Завхан аймгийн Монгол Ардын намын дарга бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар өнөөдөр (2022.02.23) иргэд мэдээлэл хийж байна.
Завхан аймгийн МАН-ын бүлгийн төлөөлөл:
-Говь-Алтай, Увс, Ховд зэрэг аймагтай харьцуулахад Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн амьдрал муу. Иргэдийн аж байдалд тулгамдаад байгаа асуудлыг удирдлагууд шийдвэрлэж чадахгүй байна. Тодруулбал, Засаг дарга Д.Түвшинжаргалын хувьд авлига, хүнд суртлын эсрэг ажиллаж чадахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд яригдаад байгаа МАНАН дэглэм Завхан аймагт үүрлээд байна. Үүнийг засаг дарга нь өөгшүүлсэн. Бусад аймгуудтай хөл нийлүүлэн алхаж, ард иргэдийн аж амьдрал сайжирч байгаа бол өөр хэрэг. Гэтэл аймгийг удирдаж байгаа хүмүүс хариуцлагагүй байна.
Д.Түвшинжаргал гэдэг хүн өмнө нь Засаг даргын тамгын газарт ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглаж, АН-тай хуйвалдаж, 76 метр квадрат хоёр өрөө байраар наймаалцсан.
Үүнийг 2020 оны сонгуулиар хууль хяналтын байгууллага шалгасан байдаг. Авлига авч, албан тушаалаа наймаалцсан даргаар МАН-ын гишүүд удирдуулж байгаад эсрэг байр суурьтай байна. Хоёрдугаар сарын 28-нд намын ээлжит бага хурал болох гэж байна. Энэ хурлаар чөлөөт сонголт явуулахыг хүсч байна. Бид нэг хүний мууг үзэх гээгүй. Шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж байна. Цаашлаад Завхан аймгийн иргэдийн төрийн алба эрхлэх, орон нутаг хөгжих асуудалтай холбоотой учир бид энд ирж мэдээлэл хийж байна. Авлигын гэмт хэрэгт холбогдсон, намын гишүүдийг хайхардаггүй, төрөл саднаа төрийн албанд томилж, худал амлалт их өгдөг. Тиймээс Д.Түвшинжаргалыг огцруулах хүртэл тэмцэх болно.