Covid-19-ийн үеийн төгсөгч ажилд авахгүй гэдэг зөв үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн үеийн төгсөгч ажилд авахгүй гэдэг зөв үү?

Covid-19-ийн үеийн төгсөгч ажилд авахгүй гэдэг зөв үү?

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ажил олгогчид ажлын байрны шалгууртаа зарим нэг шаардлага нэмж оруулжээ. Тэр нь " Covid-19-ийн үеийн бус төгсөгч ажилд авна" гэх зар. Нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг компани захирлын туслах ажилд авахдаа дээрх шалгуурыг оруулсан нь нийгмийн сүлжээнд иргэдийг талцуулсан. Энэ шалгуурт 2021-2022 оны төгсөгчдийн хувьд тэнцэхгүй гэсэн үг. Тус аж ахуйн нэгж яагаад ийм зар оруулсныг асуухад:

"Мэдлэг, дадал хоёрыг хослуулах чадвар хэрэгтэй  учраас 2021 оноос өмнөх төгсөгч авна гэсэн утгатай зар тавьсан. Төрийн байгууллага биш учраас ажлын шаардлагадаа тодорхой үүрэг, чиглэлийг дотооддоо хэлэлцэж тусгаж болно" гэсэн тайлбар өгсөн юм.

Цар тахлаас болж сүүлийн хоёр жил бүх төрлийн сургуулиудын үйл ажиллагаа хөл хорионд орсон. Танхимын бус онлайн сургалт зонхилсон тул зохих төвшний мэргэжил, боловсрол, мэдлэг олж аваагүй гэж  үзэж байгаа бололтой. Одоогоор ажлын байрны анкет хүлээн авч байгаа хэвээр аж. Харин энэ талаар их, дээд сургуулийн хөтөлбөрийн алба, багш нараас тодруулахад дараах тайлбарыг хэллээ.

МУИС: АЖИЛТАН АВАХ БАЙГУУЛЛАГА ЧАДВАРЫГ ЧУХАЛЧЛАХ ЁСТОЙ

Монгол Улсын Их сургуулиас энэ талаар тодруулахад  онлайн болон танхим хосолсон хэлбэрээр хичээл үзлээ гээд мэдлэг дутуу авсан гэсэн үг биш. Зайн сургалтаас зохих түвшний мэдлэгийг бүрэн авахгүй гэдэг буруу ойлголт. Энэ тал дээр ур чадварыг чухалчлах нь зөв.  Мэдээж, ямар ч байгууллага чадвартай хүнийг ажилд авна. Харин  шалгуур үзүүлэлт дээр Covid-19-ийн үеийн биш төгсөгч авна гэж тусгайлан онцолсон нь буруу гэж бодож байна Ажил горилогч ярилцлагад ороод, дадлагажих хугацаанд компани сонгох эсэхээ шийддэг. Гэтэл одоо нийгэмд харьцангуй ойлголт гаргаж, нэг талаар туйлширсан нь ажиглагдаж байна.

ШУТИС: МЭРГЭЖЛИЙН ПРАКТИК ДАДАЛ, УР ЧАДВАР ДУТАХ МЭРГЭЖИЛ ГЭЖ БИЙ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийнхан "Зарим мэргэжлийн онцлогоос шалтгаалж ингэж тусгаж болно. Гэхдээ зөвхөн онцлох мэргэжлүүд байвал өөр. Харин мэдлэгээ эзэмшсэн оюутанд мэргэших боломж олгохгүй байгаа асуудалд анхаарах хэрэгтэй. Ажил олгогч мэдээж чадварлаг боловсон хүчин эрэлхийлж байгаа. Цар тахлаас шалтгаалж дадал эзэмшээгүй мэргэжилтнүүд нийгэмд гарсан нь үнэн. Тэдгээрийн хувьд шигшигдэх нь тодорхой. Ажлын байрны зар дээр бичсэн нь эргэлзээ төрүүлж байгаагаас биш утгын хувьд бол нэг талаар зөв. Өрсөлдөөний зах зээл дээр боловсон хүчний асуудал аяндаа ялгарна. Түүнээс төгссөн оноор хязгаарлана гэдэг бол утгагүй" гэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заажээ. Мөн 6.3 дахь заалтад ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд дээрх төрлийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байна.

Иймд дээрх компанийн ажлын зард тусгасан шаардлага нэг талаар хүний эрх, нөгөө талаар ажил олгогчийн үүргийг зөрчжээ. Одоогоор энэхүү зарын дагуу ажлын байранд тус компани ажилтан аваагүй бөгөөд тавигдах шаардлагаа өөрчлөөгүй байна. Ямартай ч 2021 онд төгссөн 59 мянга гаруй төгсөгчийн эрхийг зөрчсөн жишээг энэ байгууллагаас харах боломжтой. Хуульчид "Ямар нэг хариуцлага тооцох нөхцөл бүрдээгүй" гэж үзэж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж