Хөгжлийн банктай холбоотой Нийслэлийн прокурорын газраас 12 хүнийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга З.Баяржаргалаас тодруулахад “Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах талаар санал ирсэн. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж аваад өнөөдрийн /2022.02.22/ байдлаар нийт 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал 11.00 цагаас эхэлсэн.
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах санал ирсэн боловч шүүх хуралдааны явцад өчигдөр буюу яллагдагч Н.Мөнхбатын зүгээс шүүгчээс дахин татгалзсан. Уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хойшилсон.
Үүнд яллагдагч, Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Х.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан гэсэн хүмүүст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан” гэлээ.
Холбоотой мэдээ