Сайн байна уу, дэлхий? 6 хэлээр мэндчилж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Сайн байна уу, дэлхий? 6 хэлээр мэндчилж байна

Сайн байна уу, дэлхий? 6 хэлээр мэндчилж байна

НЬЮС АГЕНТЛАГ энэ удаагийн ХҮМҮҮС буландаа зургаан хэлээр мэдээ нэвтрүүлж, дэлхий дахинд алдаршаад буй сэтгүүлч Филип Краутерыг онцолж байна. 


ОХУ-аас Украин руу цэрэг илгээж, дэлхийн III дайн Европ тивд дэгдэж магадгүй эгзэгтэй нөхцөл байдал олны анхааралд байгаагийн хажуугаар энэ тухай мэдээллийг зургаан хэлээр сурвалжлан хүргэсэн сэтгүүлч үүнээс дутахгүй анхаарал татлаа. Орос, Украины сөргөлдөөний асуудлаар мэдээлэл хүргэхдээ зургаан хэлээр ярьж үзэгчдийг алмайруулсан сэтгүүлчийг Филип Краутер гэдэг. Түүний аав нь англи, ээж нь герман үндэстэн бөгөөд өөрөө Люксембургт 1981 онд төрсөн. Люксембург улс нь люксембург хэлнээс гадна франц, герман хэлийг албан ёсны хэлээ болгосон. Тиймээс тус улсын иргэдийн дийлэнх нь люксембург, франц, герман, англи гэсэн дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ. Филип ч мөн бусдын адил дээрх дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байв.

Тэрбээр Люксембургийн Афинаум ахлах сургуулийг дүүргэсэн. Хүүхэд ахуйдаа испани хөл бөмбөгт маш их дуртай байсан учир 14 наснаасаа сонирхолдоо хөтлөгдөн испани хэл сурч эхэлжээ. Ахлах сургуулиа төгсөөд нэг жилийн завсарлага авах үеэрээ Испанийн Барселон хот руу явсан бөгөөд тэнд байхдаа ойр зуурын хэрэглээний каталан хэл сурсан байна. Дараа нь Лондонгийн Кингс коллежид Испани судлалын чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Энд суралцаж байх үедээ португал хэл сурчээ. Ингэж Филип  люксембург, франц, герман, англи, каталан, португал гэсэн зургаан хэлийг эзэмшсэн байна.

Түүний хувийн амьдралыг сонирхвол эцэг эх нь Люксембургт, эгч нь Германд амьдардаг. Мөн нэг охинтой. Филипийн аав нь Их Британийн иргэншилтэй байсан боловч 2019 онд “Брексит"ийн асуудалтай холбоотойгоор иргэншлээ сольж, Люксембургийн иргэн болсон. Их Британийн Европын холбооноос гарах үйл явцыг “Брексит” гэж нэрлэдэг.

Тэрбээр олон нийтийн сүлжээнд анх танигдаж эхэлсэн нь 2021 оны нэгдүгээр сар юм. Тухайн үед АНУ-ын Капитолын үймээнийг зургаан хэлээр мэдээлсэн нь цахим орчинд тавигджээ. Сонирхуулж хэлэхэд, “WGN”-ийн сэтгүүлч Майк Лув тэр бичлэгийг үзээд мөн адил зургаан хэлээр мэдээ танилцуулах уриалгад нэгдэж байсан.

Филип нь Лондонд сургуулиа төгсөөд Парис дахь “France24” хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээний хөтлөгч, Цагаан ордны сурвалжлагчаар ажиллаж байсан. 2013 оноос Вашингтоны 100.7 радиод, 2019 оноос хойш “Associated Press” агентлагт олон улсын сурвалжлагчаар ажиллаж байна. Мөн Цагаан ордны сурвалжлагчдын холбооны гишүүн юм. “France24”-ийн шугамаар Гана, Ангол, Өмнөд Африк, Герман, Их Британи, Ливи дэх хувьсгалын талаар мэдээлж байсан.

Киевээс мэдээлсэн өчигдөр оройны /2022.02.22/ сурвалжлага нь 3.8 сая гаруй үзэлттэй, 43 мянга гаруй лайктай, 7000 удаа дахин жиргэсэн, 3700 иш татсан жиргээтэй байна. Цахим сүлжээнд үзэгчдийн сэтгэгдэл мянга мянгаараа хөвөрсөн ба сонирхолтой сэтгэгдлүүдээс хуваалцья.

“Хэрэв би түүний оронд байсан бол үлдээч гэж гуйхыг нь харахын тулд зургаан сар тутамд цалингаа нэмүүлэх байсан”, “Энэ залуу зургаан хэлээр ярьж байхад би энд Люксембургиш гэж үг байдгийг сураад байж байна”, “Олон хэлээр ярьдаг хүмүүсийг би маш их хүндэлдэг. Гэтэл бүр зургаа шүү дээ, би ийм зүйл амьдралдаа харж байсангүй”, “Төрөлх хэлээрээ ч олигтой ярьж чаддаггүй миний хувьд энэ үнэхээр гайхамшигтай байлаа” гэх зэргээр сэтгэгдэлээ  бичжээ. Түүгээр ч зогсохгүй ажлын санал, гэрлэх санал тавьсан сэтгэгдэлүүд хүртэл харагдсан байна.

Түүний инстаграм хуудас 22.4 мянган дагагчтай. Инстаграмдаа цаг үеийн мэдээллийн чанартай зургууд ихэвчлэн хуваалцдаг бөгөөд 2021 оны шилдэг есөн сурвалжлагаа хуваалцжээ. Үүнд олимпийн наадам, капитолын үймээн, Оскар, вакцины гуравдугаар тун зэрэг сурвалжлага багтсан байна.

Эх сурвалж: WIKIPEDIA, METRO.CO.UK, INDEPENDENT, INSTAGRAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж