У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурын эко систем алдагдахад хүрч байна

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурын эко систем алдагдахад хүрч байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган" Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганы үеэр Хөвсгөл нууранд тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэх юм. Энэхүү чуулганыг нээж Төрийн тэргүүн үг хэллээ.


Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ: 

-Хөвсгөл нуурыг хэрхэн хамгаалах талаар санал солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд цуглараад байна. Монгол Улсын цэнгэг усны 76.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.6 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Монголчууд бид үзэсгэлэнт нуураа далай ээж, хөх сувд хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж, далай ээжээс ундаалж, далай ээждээ умбан шумбадаг билээ. Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг байгаль далайд цутган дэлхийн эко системийг тэтгэж байдаг.

Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо.

Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистой хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж байгаа юм. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ 2019 онд Засгийн газрын 33 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2021-2023 онд Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан. Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг арилгах ажлын хэсэг байгуулсан нь зарим талаар үр дүнгээ өгч байна.

Далай ээжийг хамгаалах ажлыг улам эрчимжүүлэх нь манай улсын төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. 1950 оноос Хөвсгөл далайгаар бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэр тээвэрлэж ирснээс нуурын мөс цөмөрч, ёроолд нь өнөөдрийг хүртэл том, жижиг 50 гаруй тээврийн хэрэгсэл эко системийг бохирдуулж, хорт хавдар мэт байсаар байна. Хөвсгөл нуурын усны нөөц 381мянган км куб бөгөөд нуурын ёроол дахь машин техникээс 100 литр шатахуун алдагдахад усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн эрдэмтдийн тооцоо бий.

Нууранд живсэн автомашины тос алдагдвал эко системд асар их хохирол учруулж болзошгүй. Иймд нуурыг аюултай хог хаягдлаас цэвэрлэж, ирээдүйд урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Хөвсгөл нуур анхны байдлаасаа хэрхэн өөрчлөгдсөн талаар бодит үнэлэлт дүгнэлт өгч чадаж байна уу. Үүнд итгэл төгс хариулахын тулд шинжлэх ухааны академи, судлаачид бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай.

Нуурын эрсдэл болсон Сүхбаатар хөлөг далайд дахин гарахгүй ч эргийн зогсоолдоо мөнхөд зогсч, гадаад дотоодын жуулчдын үзмэр болж, усан тээврийн түүхийг өгүүлсэн бодит гэрч болсоор байх болно. Хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан нь монголчууд бид ундны цэвэр усны эх үүсвэр болсон далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах бодит үйл явдал болсон гэж үзэж байна.

Цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эр зориг, тэсвэр тэвчээр гарган, төрийн тэргүүнийхээ өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлсэн албан хаагчдадаа ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид нууранд живсэн автомашинуудыг үе шаттай татан гаргаж, 2024 он гэхэд нуурыг живсэн автомашин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн салгах ёстой. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, далай ээжийн нөөцийг хамгаалахад Монгол Улс бодит хувь нэмэр оруулж байгаа юм.

Иймд цаашид шаардагдах хөрөнгө, төсөв мөнгийг бодитоор хуваарилж, жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж ажиллана. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд нуурыг эрсдэлтэй хог хаягдлаас сэргийлэх бодит төсөл хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож байна.

Хөвсгөл нуурт замбараагүй газар олгохгүй

Хөвсгөл нуурт замбараагүй газарт олголтын улмаас нуур түшиглэсэн аялал жуулчлалын баазууд нэг дор төвлөрсөн нь эргээд эко систем алдагдах эрсдэлтэй болжээ. Цаашид Хөвсгөл нуурыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд стандартын шаардлага хангахгүй иргэн аж ахуйн нэгжид газар олгохгүй гэдгийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон.Тэрбээр,

-Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, эко системийг хамгаалах төрийн тууштай бодлого, үйл ажиллагаа чухал байна. УИХ-ын 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого тогтвортой үндэсний хөгжлийг тодорхойлсон. Энэ хүрээнд усны нөөцийг хамгаалж, зохистой ашиглах, нөхөн сэргээх  болон байгаль түүх, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал байр суурийг эзэлдэг. Тиймээс өнөөдөр бидний хэлэлцэж буй Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал нь тогтвортой хөгжлийг хангах хүчин зүйл болно. Нуур орчмын эко системийг хамгаалах, нуур орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд гаргах зэрэг олон асуудлыг нэг зэрэг шийдвэрлэх шаардлагатай. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт усны нөөцийн бохирдлоос урьдчилан сэргийлэх, нуурын эко системийн бохирдлын судалгаа хийж живсэн автомашиныг татаж гаргах зэрэг зорилт дэвшүүлээд буй. Мөн ахуй уламжлал соёлын онцлогт тохируулсан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна. Хөвсгөл нуур нь цэнгэг тунгалгаар алдартай, байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн аялал жуулчлалын гол бүс юм. Сүүлийн 20 гаруй жил Хөвсгөл нуур орчимд замбараагүй газар олголт хийгдэж, нуурын эрэг орчимд аялал жуулчлалын баазын тоо эрс нэмэгдэхийн хэрээр хэт төвлөрч байгаль орчныг бохирдуулах эрсдэлтэй байна. Хөвсгөл нуур орчимд орон нутгаас зөвшөөрөлгүй газар олголт хийх, талбайн хэтрэлттэй, давхцалтай, усны сан бүхий газрын дэглэмийг зөрчсөн, нуурт бохир ус цутгасан завь, усан тээврээс нуур бохирдуулах зөрчил их гарч байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нуурт живсэн автомашиныг 2024 он гэхэд татан гаргах болно. Мөн стандартын шаардлага хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид газар олгохгүй. Цаашид Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх талаар судалгааны ажил хийх, тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох, нуур орчимд аялал жуулчлал хөгжүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Дараа нь “Хөвсгөл нуур ба орон нутгийн хөгжил” сэдвээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан илтгэл танилцуулав. Тус илтгэлд Хөвсгөл нууртай холбоотой Засгийн газрын тогтоол шийдвэрүүд, орон нутгийн бодлого шийдвэрүүдийг товч дурдсан. Илтгэлээс товч танилцуулбал,

-Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагджээ. Нийт 23 сум тосгон 128 багтай. Хойд талаар ОХУ болон баруун зүүн өмнөд талаар Завхан, Архангай аймагтай хиллэдэг. Газар нутгийн хэмжээгээр улсад зургаа дахь том аймгийн нэг юм. Нутгийн тухайд, 41.8 хувь ой,  3.6 хувь ус, 54.1 хувь нь хадлан тэжээлийн бэлчээрийн талбай эзэлдэг аж. Өвөлдөө -50, зун 40 градус хүртэл халдаг. Хөвсгөлд

  • гол горхи-1173
  • булаг шанд-841
  • нуур-573
  • рашаан-68
  • худаг 572 тус тус тоологджээ.

Тус аймагт 2021 оны жилийн эцсийн байдлаар нэг ээлжид 7000 орчим жуулчин хүлээн авах чадалтай 94 жуулчны бааз, 132 гэр буудал, мөрөн хотод 800 зочид буудал, 15 амралтын газар тус тус үйл ажиллагаа явуулдаг байна. Өнгөрсөн онд тус аймгаар дотоодын 56 мянган жуулчин аялсан байна. Урт хугацааны зорилгодоо “хүний хөгжлийн дээдэлсэн, үндэсний өв соёлоо хадгалсан, ногоон эдийн засгийн үйлдвэрлэл бүхий инновацыг дэмжсэн, Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болно” гэж тодорхойлжээ.

Хөвсгөлд нисэх буудал, казино байгуулах шаардлагатай

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан

-Жуулчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгож, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаад байна.  Хөвсгөл нуурын эко аялал жуулчлалыг бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө 31 төрлийн 55.5 тэрбум төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ дахь айлчлалын хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх-Монд боомт олон улсын зэрэглэлтэй болж байгаа билээ. Ингэснээр хоёр улсын иргэдээс гадна гуравдагч орны иргэд зорчих боломж бүрдэж хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт цогцолбортой Ханх сум Хөвсгөл нуур аялал жуулчлалын бүс болон хөгжиж Байгаль нууртай холбосон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Жишээ нь, Байгаль нуурт жилд нэг сая орчим жуулчид аялдаг гэж тооцвол түүний 5-10 хувь нь Хөвсгөл нуураар аялахад 50-100 орчим мянган жуулчдыг татах боломж бүрдэж байгаа. Нэг жуулчин дунджаар 110 орчим ам.доллар зарцуулдаг гэж үзвэл тав  хоногт 27.5-55 сая ам.доллар зарцуулж Монголд үлдэх боломжтой. Хөвсгөл нуурыг хамгаалахтай холбогдуулан эко бүс болгох төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг нь “Тогтвортой аялал жуулчлал” төсөл юм. Энэ хүрээнд аймагт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд,

  • Мөрөн хотод аялал жуулчлалын талбай байгуулах
  • Тусгай хамгаалалттай газрын нутгийн захиргааны байр болон мэдээллийн төвийг байгуулах
  • Тусгай хамгаалалттай нутагт нэвтрэх хяналтын цэгүүдийг байгуулах
  • Хатгал сумаас 37.5 км хатуу хучилттай зам
  • Хог хаягдлын цэгүүдийг шинэчлэх
  • Тусгай хамгаалалттай газар нутагт ажилтнуудын чадавхыг сайжруулах
  • Хөвсгөл нуурыг тойрсон сумдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх

Дээрх арга хэмжээнүүдийг нийт 19 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Цар тахлын улмаас өнгөрсөн онд гадаадын жуулчдын тоо хумигдсан. Хөвсгөл аймаг 2019 онд 319 сая төгрөгийг аялал жуулчлалын салбарт төвлөрүүлжээ. Цаашид тооцоо судалгаа гаргах зайлшгүй шаардлагатай. Зарим дэд бүтцийн арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөвсгөл аймгийг онгоцоор үзэх сонирхолтой жуулчид байдаг тул нуур тойрсон нисэх буудлыг хөгжүүлэх шаардлагатай. Мөн казино байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Ханх-Хатгал сумын хооронд усан онгоцыг хоёр ээлжээр зайлшгүй явуулах шаардлагатай. Эко системтэй холбоотой нуур орчмын хамгаалалтын бүсэд бохирын цооног байгуулахыг хориглох, усан тээврийн хэрэгслийн нөхцөл байдлыг сайжруулах, усан зогсоолын цогцолбор байгуулах шаардлагатай. Нуурын мөсөн замын эрхзүйн орчныг бүрдүүлэх, маршрутын замын хяналттай болох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж