Япон Хятадын цэргийг анхааралтай ажиглаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Япон Хятадын цэргийг анхааралтай ажиглаж байна

Хятадын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж байгаа нь Зүүн Азийн цэргийн тэнцвэртэй байдалд өөрчлөлт оруулж байгаа тухай тайлан АНУ гаргаснаас хойш удалгүй Бээжин цэргийн хүчээ нэмэгдүүлж байгааг анхааралтай ажиглаж байгаа гэж мягмар гаригт Япон мэдэгдлээ хэмээн “AFP” агентлаг дамжууллаа. Сүүлийн саруудад Японы тэнгисийн сөнөөгч хөлгүүдийг Хятадын тэнгисийн цэргийн нисдэг тэргүүд ойртон ажиглаж, түргэн авахуулсан тохиолдол хоёр ч удаа гараад байгаа юм.

“АНУ-аас гаргасан сүүлийн үеийн тайланг судалж үзээд Хятадын цэрэгжилтийн хандлага бүс нутгийн аюулгүй байдалд өргөн хүрээтэй нөлөө үзүүлэх тул Япон улс энэ асуудлын өрнөлийг анхааралтай ажиглах болно. Хятад улс Зүүн Хятадын тэнгис болон Номхон далай дахь тэнгисийн хүчээ хөдөлгөөнд оруулаад байгааг бид ажиглаж байгаа” гэж Японы Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.

Тэрээр мөн Хятад өөрийн хилээс алс зай дахь цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн нь Тайвань тусгаар тогтнолоо зарлаж магадгүйгээс сэргийлэхийн хамт өөрийн далай дахь эдийн засгийн бүс, далайн замын аюулгүй байдлыг хангаж байгаа арга хэмжээ бололтой гэж мэдэгджээ. 1949 онд Хятадын үндсэрхэг үзэлтнүүд Тайваньруу дүрвэн гарсан ч гэсэн Хятад улс Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр өөртөө нэгтгэх болно гэж үздэг. Даваа гаригт Пентагон “Хятадын цэргийн хүчин чадал хуримтлагдаж, нэмэгдсээр байгаа нь Зүүн Ази дахь цэрэгжилтийн байдалд өөрчлөлт оруулж байна. Ингэснээр Хятад Тайваниас ч цааш өргөн хүрээг хамарсан нөлөө үзүүлж байна” гэж мэдэгдсэн юм.

Дөрөвдүгээр сард Хятадын тэнгисийн цэргийн нисдэг тэрэг их далайд явж байсан Японы далайн сөнөөгч хөлөг онгоцны хажуугаар ойрхон нисэж гарсныг өдөөн хатгасан явдал гэж Япон үзэж байгаа юм. Үүнтэй төстэй явдал мөн сард Окинава арлын ойролцоо гарсан бөгөөд Хятадын тэнгисийн цэргийн найман хөлөг, хоёр шумбагч онгоц олон улсын далайн хэсгээр Японы арлуудын голоор нь гарч явсан юм.

Жил бүр гарган Конгресст танилцуулдаг илтгэлдээ АНУ-ын Батлан хамгаалах яам Хятадыг цөмийн зэвсэг, алсын тусгалтай пуужин, шумбагч, нисэх онгоц тээгч болон кибер дайны салбарт хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа талаар мэдээлжээ. Пентагоны тайланд Хятад 2009 онд цэргийн салбартаа 150 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан бөгөөд зарцуулалтынхаа зарим хэсгийг олон нийтэд танилцуулаагүй гэж дурдсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж