Москва хар тамхи хэрэглэсэн жолооч нарыг илрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Москва хар тамхи хэрэглэсэн жолооч нарыг илрүүлнэ


Москва хотын хар тамхи, замын хөдөлгөөний цагдаа нар хар тамхи хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг илрүүлэхээр хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаа талаар “РИА Новости” агентлаг мэдээллээ. “Российская Газета” агентлагийн мэдээлж байгаагаар хоёр алба хамтран хар тамхи илрүүлэх шинэ төхөөрөмж Москва хотод туршиж эхлээд байгаа бөгөөд хэрвээ үр дүнтэй нь батлагдвал Орос орон даяар хэрэглэх юм байна. Хар тамхи хэрэглэсэн гэж сэжиглэж буй жолоочийг тусгай төхөөрөмж рүү нулимуулах бөгөөд 15 минутын дараа тухайн жолооч хар тамхи хэрэглэсэн эсэх тухай индикатор гарах болно.

Оросын Эрүүл мэндийн яамны тэргүүлэх мэргэжилтэн Алексей Надеждин энэ төхөөрөмж нь жолоочийн биед хар тамхи тухайн үед байгаа эсэхийг л илрүүлэх бөгөөд хэрвээ хар тамхи илэрвэл жолоочийг илүү нарийн шинжилгээ хийлгүүлэхээр ойрх тусгай клиник рүү аваачих болно гэж ярьж байна. Харин уг төхөөрөмж ямар төрлийн хар тамхи илрүүлэх талаар дэлгэрэнгүй өгүүлээгүй байна.

Наймдугаар сарын зургаанаас ОХУ “0-зөвшөөрөл” зарчим баримталж эхлээд байгаа бөгөөд үүгээр жолооны ард суугаа жолоочийг дусал архи ч амсахыг хориглосон юм. Үүнээс өмнө жолооч нарыг хагас пинт пиво уугаад жолоо барихыг зөвшөөрдөг байсан юм. Шинэ хууль нь согтуугаар жолоо барьснаас болж хүний аминд хүрсэн ослын тоог бууруулах зорилготой гэж Төрийн Думын дарга Борис Гризлов мэдэгдсэн юм.

Энэ талаар зарим хүмүүс хар тамхины төхөөрөмж нь цагдаа нар жолооч нараас хахууль авах шинэ боломж нээж байна гэж шүүмжилж байгаа бол зарим нь “тэнэг жолооч нар” болон Оросын замын нөхцөл муу байгаа нь ослын гол шалтгаан болж байгаа бөгөөд шинэ хуулиас болж ердийн эсгэсэн сүүгээр хийсэн ундаа, квасс уусан хүмүүс давхар шийтгэгдэхэд хүрч байна гэж шүүмжлэлтэй хандаж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж