Сурвалжлага: Автобусны буудал "халтуурчид"-ын зогсоол болжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Автобусны буудал "халтуурчид"-ын зогсоол болжээ

Сурвалжлага: Автобусны буудал "халтуурчид"-ын зогсоол болжээ

Өглөө нь ажилдаа очих, орой нь гэртээ харих гэсэн хүмүүс автобусны буудал дээр тэвчээрээ шалгах нь нүдэнд дасал болжээ. Үүний зэрэгцээ жолооч нар автобусуудтай уралдах шахам өрсч, урдуур нь дайрч, хажуу хавиргаар нь гүйцэж түрүүлэх нь ёстой л "шумахер" адил. Тиймээс автобусны жолооч нар буудал руугаа орж чадалгүй зорчигчдоо замын голд буулгах нь хэвийн үзэгдэл болов.

Ийм дүр зураг автобусны буудал бүрд нийтлэг харагддаг. Жишээ нь, “Тэнгис” , “МҮИС”, III, IV, Таваншар, 21 дүгээр хороолол гээд автобусны буудлуудыг хувийн халтуурчид хэдийнэ эзлэж,  нийтийн тээвэрт суух гэсэн хүмүүст чирэгдэл, бэрхшээл үүсгэдэг.

Тэнгис кино театрын автобусны буудал…

17:00 цаг: Ажил, сургууль тарах цаг болжээ. Түгжрэл дунд “бараагүй” болсон унаагаа хүлээсэн хүмүүс “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр жирийтэл зогсч холхилдоно. Буудал дээр хувийн таксичид хэдийнэ эгнээд зогсчихсон байв.  Тэднээс автобусны буудлыг яагаад чөлөөлөхгүй байгааг нь асуухад бүгд шахуу л  “Хүн хүлээж байна” гэх ганцхан шалтаг хэлэв. Халтуурчид буудлыг нь эзлээд зогчихоор нийтийн тээврийн жолооч нар хоёрдугаар эгнээд зогсож хүнээ буулгаж суулгах юм. Зарим  хүүхэд, хөгшчүүл буудал дээр эгнээд зогссон машины урдуур гарч хоёрдугаар эгнээнд зогсох автобусандаа сууж амжилгүй хоцрох аж.  Хоёрдугаар эгнээнд зогсож байгаа зорчигчоо буулгаж суулгах үед хэн нэгэн гэмтэж, бэртэх эрсдэл өндөр харагдав. Хоёрдугаар эгнээнд зогсож, зорчигчдоо буулгаж, суулгах нийтийн тээврийнхэн замын түгжрэл үүсгэх нь цөөнгүй гэнэ.

 

Машины урсгал түгжирч тэг зогссон ч, таксигаар харьчих санаатай  өргөж хүлээх 50 орчим насны эмэгтэй Ц.Цэнд “Автобусны буудлаас такси барьж болохгүй гэдгийг мэддэг. Гэхдээ Монголд таксины зогсоол, тэмдэг тэмдэглэгээтэй газар алга байна шүү дээ. Албан ёсны такси үйлчилгээ ч байхгүй. Бүгд  хувийн автомашинаар үйлчлүүлдэг. Угаасаа такси дуртай газраа зогсдог биз дээ” гэв. Мөн 30 орчим насны эмэгтэй Г.Наранчимэг “Нийтийн тээврээр зорчдоггүй. Автобусны буудлаас такси барих нь биед амар байдаг. Зам дагуу бараг зогсохгүй учраас буудлаас ихэвчлэн такси барьдаг” гэлээ.

Түгжрэлд түгжигдсэний дээр буудлынхаа халаас руу орж зогсох боломжгүй талаар автобусны жолооч нар хэлэхдээ “Бид дуут дохиогоо өгдөг ч хувийн халтуурчид буудал чөлөөлж өгдөггүй. Үүнээс нь болж хоёрдугаар эгнээнд зогсч хүнээ авдаг. Хоёрдугаар эгнээнд зогсохоор бас түгжрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийддэг газар байдаггүй" гэв.

“Транс бус” ХХК-ийн жолооч “Автомашинууд сүлжилдээд буудал дээр зогсоход хүндрэлтэй. Өдрийн цагаар асуудал гарахгүй ч ажил эхлэх, тарах цагаар автомашины жолооч нар урдуур дайрч, хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл их гаргадаг. Энэ нь түгжрэлтэй үед улам түгжрэл үүсгэж, бавтобусны халаас руугаа орж чадалгүй, зам дээр зорчигчдоо буулгахаас өөр аргагүй нөхцөлд хүрч байна. Заримдаа автобусны буудал өнгөрч зогсохоос аргагүй болдог. Тэгэхээр зорчиг нар уурлаж, бухимддаг” гэв. Удалгүй автобус ч хөдөллөө.

18:00 цаг: Баянбүрдийн тойргийн авто зам буюу ТОСК-ийн өмнөх автобусны буудал дээр халтуурчид хэдийнэ "зогсоолдоо" зогсоцгоожээ.  Бага насны хоёр хүүхэд дагуулсан 60 орчим насны иргэн “Ач нараа хичээлд нь өглөө, орой таксигаар хүргэдэг. Автобусны буудлаас л такси барихгүй өөр хаана зогсоох юм. Такси ч автобусны буудлаас олдох нь хурдан. Машин түр саатлаа гээд автобус замын голд зогсоод байдаггүй. Ялгаагүй автобусууд буудал өнгөрч зогсч байна” гэж хэлсэн юм.

Зарим хүмүүсийн амин хувиа хичээсэн үйлдлээс болж иргэд бухимдаж байна. Хүйтэнд багадаа цаг орчим хүлээсний эцэст автобус нь ирэх үед хаягдаж хоцрох, түгжрэхийн зэрэгцээ бүдүүлэг жолооч нараас болж буух ёстой буудал дээрээ бууж чаддаггүй, замын голд автобуснаас буугаад машинд дайруулах вий гэх айдастай. Энэ бүхэн нийтлэг агаад хүн бүрийн тулгамдсан асуудал болсныг иргэд хэлж байв.

Иргэн Г.БАТ: 

Автобусанд хэчнээн цаг өнгөрүүлдгээ ч мартсан. Өглөө нь Дэнжийн мянга-Таван шар-Эмээлт рүү ажилдаа явна. Орой нь Эмээлтээс Таван шар-Дэнжийн мянга руу гэр рүүгээ харьдаг.

Автомашинууд  автобусны буудал дээр зогсчихоор бидэнд бэрхшээлтэй байна. Маш төвөгтэй. Жолооч нар буудал өнгөрөөж зогсох, эсвэл огт зогсдоггүй. Гэтэл  дахиад автобусаа цаг орчим хүлээнэ гэсэн үг. Заримдаа замын голд буулгана. Энэ нь автомашин, автобусны жолооч нарын аль алиных нь буруу.


Иргэн Д.САЙХАН: 

-Санзай чиглэл рүү зорчдог болохоор төвийн чиглэлийн автобусууд хүндрэлтэй гэж сонссон. Манай зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээрээ зогсдог.

Заримдаа автомашинууд буудал дээр зогссоноос болж нийтийн тээврийн унаануудад хүндрэлтэй Таксины жолооч нарыг ч бас буруутгах аргагүй л дээ. Зогсоол байхгүй учраас л автобустай зэрэгцэж байгаа байх.


Иргэн Н.ДОРЖХАНД: 

-Нэг үеэ бодвол жолооч нар хариуцлагатай болсон ч автобусны буудал дээр заримдаа зогсохгүй өнгөрдөг тал бий. Энэ нь автомашинуудтай холбоотой. Нийтийн тээвэр зогсох газаргүй болдог нь төвөгтэй санагддаг. Ердөө улсынх нь хөгжил ямар байгааг харуулж байна. Авто зам, зогсоол нь хүрэлцдэггүйгээс л зогсоол дээр зэрэгцэж байна. Нөгөөтэйгүүр, нийтийн тээвэр ч хувийн автомашинтай жолооч нарын аль алиных нь ухамсраас шалтгаална.

18:30 цаг: Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлаас Долоон буудал, Өвөрсогоот, Шадивлан, Зунжин чиглэлийн автобусууд ихэвчлэн явна. Мөн л суудлын автомашинууд эгнэн зогсчээ. Автобустай зэрэгцэх шахам урд, хойно нь зогсох жолооч нараас автобусны  буудлаа чөлөөлөх ёстойг сануулахад таксины зогсоол байхгүй, цар тахлаас болж ажлаа алдсан хүмүүс ингэж л амьжиргаагаа залгуулж байна гэж зовлонгоо тоочив.

Замын хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын автомашин зогсохыг хориглосон байдаг. Үүнийг жолооч нар мэддэг ч зогсоол хүрэлцдэггүй тул автобусны буудал дээр эгнээд зогсчихдог бололтой.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ, автобусны буудал дээр автомашин зогсдог асуудалд хяналт тавьж ажилладаг гэсэн. Гэвч бодит байдал дээр төв зам дагуу автобусууд буудал дээрээ зогсохоос бус, хойд замаар болон захын хороололд ямар ч хяналт алга. Дуртай нь зогсч, буух аж. Харин автобуснаас буух болон түүнд суух хүмүүс жолооч нарын дураар “Буу” гэсэн газарт нь буух аж. Гэтэл автомашинтай иргэд автобусны буудал дээр зогссоноос үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсч чаддаггүй, түгжрэл нэмэгдэж, осол гарах эрсдэлтэй болохыг ч цагдаагийн албан хаагчид сэрэмжлүүлж байгаа юм.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж