"Оюутан цэрэг"-т хамрагдах боломжгүй болсон оюутнууд гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

"Оюутан цэрэг"-т хамрагдах боломжгүй болсон оюутнууд гомдолтой байна

"Оюутан цэрэг"-т хамрагдах боломжгүй болсон оюутнууд гомдолтой байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Оюутан цэрэг” хөтөлбөрийг анх санаачилснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тухайн хөтөлбөрийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулан оролцуулж ирсэн. Гэвч цар тахлаас болж уг хөтөлбөр хоёр жил завсардаад буй. Мөн Covid-19-өөр өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг хугацаат цэргийн албанд татаж байгаа бол эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татаагүй.

БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж өчигдөр (2022.02.22) "Энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн оюутан цэргийн бүртгэл эхэлнэ. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд E-mongolia цахим үйлчилгээний системд бүртгүүлэхэд хангалттай. Зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнуудыг тус хөтөлбөрт бүртгэнэ" гэж мэдээлсэн.

Гэвч цар тахалтай хоёр жилийн хугацаанд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж чадаагүй оюутнууд гомдолтой байгаа аж. Энэ талаар оюутнууд ийн ярилаа.

МУИС-ийн Сэтгүүл зүйн 3-р дамжааны оюутан Ж.Доржсүрэн:

-Цэрэгт явах сонирхолтой байгаа. Гэхдээ ар гэр болон сургуулиа орхиод, нэг жил цэргийн алба хаана гэдэг хэцүү. Цар тахлын улмаас хоёр жил гэртээ байлаа. "Оюутан цэрэг"-т хамрагдах боломжтой байх гэж найдаж байсан ч боломжгүй гэсэн. Хугацаат цэргийн алба хаах бодол бий. Гэхдээ намар төгсөх курсийн оюутан болно. Тиймээс цэргийн алба хаах боломжгүй. Нэгэнт гурван жил сурчихсан байж сүүлийн жил нь цэрэгт явна гэхээр цаг хугацааны хувьд хайран санагдаж байна.

"Хүрээ" мэдээлэл холбоо, технологийн дээд сургуулийн оюутан Н.Мөнх-Очир:

-Өмнөх оны арван сард Covid-19 туссан учир намрын цэрэг татлагад хамрагдаж чадаагүй. Би одоо 20 настай, хоёрдугаар дамжааны оюутан. Зуны сард оюутан цэрэгт явбал амар шүү дээ. Намар хичээлдээ суучихна, цаг хугацааны хувьд маш хэмнэлттэй. Жил болгон цэргийн бүртгэл, торгууль гэх мэт асуудлууд гарч ирдэг учир эртхэн цэргийн алба хаасан нь зүгээр гэж манай аав зөвлөж байсан. Миний мэргэшиж буй It инженерийн салбар маш хурдацтай хөгжиж буй салбар. Тийм болохоор гадагшаа сурах сонирхолтой. Сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй. Зөвхөн хичээлдээ анхаармаар байна. Цэргийн алба хаах чин хүсэлтэй, Covid-19-ийн үед 19, 20 нас хүрсэн оюутнууд миний эргэн тойронд олон бий.

МУБИС-ийн оюутан Б.Дашзэвэг:

-Орчин үед ямар ч ажилд ороход цэргийн алба хаасан байхыг шаарддаг болсон. Хэрэв цэргийн алба хаагаагүй бол өндөр торгууль оногддог гэж сонссон. Тиймээс цэргийн алба хаасан нь зөв байх. Уг нь "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах бодолтой байсан. Голч дүн, бие бялдрын хувьд өөрийгөө хангалттай бэлдсэн. Гэтэл биднээс огт шалтгаалаагүй зүйлээс болоод явж чадахгүйгээ өчигдөр мэдлээ. Covid-19-ийн үед хугацаат цэргийн алба хаах боломжтой байсан ч аав, ээж өвчин зовлонтой хэцүү үед яваад хэрэггүй гэсэн учир яваагүй гэв.

Мөн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж "Энэ жилийн төсөвт 314 сая төгрөг тусгасан. Тиймээс "Оюутан цэрэг" хөтөлбөрт 300 гаруй хүүхэд хамрагдах боломжтой" гэв.

Энэ талаар оюутнууд ямар бодолтой байгааг сонирхлоо.

МУБИС-ийн оюутан О.Мөнхбадрах:

-Тэнцвэл явна. Гэхдээ гурван зуухан оюутан хамрагдана гэхээр шалгуур өндөр тавигдах байх гэж бодож байна. Үнэхээр хамрагдах хүсэлтэй оюутнуудыг голч дүнгээр ангилахгүй байвал дээр санагдаж байна. Ирэх намар унасан хичээлийнхээ дүнг засуулах гэх мэт асуудалтай оюутнууд их байгаа шүү дээ.

ШУТИС-ийн Механик, инженерийн ангийн оюутан  Г.Анартүвшин: 

-Хугацаат цэргийн албанаас "Оюутан цэрэг" хөтөлбөр хамаагүй амар санагдсан. Хугацаат цэргийн албаа хаагаад, намар нь доод курсийнхээ хүүхдүүдтэй нэг хичээлд суух юм уу (инээв). Түүний оронд "Оюутан цэрэг"-т яваад ирвэл цаг хугацааны хувьд хэмнэлттэй. Нийгмийн хариуцлагаа ч биелүүлнэ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж