Орос улс Украины зүүн хэсэгт салан тусгаарласан хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрч, энх тайвныг сахин хамгаалах зорилгоор цэрэг байршуулна гэсэн мэдэгдэл гаргасны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан зохион байгууллаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд 15 гишүүн орон байдгаас нөлөө бүхий томоохон улсын төлөөлөгчид Украины асуудалд ямар байр суурь илэрхийлснийг онцолж байна. Гишүүн орнууд ОХУ-ын ерөнхийлөгч Путины гаргасан байр суурийг буруутгаж, түрэмгийллээ зогсоохыг эрчимтэй уриалжээ.
АНУ: Ерөнхийлөгч Жо Байден энэ шийдвэрийг эрс буруушааж, Украины ерөнхийлөгч В.Зеленскийд хандан “АНУ холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран түрэмгийллийн эсрэг шуурхай, шийдэмгий арга хэмжээ авна” гэжээ. Тэгвэл Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ “Энэ үйлдэл нь Оросын дипломат амлалттай зөрчилдөж байна. Улс орнууд хүч хэрэглэх, сүрдүүлэх замаар шинээр бий болсон төрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үүрэгтэй. Путины үйлдэл нь олон улсын хууль, хэм хэмжээг үл хүндэтгэж буйн илрэл юм. Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, засгийн газар, ард түмний төлөөх бидний байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэжээ.
Хятад: ОХУ-ын хамгийн ойрын холбоотнуудын нэг болох Хятад улс аль нэг талд ороогүй хэдий ч хурцадмал байдлыг өдөөж болох аливаа үйлдлээс зайлсхийх уриалгыг бүх талуудад хандан гаргалаа. Хятадаас НҮБ-д суугаа элчин сайд Жан Жүн хэлэхдээ “Украины өнөөгийн нөхцөл байдал нь маш олон ээдрээтэй хүчин зүйлсийн үр дагавар” гэжээ.
Франц: Франц улсын хувьд мөн л буруутгасан байр суурьтай байгаа бөгөөд ерөнхийлөгч Эммануэль Макрон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулж, хориг арга хэмжээ авах санал гаргажээ.
Их Британи: Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ “Путины шийдвэр нь Минскийн хэлэлцээрийг үгүйсгэж, Украины бүрэн эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Их Британи чадах бүхнээ хийх болно” гэжээ. Тэгвэл Гадаад хэргийн сайд Лиз Трасс хэлэхдээ “Энэ алхам нь Минскийн хэлэлцээрийг дуусгавар болгож байгааг илтгэж байна. Мөн НҮБ-ын дүрмийг ч зөрчиж байна. Олон улсын амлалтаа зөрчсөн уг үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхгүй үлдэхийг бид зөвшөөрөхгүй” гэв.
Дээрх улсуудаас гадна Герман, Польш, Турк, Япон, Энэтхэг, Австрали зэрэг олон орон Оросын түрэмгийллийг хүчтэйгээр эсэргүүцэж байна. Эндээс дүгнэхэд, аливаа улс дотооддоо эв нэгдлийг сахихгүй бол гарз хохирол нь хэмжээлшгүй их байгаад зогсохгүй гадаадын орнуудын бэлэн өгөөш болж, тусгаар тогтнолоо алдах хүртэл эрсдэлтэй тулгарч болохыг Казахстаны цуст нэгдүгээр сар болон Украины асуудал бэлээхэн харууллаа.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ