Хайр дуулахаас илүү үзэл санааг дуундаа шингээхийг зорьдог

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Хайр дуулахаас илүү үзэл санааг дуундаа шингээхийг зорьдог

Хайр дуулахаас илүү үзэл санааг дуундаа шингээхийг зорьдог

Монголын амьд хөгжмийн ертөнцөд залуу хамтлагууд хүч түрэн орж ирж байна. Шинээр мэндэлж буй хамтлагууд сонсогчдод хөгжмийн шинэ урсгалыг мэдрүүлэхийг хичээж буй. Байгуулагдаад гурван жил болж буй залуу хамтлаг “Teresa in the moon”  ирэх гуравдугаар сард анхны бие даасан тоглолтоо зохион байгуулаx аж. Хамтлагийнхантай анхны тоглолт болон цаашдын уран бүтээлийх нь талаар ярилцлаа.


-Анх 2015 онд “Ivy in my mind” гэх нэртэй тоглодог байсан гэсэн. Одоо “Teresa in the moon” гэж нэрээ сольсон. Яагаад нэрээ солих болсон бэ?

Хамтлагийн ахлагч М.Очир:

-Хамгийн анх “Ivy in my mind” гэдэг нэртэй хамтлаг үеэлтэйгээ хамтарч байгуулж байсан. Тухайн үед хамтлагтаа шинэ хөгжимчин авах гэсэн олдоогүй. 2019 онд хамтлаг шиг хамтлаг болъё гэж шийдээд одоогийн бүрэлдэхүүнээ цуглуулсан. “Teresa in the moon” гэж нэрлэх болсон шалтгаан нь 1972 онд саран дээр хамгийн сүүлд очсон “Apollo 17” хөлгийн командлагч Южин Сернан сарны гадаргуу дээр өөрийн охины нэрийг "TDC" товчлон бичсэн. Бүтэн нэрийг нь Тереза Даун Сернан гэдэг. Сар салхи, агаар мандалгүй учир түүний охины нэр тэнд үүрд дурсгал болон үлдсэн байдаг. Энэхүү түүхээс сэдэвлэн хамтлагаа “Teresa in the moon”  хэмээн нэрлэсэн.

-Нэрнээс гадна тоглодог хөгжмийн урсгалаа өөрчилсөн үү?      

Хамтлагийн ахлагч М.Очир:

-Мэдээж, өөрчилсөн. Өмнө нь “Dream Pop” урсгалаар тоглодог байсан. Гэхдээ дууны аяз хэмнэлийн хувьд зөөлхөн байсан. Одоо манай хамтлаг ихэнхдээ “Post-Punk”, “Dream Pop”, “New Wave” гэх урсгалуудаар тоглодог. 1980-аад оны өнгө аяс түлхүү сонсогддог гэж хэлж болно.

-Хамтлагийн зарим гишүүд дунд сургуульд ажилладаг гэж сонссон. Ер нь хамтгийнхаа гишүүдийг товч танилцуулбал?

Хамтлагийн бөмбөрчин Б.Үнэнгэрэл:

-Би 111-р сургуульд сэтгэлзүйчээр ажилдаг. Мөн манай хамтлагийн ахлагч М.Очир 133-р сургуулийн сэтгэлзүйч. Бид хоёр Хүмүүнлэгийн ухаан их сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн. Аргил гитарчин Б.Саран банк санхүүгийн чиглэлээр төгссөн мөн англи хэлний орчуулагч мэргэжилтэй.  Synthesizer Д.Мөнх-Оргил программын инженер мэргэжлээр энэ хавар төгсөнө. Манай хамтлагт мэргэжлийн хөгжимчин байхгүй.

-Удахгүй анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар яриа дэлгээч?

Хамтлагийн ахлагч М.Очир:

-Манай хамтлаг 12 дуутай “Amygdala” хэмээх цомгийг энэ жил дээ багтаж дуусгахыг зорьж байна. Анхны тоглолтоо “Amygdala” цомгоороо хийнэ. Энэхүү тоглолт нь цомгийн нээлт, баярын тоглолт биш “Amygdala” цомгийг гарахад тус болох хандив маягийн тоглолт юм.

-Amygdala ямар утга санааг илэрхийлсэн үг юм бэ?

Хамтлагийн ахлагч М.Очир:

-“Amygdala” нь тархинд байдаг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг цагаан матер юм. Цомогт багтаж буй 12 дууг нэг урсгал чиглэлд хамруулахад хэцүү. Олон зан характер шингэсэн бүтээлүүд. Заавал нэг урсгал жанраар бүх дуугаа хийхийг хүсээгүй. Дуу бүтэж байх явцад ямар сэтгэл хөдлөлтэй байна түүнийг илүүтэй дуундаа илэрхийлсэн.

-Мэдээж, ажлын хажуугаар хамтлагийн бэлтгэлээ хийхэд хэцүү байгаа байх. Долоо хоногт хэдэн цагийг бэлтгэл дээ зарцуулж байна вэ?

Хамтлагийн ахлагч М.Очир:

-Удахгүй манай хамтлагийн анхны бие даасан тоглолт болох гэж байгаа учир долоо хоногийн 3 өдөр нь бэлтгэлээ хийж байна даа. Зуны улиралд бэлтгэл хийхэд их амар. Ойр ойрхон эрчимтэй бэлддэг. Өвлийн саруудад  бэлтгэл хийхэд төвөгтэй санагддаг. Хүйтэн, түгжрэл их гэх мэт асуудлууд байдаг.

-Хамтлагийн аргил гитарчин Саран жирэмсэн байхдаа хэд хэдэн удаа тоглолтод оролцсон гэсэн. Одоо хамтлагтаа тоглож байгаа юу?

Хамтлагийн бөмбөрчин Б.Үнэнгэрэл:

-Өмнөх оны наймдугаар сарын дундуур жирэмсэн болсон. Дөрвөөс таван тоглолтод оролцсон. Удахгүй төрнө. Одоогоор хамтлагийнхаа арын ажлуудыг хариуцаж байгаа. Уг нь хамтлагтаа үргэжлүүлэн тоглох чин хүсэлтэй.

-Залуу хамтлагуудад тулгардаг бэрхшээл юу вэ?

Хамтлагийн бөмбөрчин Б.Үнэнгэрэл:

-Бэлтгэлийн байрны түрээсийн асуудал их хүндрэлтэй санагддаг. Надад нэг ах “Бэлтгэлийн байр хангалттай  байдаг даа. Та нар мөнгөгүй байхгүй юу” гэж шоглож хэлж байсан. Ер нь шинээр гарч ирж буй, анхны цомгоо бүтээж буй залуу хамтлагуудад санхүүгийн асуудалтай их тулгардаг юм шиг санагдсан. Шинээр гарч ирэхэд мөнгөгүй байдаг. (инээв)

-Танай хамтлагийн хувьд энэ онд ямар ажлууд төлөвлөж байна вэ?

Хамтлагийн ахлагч М.Очир:

-Цомогт багтсан 12 дуунуудаасаа дөрвөн сингл гаргана. Хоёр дуу нь бэлэн болсон. Зураг авалтын ажил, цомгийн ажил даа түлхүү анхаарч ажилна. Нэгэн хэвийн хайрын тухай дуулаад явахаасаа илүү ямар нэг үзэл санааг дуундаа шингээхийг зорьдог. Магадгүй сэтгэлзүйч мэргэжлийн онцлог нөлөөлдөг байх. Цомгийн нэр хүртэл сэтгэл судлалын салбартай холбоотой байна шүү дээ. (инээв)

-Гаргаж буй дуу болгоноороо ямар нэг зүйлийг бусдад хүргэхийг хүсдэг байх. Дуугаараа ямар нэг асуудал хөндөхийг зорьдог уу?

Хамтлагийн ахлагч М.Очир:

-Ая хөгжмөөсөө илүү өгүүлэхийг хүссэн санаа, дууны үгэндээ илүү анхаардаг. Энгийн байхыг хичээдэг. Дуугаа аль болох хурдан гаргах нь их амар санагддаг. Удах, бодох тусмаа шинэ санаа биш алдаа олж хараад байдаг. Гэхдээ тэр нь алдаа мөн эсэх нь эргэлзээтэй. “Ivy” гэх  дууг хамгийн хурдан бүтээсэн. Манай хамтлагийн аргил гитарчин дууны үг, ерөнхий аяыг зохиосон. Банзан гитар дээр зохиосон дуугаа бидэн рүү явуулсан. Маргааш нь бэлтгэлийн байран дээрээ цуглараад цаг хүрэхгүй хугацаанд хамтлагаараа найруулж гаргаж байсан.

-Шинээр гарч ирж буй хамтлагуудад зөвлөгөө өгөөч?

Хамтлагийн ахлагч М.Очир:

-Залуучууд ямар ч зорилгогүй хамтлаг байгуулдаг. Тоглож чаддаг хөгжимнүүдээ нийлүүлээд хамтлаг байгуулчихдаг. Гэтэл урлаг хийж байгаа даа анхаардаггүй. Ямар ч нэр алдарт хүрээгүй байж гадны "Pink Floyd" гэх мэт том хамтлагууд шиг аашилдаг. Мөн өөрсдийн гаж буруу зуршил, зан аашаа “Бид бол Underground” гэж зөвтгөөд байдаг. Хөгжим бүтээж буй хүн  ямар нэр төрөл жанрт баригдах хэрэггүй. Хүн талдаа илүү хөгжиж байж хөгжим хийвэл дээр шүү. 

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж