VS: Д.Монголхүү ба Д.Пүрэвбаатар

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

VS: Д.Монголхүү ба Д.Пүрэвбаатар

Энэ долоо хоногийн VS буландаа МоАХ-ны гишүүдийн эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон МоАХ-ны зөвлөгөөнөөр МоАХ-ны гишүүд заалнаас Д.Монголхүүг тус холбооны даргад нэр дэвшүүлсэн. Уг үйл явдлыг тус холбооны гишүүд хууль бус хэмээн үзэж, Д.Монголхүү нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Ийнхүү ардчиллаас угшилтай МоАХ-ны гишүүд АН шиг хоёр хуваагдаж, эв түнжин хагарч эхэллээ.


 

МОАХ-НЫ ГИШҮҮН Д.МОНГОЛХҮҮ:

Хоёрдугаар сарын 18-нд МоАХ-г үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн болсон. Ерөнхий зохицуулагчаар Д.Монголхүү миний бие томилогдсон. Зөвлөгөөнөөс гаргасан нэг чухал шийдвэр бол тавдугаар хуралдааныг яаралтай зохион байгуулах асуудал. 1990 оны гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн болж, улс төрийн товчоог огцруулсан. Тэгэхээр энэ өдөр тавдугаар их хурлыг зарлаж байна. Х.Баттулга гэдэг хүн сүүлийн 15 жил энэ холбоог удирдсан. 2012 оноос хойш Ардчилсан холбооны гишүүд уулзаж, ярилцаагүй. Тийм байтал миний бүрэн эрхийг хүлээж авахгүй байгаа нь сөрөг хүчний талд ууссан гэдгийг нь харуулж байна. Ардчилсан намыг самарч хаячхаад, одоо Монголын ардчилсан холбоог үгүй хийх гэж байна.

Ер нь ойлголтын зөрүү үүслээ. МоАХ-ны найм дахь дарга томилогдоод, 15 жил болсон. Энэ хугацаанд ямар нэгэн хурал болоогүй, даргын асуудал яригдаагүй. МоАХ анхны дүрмээрээ хоёр жилээр даргаа сонгодог байсан, тэр сунгагдсан уу гэдэг дараагийн асуудал. Энд үйлчилж байгаа дүрмээр насаар нь МоАХ-ны дарга мэтээр тийм дүрэм зохиочхоод, тэрийгээ ийм хүчин төгөлдөр дүрэмтэй байгаа гэдэг юм яриад байна. Одоо яах ёстой вэ гэхээр зөвлөгөөнөөс гаргасан нэг чухал шийдвэр бол тавдугаар хуралдааныг яаралтай зохион байгуулах асуудал. 1990 оны тавдугаар сарын 7-нд өлсгөлөн болж, улс төрийн товчооныг огцруулсан байдаг. Тиймээс тэр өдөр Монголын ардчилсан холбооны тавдугаар их хуралдааныг хийхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

МОАХ-НЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ПҮРЭВБААТАР:

МоАХ-ны  дүрэмд үндэсний зөвлөгөөн хийнэ гэсэн зүйл, заалт огт байхгүй. Зөвхөн Их хурлаа хийдэг. Удирдах зөвлөл нь хуралдаж, Ерөнхий чуулганаа зарлан хуралдуулдаг. Ерөнхий чуулганаас Их хурлаа зарладаг. Хэн нэгэн дурын хүн МоАХ-ны Их хурлыг зарладаггүй юм.

МоАХ-ны дүрмийг зөрчиж, өөрсдийгөө зарлан тунхаглаад, хурал хийж буй нь бусдыг төөрөгдөлд оруулж, залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл учир цагдаагийн байгууллагад шалгуулахаар зохих зүйл заалтыг нь үндэслэж хандсан. МоАХ гэдэг байгууллага өөрийн гэсэн дүрэм, журамтай. Дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой. МоАХ улс төрийн нам биш. Гэтэл төрийн бус байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоох үйлдэл хийж буй нь өөрөө байж боломгүй асуудал.

Монголын ардчилсан холбооны дүрмийг мэддэг, тайлбар хийдэг ажлыг хяналтын зөвлөл хийдэг. Д.Монголхүү гэдэг хүн бол МоАХ-ны гишүүн биш. Энэ байгууллага өөрийн дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Удирдах зөвлөлийн хуралдаанаас ерөнхий зөвлөгөөн зарлаж, түүний дараагаар их хурлыг товлодог. Түүнээс хэн нэгэн манай байгууллагыг төлөөлж, хурал зарлах боломжгүй. Үүнийг эрүүгийн залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байна.

2007 оны наймдугаар сард анх МоАХ даргаа сонгосон. Удирдах зөвлөлийн хуралдаанаас даргаар ажиллах хугацааг сунгаж болно гэдэг шийдвэр гарсан учир сунгасан. Иргэн Д.Монголхүүг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг хүсч, хоёр удаа хуулийн байгууллагад хандсан. Хоёр удаагийн зөрчлийг цагдаагийн байгууллага нотолсон учир эрүүгийн хэрэг холбогдон, улмаар шалгаж байгаа энэ хүнийг МоАХ яагаад ч хүлээж авахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж