Ардчилсан нам (АН)-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хөгжлийн банкны асуудал нийгэмд маш том дуулиан болж байна. Олон нийт ч бухимдалтай байна. Энэ асуудалд аль нам буруутай гэж та үзэж байгаа вэ. Зарим улстөрчид, нэн ялангуяа эрх баригч намынхан АН-ыг буруутгаж байгаа шүү дээ?
-2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкны тухай хуулийг МАН өөрчилсөн. Тус хуулийн 18 дугаар зүйл заалтад Хөгжлийн банкны эзэн, эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар байна гэж заасан. Тэгэхээр зэрэг Хөгжлийн банк сайн, муу ажиллаж байгаа бол Засгийн газартай шууд холбоотой гэсэн үг. Үүнд нам хамаагүй. Тухайн үед Хөгжлийн банкинд намын харъяаллаар захирлуудыг сонгох, тэр бүү хэл үйл ажиллагаанд нь шууд ба шууд бусаар оролцож байсан нь үнэн. Та нэгэнт улс төржсөн асуулт тавьсан учир тайлбар хэлье. 2011-2012 оны хооронд МАН засаг барьж байх үед ганцхан зээлийг Хөтөлийн цементийн үйлдвэрт олгосон. Тэр нь чанаргүй. Алдагдал нь -5.47 тэрбум байсан.
Харин 2013-2015 онд АН-ын хүн Хөгжлийн банкийг удирдаж байхад нийт хөрөнгө нь 6.7 их наяд төгрөг, хуримтлагдсан ашиг нь 33.2 тэрбум төгрөг. Нийт 800 зээл олгоход маш цөөхөн нь, еөрдөө 13 нь зээл л чанаргүйд тооцогдсон байдаг.
Үүний дараа МАН засгийн эрх авч, 2016-2019 онд Б.Батбаяр, Г.Амартүвшин нар Хөгжлийн банкийг удирдсан. Гэтэл нийт хөрөнгө нь буурч, 4.27 их наяд төгрөг, хуримтлагдсан алдагдал нь -151.3 тэрбум төгрөгт хүрсэн. Ашиг байхгүй. Олгосон зээл 50 байгаагаас чанаргүй зээл нь 35 байгаа юм. Үүнээс харахад хулгай хийхийн донтой нөхдүүд МАН-д байгаа биз дээ. Г.Амартүвшин өнөөдөр ямар албан тушаалтай байгаа билээ. МАН буруугаа бусдаас хайх хэрэггүй. Өөрсдөөсөө хайсан нь дээр. АН-ыг яг юунд буруутгаад байгааг би ойлгохгүй байна.
-Эрх баригч МАН Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон намынхантайгаа хариуцлага тооцно гэдгээ зарлачихлаа. Гэхдээ үүгээр далимдуулан хэн нэгнийг хэлмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа?
-Хөгжлийн банкны асуудал хүчээ авч гарч ирсэн нь маш сайн хэрэг. Монгол Улс Чингис, Самурай бондын өр төлнө. Зээл авсан хүмүүс зээлээ эргэн төлвөл Засгийн газар ачаа үүрэхгүй гэсэн үг. Энэ талаас нь харвал сайн хэрэг. Гэвч зохион байгуулалттай төрийн “махны машин” ажиллаад байгаа юм биш биз гэх хардлага төрж байгааг нуухгүй. Нэг жишээ хэлэхэд, Төрийн орон сууцны корпораци (ТОСК)-ийн зээлийн өрийг барилга барьсан компанийн өр мэтээр гүтгээд байна. ТОСК нь зээл аваад, компаниудад санхүүжилт хийсэн. Гэтэл нэг компани тэр зээлийг авсан мэтээр нийгэмд буруу ойлголт төрүүлээд байна. Уг нь олон компани хувааж авсан шүү дээ. ТОСК ойролцоогоор 147 тэрбумыг авч, ”Хангай” хотхон, Буянт-Ухаа “1, 2, “Шинэ яармаг” хорооллыг барьсан байхад ганц компанийн нэр цохоод байгаа нь хардлага төрүүлж байна.
–Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр суурийг сонсоход эрх баригчид авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Үндэсний мөрдөх алба байгуулах төлөвлөж байгаа бололтой. Энэ нь зөв шийдэл мөн үү?
-Авлигатай тэмцэх газар сайн ажиллаж байгаа. Авлигачдыг маш сайн илрүүлдэг. АТГ-ыг харин ч томсгох хэрэгтэй. Цагдаагийн зарим нэгжийг дэмжлэг байдлаар АТГ-ын дэргэд авчрах нь зөв. Тэгж байж хүн, хүч нь нэмэгдэнэ. Түүнээс биш Үндэсний мөрдөх алба байгуулах юм бол асар их хавтаст хэрэг замын голоос алга болно. МАН-ынхан хулгай, луйвраа замхруулахын тулд Үндэсний мөрдөх алба байгуулчхаад, “Одоо яг тэгээс эхэлье” гэх гэж байгаа биз. Би авлигачдыг сайн мэднэ. Манайхан чинь хуулийн аргаар авлигаас зугтдаг. 2002 оны Эрүүгийн хуулийг батлахдаа авлига, албан тушаалын хэргийг оруулаагүй. Тухайн үед АТГ дөнгөж байгуулагдаад удаагүй байхад авлига, албан тушаалын 525 хэрэг илрүүлсэн боловч шалгах хууль нь байгаагүй учраас бүх хүн цагаадсан. Тэгж явсаар 2008 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан юм даа.
–Ер нь таныхаар МАН шинэчлэгдэж, авлигатай тэмцэж чадах болов уу. Өөрсдөө бол авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг журмын нөхөд байсан ч хамгаалахгүй л гээд байгаа шүү дээ?
-Шуудхан хэлэхэд МАН авлигатай тэмцэнэ гэдэгт би итгэхгүй байна. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг МАН-ын маргааш дуусахгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг МАН-ын олон гишүүн цөлмөсөн. Тэднээс хэд нь хариуцлага хүлээсэн билээ. МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хөөлөө гээд сүржигнээд байсан чинь нөгөө л Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарын таван хүн байсан шүү дээ. Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундар, С.Бямбацогт нар бүрэн эрхээсээ татгалзаад, хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Буруугүй бол эргээд ирнэ биз. Даанч тэд нарт ёс зүй, эр зориг алга. Гэм буруутай хүн шалгаагүй байхад зугтаана, гэм буруугүй хүн ямар ч шалгалтыг инээж угтдаг гэх үг бий.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шиг шийр заах хүн алга. Би хувьдаа Н.Номтойбаярыг үнэлдэг. Гэтэл одоогийн гишүүд нь шалчигануур, попордог болчихжээ.
Өрсөлдөгч намын хувьд МАН-ыг зөв зүйтэй сайн яваасай, эрх мэдэлтэй байгаа үедээ хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог зөв болгоосой гэж хүсдэг. Хэрэв сайн ажиллаж чадахгүй бол АН тэдний хийсэн алдааг засч явсаар дөрвөн жилийн хугацаа алдана. Тиймээс МАН монарх байгаа үедээ буюу жижиг сажиг зүйл рүү орохгүйгээр асуудлыг том зургаар нь харж, аливаа асуудлын тогтолцоог өөрчилж, сайжруулж чадвал тэднийг бүгдийг нь буцаад сонгосон ч яах вэ дээ. Ард түмэн МАН-д дүн тавихад хоёр жилийн хугацаа үлдсэн байна. Би ард түмний нэг учраас МАН юу хийж чадах вэ гэдгийг хүлээгээд сууж байна. Миний найз нөхдүүд МАН-ыг найман жил сонгосон. Ойр тойрны хүмүүс бурхны оронд одохоосоо өмнө “Нам минь мандтугай” гээд хэлсэн тохиолдол ч бий. Энэ бол бодит явдал шүү. МАН-ыг бурхан мэт шүтдэг олон хүн бий. Тэр утгаараа би МАН-ыг муу яваасай гэж хүсдэггүй. Толгой дээр нь байгаа хүмүүс зөв чиглүүлээд явбал асуудалгүй байх гэж бодтол өнөөдрийг хүртэл үр дүн нь гарахгүй байна. Тиймдээ ч ард түмэн нэг юм бодох байлгүй дээ гэж горьдоод байна. МАН-ыг шүүмлэх биш, зөв арга заагаад өгөөч гэж хэлбэл би нэг л зүйл хэлнэ.
-Ямар?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ганц удаа тэглэчих. Цар тахлын улмаас татвараа төлөх боломжгүй олон байгууллага бий болсон. Энэ бол поп санал биш. Уул уурхай болон архи, тамхины онцгой албан татварын хэмжээ нь улсын төсвийн 98 хувийг бүрдүүлдэг. Үүнийг тэглэхгүйгээр байгууллагуудын, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэх хэрэгтэй. Үүрийн 05.00 цаг хүртэл архи, пиво уухыг зөвшөөрснөөс илүүтэй дээрх шийдвэр нь үр дүнтэй.
АН-ЫН ЛИДЕР БАЙСАН ХҮН МАН-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ ХИЙЖ БАЙНА ГЭДЭГ АЙМШИГТАЙ
-МАН-ын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж байгаад та сэтгэл дундуур байгаа юм байна. Тэгвэл танай нам 2024 онд сонгогчдын итгэлийг авч чадахгүй. Хоорондоо учраа олохгүй байгаа хүмүүс эвлэлдэн нэгдээд ялалт байгуулж чадна гэдэгт итгэхгүй байна?
–1992 оноос хойш 30 жил МАН төрийн эрх барьсан. Ард түмэн МАН-д маш их хайртай. Худал яриад байхад л сонгоод байдаг. АН-ын үед түгжрэлийг шийдэхийн тулд метро барих төслийг эхлүүлтэл МАН гацаасан. АН “Гудамж” төслийн хүрээнд 21 аймаг руу засмал зам тавьсан. Гэтэл иргэд Дарханы замыг ч барьж чадахгүй МАН-ыг сонгосон шүү дээ. Ард түмэн АН-ын нэг зүйлд гомдож явдаг, АН-ыхан төр барихаар хоорондоо хэрэлдээд байдаг гэлцдэг. Таван нам нийлсэн болохоороо ч тэр үү фракцын хэрүүл нь төрийн зовлон болсон байх л даа. Одоо харин бүх юм тос, усаараа ялгарч байна. Жинхэнэ ялгарал гараад, тар нь танигдаж байна. Би асууя. МАН-ыг аль даргатай АН шүүмжилж байна. Хэн шүүмжлэхгүй, бүр дэмжээд Үндсэн хуулийн Цэц рүү бичиг барьж гүйгээд байгаа юм бэ. Ингээд бодоод үзэхээр ард түмэн тэнэг биш буруу, зөвийг ялгана.
-МоАХ-г тойроод танай АН-ынхан бас хэрэлдээд уналаа. МоАХ бол үзэл санааны анхдагч байгууллага гэтэл нэг хүний хувийн компани шиг болчихсон гэсэн шүүмжлэл гараад байгаа?
-МоАХ амь орж байж АН амилна. Ардчилал гэдэг нь ямар нэгэн байдлаар институцжсэн, коммунист сэтгэлгээтэй, ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг зүйл биш. АН бол өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр нэгддэг хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүмүүсийн нэгдэл. Үүний төлөө 1990 оны гуравдугаар сарын 7-нд МоАХ хувьсгал хийсэн. Гэтэл 2007 оноос хойш нэг хүний холбоо болчихлоо.
Х.Баттулга 15 жил МоАХ-г удирдаж байна. Гишүүд нь шинэчлэгдэх талаар уриалж, холбооныхоо хурлыг хийж, цаашаа явах гэхээр өөдөөс бөхчүүд нь уурлаад байх юм. Ер нь АН-ын лидер байсан хүн МАН-ын даргын зөвлөх хийж байна гэдэг аймшигтай үзэгдэл.
АН-ын суурь нь МоАХ. Гэтэл гол суурийнх нь толгой нь эсрэг хүчиндээ үйлчилж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх хийнэ гэдэг чинь юу гэсэн үг юм. Эрүүл ухаанаар бодоод үз л дээ. Хэдийгээр хувь хүний сонголтын асуудал ч гэсэн МАН-д зөвлөх хийж таарахгүй. Тиймээс МАН-ынхан Х.Баттулгыг болиулах хэрэгтэй. Ёс зүй талаасаа ч тэр дараагийн хүнд боломж олго л доо. Ерөнхий сайдад зөвлөх хүн олдохгүй байгаа биш, нам дотор нь зөвлөөд ажилчих олон хүн бий.
–Монголын шүүх өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилж ирсэн гэх шүүмжлэлд өртдөг. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн амаараа баталсан удаатай. Хөгжлийн банкны хэрэг дээр ч тэд эрх баригчдын үгээр хөдлөөд байна уу гэсэн хардлага төрүүлж байна?
-Шүүх Хөгжлийн банкны удирдлагуудыг “Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг хэлэлцсэн. Ингэхдээ цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хэр зохистой вэ гэдэг анхаарал татсан. Бүлэг хэрэг дээр гүйцэтгэгч, захиалагч, зохион байгуулагч, хамжигч гэж бий. Тиймээс гүйцэтгэгч, зохион байгуулагч хүнийг цагдан хорьж, хамжигч, хатгагч гэх хүмүүсийг гадуур байцааж болно. Хүнийг яллагдагчаар татчхаад, шууд цагдан хорих санал гаргасанд гайхсан. Ямар учиртайг би ойлгоогүй.
Мэдээ,ж хойшлуулашгүй арга хэмжээг 48 цагт авч болно. Түр саатуулах хооронд цагдан хорих нотлох баримтуудаа цуглуулдаг. Хуульд заасан үндэслэлээр буюу оргон зайлахыг завдсан, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрч, шүүгчдэд хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй, амиа хорлохоос урьдчилан сэргийлэхийн тулд цагдан хорих шийдвэр гаргадаг. Би хүний нэр дурдмааргүй байна. Гэхдээ гэрчийг сүрдүүлсэн гэх үндэслэлээр нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна лээ. Энэ маш ноцтой шүү. Хэрэв гэрчийг дарамталсныг нотолж чадахгүй бол бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа хэрэг.