болоод Монгол Улс  арван жилийн боломжоо алдчихсан. Одоо бүгдээрээ амаа барьж байна. Цэрэг танкны үлгэрт энэ хүртэл итгэсэн дээ. Эрээнийг хаах төдийд хувь, хувьсгалгүй хамраараа газар “шаах” нь холгүй байгаа болохоор.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж