Хятад: Гуйхгүй, зээлэхгүй, зүгээр хулгайлна

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

Хятад: Гуйхгүй, зээлэхгүй, зүгээр хулгайлна

Хятад: Гуйхгүй, зээлэхгүй, зүгээр хулгайлна

Хятад бол дэлхийд ноёрхлоо тогтоохоор оролдож буй хуруу дарам цөөхөн улсын нэг. Дэлхийн энтэй том зорилгодоо хүрэхийн тулд тэд бүх арга залиа ашиглана. Тэр дундаа хулгайн арга замыг ч ашиглана. Технологи гэдэг бол аливаа улсын цэнгэлийн манлайд хүрэх гол түлхүүр билээ.

Шинжлэх ухаан гэдэг хэн дуртай нь оролдоод байдаггүй хатуу самар. Бүх зүйл боломжгүй санагдаж, мухардалд орох үе олон. Ийм тохиолдолд ихэнх орнууд бусдын аль хэдийнэ нээж илрүүлсэн технологийг нэвтрүүлэх аргыг сонгодог. Ихэнх орнууд технологи худалдаж авах буюу зээлэх арга хэрэглэдэг. Харин Хятад улс л гурав дахь хувилбар болох хулгайн замд дуртай ажээ.

Өдгөө АНУ, Хятадын хооронд технологийн хүйтэн дайн өрнөж буй. Хятад улс энэ тал дээр асар их хөрөнгө хаяж буй хэдий ч АНУ хол түрүүлсээр л байна. Тиймээс тэд технологийн дэвшлийг олж авахын тулд тагнуул хийдэг.

Хятадаас цалинжиж, АНУ-д судалгааны чиглэлээр ажиллаж буй 500 гаруй эрдэмтэн байгааг өнгөрсөн оны наймдугаар сард цахим сүлжээнд мэдээлсэн. Тэд мэдээж үүнийгээ АНУ-ын засгийн газраас нуудаг. Эдгээр эрдэмтэд Бээжингийн цалингийн жагсаалтад байдаг учраас дараа нь АНУ-ын аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжгүй байдаг аж. Судалгааны чиглэлийн хувьд маш өргөн цар хүрээтэй бөгөөд эрдэнэшишийн тариалалтаас өгсүүлээд хорт хавдрын судалгаа хүртэл багтана.

АНУ дэлхий даяар хөдөлмөр зуучлалын хөтөлбөр зохион байгуулдаг нь Хятадын хувьд бэлэн хоол болдог аж. Тэднийг Нэгдсэн улсын засгийн газраас ивээн тэтгэдэг бөгөөд харьцангуй бага хяналт тавьдаг. Тоо баримт сөхвөл, АНУ-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын 28 хувь нь гадаадын иргэд байдаг байна. Мөн 73 хувь нь АНУ-д төрсөн гадаадын иргэд байдаг аж.

Дээрх асуудалд Өмнөд Иллинойсын их сургуулийн математикийн багшийг буруутгаж байжээ. Тодруулбал, тэрбээр АНУ-аас 151 мянган ам.долларын санхүүжилт авсан, 2018 оноос хойш Хятадаас ч бас мөнгө авч байснаа нуусан байна. Мөн их сургуулийн судлаач Сүн Гуо Жэн гэх хүн АНУ-аас 4.1 сая ам.долларын тэтгэлэг авсан боловч энэ мөнгөө Хятадын ревматологи, дархлаа судлалын чиглэлээр мэргэшихэд зарцуулжээ.

Covid-19 цар тахал дэлхий дахинд тархсанаас хойш Хятадын технологийн хулгай улам эрчимжиж, АНУ-ын вакцины судалгаанд чиглэх болжээ. Хятадын хакерууд “Moderna”-гаас мэдээлэл хулгайлахыг завдсан явдал ч гарчээ. Түүнчлэн АНУ нь Хятадын засгийн газрыг өөрсдийнх нь цэргийн технологи, нууцын зэрэглэлтэй мэдээлэл, компаниудын худалдааны мэдээллийг хууль бусаар олж авахыг завдсан гэж байнга буруутгасаар байна.

Хятадууд яг ямар хулгайн арга ашигладаг вэ?

Уламжлалт тагнуулын арга барилаас гадна хятад компаниудыг Америкийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллуулах замаар технологи, эдийн засгийн мэдээлэл олж авдаг. Мөн мэдээж цаг үеэ дагаад кибер тагнуул ашиглан, АНУ-ын бизнес болон төрийн байгууллагуудын компьютерийн сүлжээнд нэвтэрдэг.

Уламжлалт тагнуулын арга гэдгээс дурдвал номын сан, судалгааны байгууллага, ангилагдаагүй мэдээллийн сан зэрэг бүх төрлийн нээлттэй эх сурвалжаас мэдээллээ олж авахыг хэлнэ. Мөн тусгай даалгавар бүхий аялагчдыг АНУ руу илгээж, тэд буцаж ирэхдээ солилцооны хөтөлбөр, худалдааны төлөөлөгчийн газар, шинжлэх ухаан-хамтын ажиллагааны хөтөлбөрөөс буцаж ирсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгдөг байна.

АНУ-ын Үндэсний кибер аюулгүй байдлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Орландо хэлэхдээ "Хятад улс жил бүр Америкийн 200-600 тэрбум ам.долларын үнэ бүхий оюуны өмчийг хулгайлсан" гэжээ. Холбооны мөрдөх товчоо 10 цаг тутамд Хятадтай холбоотой тагнуулын шинэ хэрэг нээж байна гэж захирал Кристофер А.Рэй хэлсэн байна. Тодруулбал, 2020 оны байдлаар шалгагдаж буй 5000 орчим тагнуулын хэргийн тал хувь нь Хятадтай холбоотой байгаа аж.

Цөмийн тагнуул

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хятадууд АНУ-ын цөмийн нууцыг бараг 20 жилийн тэртээгээс хулгайлж байсныг нотлох баримт илрүүлжээ. Тодруулбал, аль 1999 онд АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимаас гаргасан тайланд хятадууд тус улсын тив алгасагч баллистик пуужингийн термоядролын цэнэгт хошуу нэг бүрийн нууц мэдээллийг хулгайлсан гэжээ. Хятадууд АНУ-ын техникийн болон эрдэм шинжилгээний нийтлэлүүдийн тойм гэх мэт мэдээллийг эрдэмтэдтэй харилцах замаар цуглуулдаг байна. Ингэхдээ олон тооны хүмүүст жижиг хэмжээний мэдээлэл цуглуулах даалгавар өгдөг аж.

Кибер тагнуул

Санхүү, батлан хамгаалах, технологийн компаниуд, судалгааны байгууллагуудын сүлжээнд нэвтрэхийг завдах нь мэдээжийн хэрэг том асуудал. Хүлээн авагчийн сүлжээнд нэвтэрснээр цахим шууданд нь хандах, нууц бичиг баримтыг тодорхой хаяг руу илгээх, вэб камер, микрофон зэрэг хэрэгслүүдийг нь асаах боломжтой болдог.

“Google”-ийн дотоод сүлжээ 2010 оны нэгдүгээр сард маш боловсронгуй, зорилтот халдлагад өртөж, оюуны өмч хулгайлагдсан гэх мэдээлэл байдаг. Мөрдөн байцаагчдын дүгнэснээр, энэхүү кибер халдлагаар Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгчдийн “Gmail” хаягийг онилсон байжээ. “Google”-ээс гадна “Yahoo”, “Adobe”, “Northrop Grumman”, “Dow Chemical” зэрэг томоохон 34 компани халдлагад өртсөн байна.

Батлан ​​хамгаалахын компаниуд руу чиглэсэн халдлага нь зэвсгийн системийн мэдээллийг онилдог бол технологийн компаниуд руу чиглэсэн халдлага программ хангамжийн хэрэглээнд чухал ач холбогдолтой эх кодыг эрэлхийлдэг аж.

Дональд Трамп 2020 оны наймдугаар сард Хятадын эзэмшлийн аппликейшнд тавьсан хязгаарлалтыг албан ёсоор сунгаж, улсынхаа оршин суугчдыг “TikTok” болон “WeChat” гэх алдартай платформуудтай хамтрахыг хориглосон хоёр тушаалд гарын үсэг зуржээ. Эдгээр платформоор дамжуулан хувийн мэдээллийг ил болгох аюултай гэж үзсэн байна.

Стратегийн эрдэмтэд

АНУ 2020 оны есдүгээр сард Хятадын 1000 оюутан, судлаачийн визийг цуцалсан гэж мэдээлсэн. Эрх баригчид оюутнуудыг Хятадын армитай холбоотой байсан гэж мэдэгдэж, заримыг нь тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ.

АНУ-ын Хууль зүйн яам Харвардын их сургуулийн Хими биологийн тэнхимийн дарга, доктор Чарльз Либерийг 2020 онд баривчилсан. Тэрбээр ажил үүргийнхээ дагуу нано шинжлэх ухааны талаарх мэдээллийг шууд гартаа оруулах боломжтой байжээ. Үүгээр ч зогсохгүй 2011 онд Ухань хотын Технологийн их сургуулиас “Стратегийн эрдэмтэн” цол хүртэж байсан аж.

Хятадын удирдагч агсан Дэн Сяопин залуучуудыг гадаадад суралцахыг дэмжсэн ч Бээжин тэднийг эх орондоо эргэн ирүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Хятадын засгийн газрын тоо баримтаас үзвэл, буцахаар шийдсэн гадаад оюутнуудын эзлэх хувь 2005 онд хамгийн бага буюу 25 хувь байсан бол 2018 онд 64 хувь болж өссөн байна.

Хятадын технологийн хулгай зөвхөн АНУ-аар тогтохгүй, Австрали, Герман, Япон, Испани, Өмнөд Солонгос, Швед, Их Британи зэрэг орнууд руу ч чиглэдэг. Тэд өндөр технологийн үйлдвэрлэл, эм зүй, батлан хамгаалах болон бусад салбарыг "онилдог" байна. Хятадын Төрийн аюулгүй байдлын яамтай хамтран ажилладаг хоёр хакерыг энэ хэрэгт буруутгажээ.

Ерөнхийлөгч Жо Байден “мөргөлдөөн биш өрсөлдөөний арга барил”-аар Хятадтай харилцах сонирхолтой. Хэрвээ АНУ хяналт шалгалт, кибер аюулгүй байдлаа илүү чангатгахгүй бол технологийн дэвшил цаашид улам хавтгайрч мэдэх юм.

Эх сурвалж: WIONEWS, WIKIPEDIA, THE ATLANTIC, USEMBASSY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж