Их Британи улс 2017-2019 оны хооронд орны матрас, хивc зэрэг хог хаягдлаа Шри Ланка руу илгээж байжээ. Гэтэл бодит байдал дээр моргийн хог хаягдал, хүний эд эрхтний тасархай зэрэг эмнэлгийн био хог хаягдал хүртэл энэ дунд нь байсан гэж гаалийн ажилтнууд мэдээллээ. Тээвэрлэж ирсэн чингэлэгийг хөргөх технологи байхгүй учир заримаас нь аймшигтай үнэр үнэртэж байсан гэж албаны хүмүүс хэлэв.
Азийн олон орон гадаадын баян чинээлэг улсуудаас хог хаягдал хүлээж авдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр хог хаягдлыг нь буцааж өгч эхлээд байна. Тухайлбал, Филиппин, Индонези, Малайз улсууд хүлээж авсан хог хаягдлаа илгээгч рүү нь буцаасан. Шри Ланка улсын хувьд нийт 3000 тонн хог хаягдал бүхий 263 чингэлэгийг буцаасан бөгөөд сүүлийн ээлж болох 45 чингэлэгийг өчигдөр /2022.02.21/ Коломбо боомтоос ачлаа. Эмнэлгийн хог хаягдал ачсан хамгийн анхны 21 чингэлэг 2020 оны есдүгээр сард Их Британи руу буцжээ.
“Ийм аюултай ачаа импортлох оролдого дахин гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид сонор сэрэмжтэй байж, дахин ийм явдал гаргахгүйг хичээнэ” гэж Гаалийн газрын дарга Вижита Равиприяа хэлэв.
Шри Ланкагийн нэгэн компани хэрэггүй болсон матраснаас пүршнүүдийг нь авч ашиглахаар төлөвлөж байжээ. Гэвч гаалийн ажилтнууд огт өөр хог хаягдал энэ дунд нуугдсаныг илрүүлснээр орон нутгийн байгаль орчны идэвхтнүүдийн бүлэг шүүхэд өргөдөл гаргасан. Хог хаягдлыг илгээгчид нь буцааж өгөхийг шаардсан уг өргөдлийг давж заалдах шатны шүүхээс 2020 онд дэмжсэн байна.
Их Британиас ирсэн эдгээр чингэлэг нь аюултай хог хаягдал, тэр дундаа хуванцар тээвэрлэхтэй холбоотой олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэж гаалийн ажилтнууд мэдүүлэв. Энэ явдалтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Их Британи улс 180 тонн хог хаягдлыг Энэтхэг, Дубай руу мөн ачуулсан болохыг тогтоожээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ