Улс төр хийхээс илүү улс орныг хохиролгүй болгох ёстой!

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Улс төр хийхээс илүү улс орныг хохиролгүй болгох ёстой!

Улс төр хийхээс илүү улс орныг хохиролгүй болгох ёстой!

Хөгжлийн банкны хулгай, тонуултай хийх улс төрийн тэмцэл ид өрнөж байна. Үүгээр далимдуулан намдаа цэвэрлэгээ хийж, өнчин ишигний гарзгүй хэдэн гишүүнээ хөөснөөр ямартаа ч МАН цатгалан, сүрэг бүтэн үлдэв.

Эрх баригч намаас оройлон оролцож буй энэ асуудлаар Нийслэлийн прокурорын газраас 12 хүнийг цагдан хорих санал хүргүүлснээс шүүхээс "оргон зайлж", "дахин гэмт хэрэг үйлдэж", "өөрийн эрүүл мэнд амь, насанд хохирол учруулж" болзошгүй гэх гурван үндэслэлээр Н.Мөнхбат, Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Х.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан нарын арван хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар татсан байна.

Даваа гаригт Н.Мөнхбатын өмгөөлөгч хэвлэлд хандаж, “Н.Мөнхбат Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолыг биелүүлж, "Эрдэнэс Монгол" компанид зээл олгосон. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй учраас Н.Мөнхбатыг шалгаж байна. Шүүхэд хангалттай нотлох баримт, ганц гэрчийн мэдүүлгээс өөр зүйл алга. Гэрч гэгдээд байгаа хүнтэй Н.Мөнхбат нь 2017 оноос хойш уулзаагүй” гэсэн ярилцлага өгөв.

Зүй нь зээл олгосон Н.Мөнхбатыг биш зээлийн эргэн төлөлтөө огт хийгээгүй “Эрдэнэс Монгол”-ын удирдлагуудыг шоронд хорих ёстой атал. Түүнчлэн ЭХЯ, МИАТ, ДЦС-IV зэрэг төрийн яам, төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргэн төлөлт нь тэг. Хэний үед, хэчнээн төгрөгийн зээл аваад, яагаад төлөөгүй вэ? Хэр мөнгөөр юу авсан, хийсэн, бүтээсэн бэ гэх мэт.

Зүй нь Хөгжлийн банкнаас төрийн нэрээр авсан, үрсэн төгрөг бүрийг бүртгэх учиртай. Товчхондоо, өгсөн хүнээс гадна үрсэн хүнийг нь ч бас шалгах тогтоовол задарсныг засаглахад нэмэр болох биз.

АТГ-аас нийтдээ 73 компанийг мөрдөн шалгаж буй агаад асуудал ийм дээрээ тултал Монголбанк, Сангийн яам юу хийж байсан юм бэ гэж. Тэгэхээр тэднийг ч гэсэн давхар шалгахаас өөр арга замгүй.  Хөгжлийн банкийг хөндлөнгөөс мануулахаар Сангийн яамны халаасанд  2020 онд аваачсан. Гэтэл мэргэжлийн болон удирдлагын чиг үүргийг нь хянаж, манах ёстой хүмүүс төдийгөөс өдий хүртэл яагаад ямар нэгэн арга хэмжээ авсангүй вэ. Банк тонож дуусахыг нь хүлээж суугаагүй юм бол нийт зээлийнх нь 55 хувь чанаргүй болсон нь хаана, хаана ажлаа хийсэнгүй гэсэн үг.

Хөгжлийн банкинд үүссэн асуудлыг цэгцлэхээр Ерөнхий сайд ТУЗ-ийн гишүүдийг нь 100 хувь чөлөөлөх, мөн тус банкны 20 гаруй ажилтныг халах үүргийг Сангийн яаманд өгсөн.  Тэднийг халдаг юм байж, гэхдээ өгсөн зээлээ хэн яаж нэхэж авах вэ. Тус банкны авлага барагдуулах "албанд" МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөх асан  Ж.Эрхэмбаатарыг томилов. Чухамдаа мэргэжлийн банкируудад биш, "намын" хуульчид зээлийн өр барагдуулах үүрэг хүлээлгэсэн нь хачирхалтай. Өнөөх нь ядаж байхад эрүү, шүүхээр айлгаж данс, тооцоог нь хаагаад баллаж байгаа гэх. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулаар "мануухай" хийлгэх ямар шаардлага байгаа юм бэ.

Зөвлөж явсан хүнийх нь магтсанчлан Ж.Эрхэмбаатар нь 2012 онд Сангийн яамтай гэрээ байгуулж, төрийн өрийг барагдуулах төслийг удирдан ажиллаж байсан мэргэжлийн өмгөөлөгч байг л даа. Гэхдээ зээлийг нь төлүүлэхгүйгээр зээлдэгчийн эд хөрөнгийг шууд битүүмжилбэл улсад учруулсан хохирлыг нь хэрхэн яаж барагдуулах гэсэн юм бол. Ядаж байшингаа, газраа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ, барьцаа хөрөнгөө зах зээлийн ханшаар зарж үрээд, өр төлбөрөө төлөх нөхцөл боломжоор нь хангаж байж дараагийнхаа арга хэмжээг авах хэрэгтэй байтал.  Гэтэл бүх өмч, хөрөнгийг нь битүүмжилчхээр өнөөх нь шоронд суусан нэр зүүгээд улсыг хохирлыг барагдуулсан юмгүй л асуудал замхрах тийшээгээ явна.

Уг нь бидэнд Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) гэж бэлээхэн том сургамж байна. Тухайн үедээ 67 тэрбумын хохиролтой, нийгмийг донсолгосон уг хэргийн улмаас нэг хэсэг нь шоронд сууж, нөгөө хэсэг нь татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулаад өнгөрсөн. Дунд нь олон хүн мөнгө ч завшсан, ял ч завшсан. Бас л МАН засгийн эрх барьж байх үеийн дуулиан.

ХЗХ-ны эздийн хөрөнгийг нь битүүмжлээд, эд хөрөнгөө зарж, хохирлоо барагдуулах боломжгүй болгочихсоноос үүдэлтэй хүн амины хэрэг хүртэл гарч байлаа. Өнөөдөр ч ялгаагүй Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын хөрөнгийг битүүмжиллээ л гэнэ, дансыг нь царцаалаа л гэнэ. Дагаад тус компаниудтай хамтарч ажилладаг, ханган нийлүүлдэг, худалдан авдаг 4000 аж ахуйн нэгжийн данс, тооцоо царцаж байгаа аж.

Хөгжлийн банкаар далимдуулж МАН улс төрийн хожил хийдэг юмаа гэхнээ эдийн засгийн хэлмэгдүүлэлт явуулж болохгүй. Энэ нь банк тоногч, баялаг бүтээгч хоёроо ялгаж, салга гэсэн үг.

Ирэх 2023 онд Хөгжлийн банк 800 тэрбум төгрөг төлнө. Түүнийг Засгийн газар барагдуулахаас өөр аргагүй тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул яриад сууж байж боломгүй. Засгийн газрын мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Засгийн газраар биш, зээлдэгчдийн үйл ажиллагааг хянах, барьцаа хөрөнгийг нь зах зээлийн зарчмаар зарж худалдах замаар өр барагдуулах ёстой болохоос "феодал"-ын хөрөнгийг шууд хураагаад, булаагаал авчихлаа гэхэд улсын хохирол барагдахгүй.

Үндсэндээ нэг улстөрч нь нөгөө улстөрчөөсөө өмч хөрөнгийг нь хялбархан аргаар хямдхан дээрэмдэх вий л гэж байгаа юм. ХЗХ-ны гашуун сургамжаас харсан ч иймэрхүү явдал гарч болзошгүй. Тэгж ярих юм бол Монголын төр хулгайч, дээрэмчин олонтой шүү дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Б.Баттөмөр Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нарын гишүүд Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийж үр дүнг нь хаврын чуулганы нээлтээс өмнө парламентад танилцуулах гэнэ лээ.  Энэ асуудлаар УИХ ирэх сарын 7-нд нээлттэй сонсгол хийхээр товложээ. Гэхдээ нээлттэй сонсгол хийх нэг хэрэг. Гол нь Хөгжлийн банкны хуулийг шинэчилж, менежментийг нь өөрчлөх хэрэгтэй. Түүнээс Хөгжлийн банкийг Эксим банк болголоо гээд нэр солигдохоос нийлбэр дүн өөрчлөгдөхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж