Түгжрэл бууруулах топ 5 шийдлийг дахин хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Түгжрэл бууруулах топ 5 шийдлийг дахин хэрэгжүүлнэ

Түгжрэл бууруулах топ 5 шийдлийг дахин хэрэгжүүлнэ

Автозамын түгжрэл сүүлийн ганц хоёрхон жилийн асуудал биш. Жил бүр түгжрэлийг эргэн харах цаг болсныг хотын удирдлагууд сануулж, тоон судалгаа гаргадаг. Иргэдээс судалгаа авч, статистик мэдээлэл боловсруулсан ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Үүний нэг жишээ бол өнгөрсөн жил хийгдсэн судалгааны дүнд боловсруулсан түгжрэл бууруулах топ таван шийдэл. Нийслэлд бүртгэлтэй 615 мянган автомашин байгаа нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт. Эндээс харвал автозамын оргил цагийн хурд гурван жилийн дараа явган хүний хурдтай тэнцэж, автомашинтай нь биш алхаж яваа нь ажлаа амжуулна гэсэн үг.

Хэрэв Улаанбаатарт жилд дунджаар 35-45 мянган автомашин нэмэгдэнэ гэж тооцоолбол замын ачаалал, даац 2024 он гэхэд цэг тавихад хүрэх биз. Баяр ёслол, хурим найр, билэгт сайн өдрөөр л түгжирдэг байсан цаг үлгэр болж, одоо улирлын чанартай тэг зогсоход хүрээд байна.

Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байна.

ХУВИЙН АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ НЭМЖ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА

Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь хотын төвлөрлийг сааруулж, түгжрэл бууруулах хэрэгтэй гэж үзжээ. Тухайлбал, судалгаанд хамрагдагсдын 76 хувь нь гэрийн ойролцоо цэцэрлэг, сургууль шинээр барих, 72 хувь нь томоохон зах, худалдааны төвийг төвийн бүсээс нүүлгэх, метро нэвтрүүлэх зэрэг санал өгсөн байна. Үүнд үндэслэж нийслэлээс хэрэгжүүлэх ээлжит ажлын жагсаалтыг гаргасан. Гэхдээ одоогоор хэрэгжиж эхэлж, түгжрэл буурсан зүйл байхгүй. Ямартай ч судалгааны дүнгээс гарсан шийдлээр дараах таван хүчин зүйлийг хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын түгжрэл эрс буурна гэж тооцоолжээ. Үүнд:

  • Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, шинэчлэх
  • Зах худалдааны төв, автовокзал, хүн төвлөрсөн газруудыг тараан байршуулах
  • Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж, авто ослыг бууруулах
  • Автомашины хэрэглээг бууруулах
  • Тээврийн хэрэгслээр нийслэлд зорчих татвар, төлбөр хураамжийг нэмэгдүүлэх зэрэг багтсан байна.

Холбогдох албаныхан нийтийн тээврийн салбараар зорчилтыг 33 хувь өсгөж, түгжрэлийг 15-20 орчим хувиар бууруулна гэж үзэж буй аж. Дараагийн чухал зүйл бол хот төлөвлөлтийг сайжруулах. Мөн хувийн автомашинаар зорчихгүй байснаар зам дээрх асуудлыг 10-15 хувь бууруулах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хэлснээр, түгжрэлийг ганцхан хоногт шийдвэрлэх боломжгүй. Нийтийн тээвэр, авто зам гээд олон зүйл дээр анхаарах хэрэгтэй. Төр засгийн хувьд түгжрэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүсэл сонирхол их бий гэсэн.

ДОЛООГООС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ АВТОМАШИНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАЖ, БУСАД ГАРГАЛГААГ ОЛНО

Одоогоос таван жилийн өмнө метрог хэрэглээнд нэвтрүүлж, 2021 онд агаарын болон хурдны тээврийн хэрэгслээр хүн бүр зорчих боломжтой хэмээн мэдээлж байсан. Гэвч метро, дүүжин тээвэр зэрэг бол Улаанбаатарт үлгэр. Цаашид долоогоос дээш жилийн насжилттай автомашины импортыг хязгаарлаж, насжилт өндөр машиныг хүлээж авахгүй байх зэрэг асуудлыг судалж, хэлэлцэж байгаа аж. Мэдээж нийтийн тээврийн тоо, хүртээмж тэлж, хүмүүст тав тухтай зорчих орчин бүрдүүлж өгвөл хүн бүр заавал хувийн автомашинаар зорчих шаардлагагүй болно. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт 420 тэрбум төгрөгөөр гурван жилийн хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр дорвитой ажил хийхээр болсон. Есөн бүлэг ажил хийхээр зохицуулалт хийж буй.

2022-2024 он хүртэл зөвхөн замын шийдлийг сайжруулахад ойролцоогоор 350 орчим тэрбум төгрөг шийдэхээр төсөвлөсөн. Төсөв нь тухайн жилийн хийх ажлын 28 хувь.

Түгжрэлээс гадна газар чөлөөлөлтийн ажлыг түргэсгэх тал дээр анхаарч байна. Газар бол хувь хүний өмчид хамаардаг учир маргаантай олон зүйл бий. Гэсэн ч Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад газар чөлөөлөлтийн ажлыг заавал хийх ёстой. Нийт 169.5 тэрбум төгрөгийг газар чөлөөлөхөд зарцуулна гэдгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлсэн. Ямар ч байсан энэ онд дээрх санал асуулгаар боловсруулсан таван шийдлийг дахин хэрэгжүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж