Цар тахлын үеийн тодорхой бус байдал, гэнэтийн шокууд нь эдийн засгийн прогнозыг ихээхэн төвөгтэй болгож байгаа жишээг төв банкуудын инфляцын төсөөллөөс харж болохоор байна.
ЖИШЭЭ 1: АМЕРИКТ ИНФЛЯЦИ ТӨВ БАНКНЫ ТӨСӨӨЛЛӨӨС ДАВЖ ӨСӨӨД БАЙНА
АНУ-д инфляц 2021 онд Холбооны нөөцийн сан болон бусад олон судалгааны байгууллага, шинжээчдийн таамгийг хол давж, сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд буй. Хэрэглээний үнийн индекс (CPI)-ээр хэмжигдэх инфляц 2021 оны эцэст 7% хүрсэн бол хувийн хэрэглээний зардaл (PCE)-аар тооцсон инфляц 5.8% байв. Харин төв банкны 2021 оны 3-р сарын тооцооллоор 2021 оны эцсийн инфляцын төсөөллийн медиан утга 2.4% байжээ. Төв банкны тэргүүн Ж.Повелл “Үнийн өсөлтөд нөлөөлсөн тээвэр ложистик, нийлүүлэлтийн гацаа анх хүлээж байснаас том асуудал болж, илүү удаан үргэлжилж буй”-г онцолсон бөгөөд төв банк өнгөрсөн оны туршид инфляцын таамаглалаа нэмэгдүүлж байв (Зураг 1). Тэрээр 2022 оны 1-р сарын хэвлэлийн хурлын үеэр “Эдийн засгийн төлөвт ихээхэн тодорхой бус байдал оршсон хэвээр байна. Ийм орчинд оновчтой мөнгөний бодлого хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг хүлээгдээгүй чиглэлд гэнэт өөрчлөгдөх боломжтойг хүлээн зөвшөөрөх, хүлээцтэй байх нь чухал” гэжээ.
(Америкийн төв банкны талаар: Холбооны нөөцийн сан (Federal Reserve)-ийн мөнгөний бодлогын шийдвэрийг Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) гаргадаг бөгөөд инфляцын зорилтоо урт хугацааны дунджаар 2% гэж тодорхойлдог. Холбооны нөөцийн сан нь нэгдсэн төсөөлөл гаргадаггүй бөгөөд мөнгөний бодлогын хуралд оролцдог төв банкны Удирдах зөвлөлийн гишүүд болон Холбооны нөөцийн банкуудын ерөнхийлөгч нарын төсөөллийн медиан болон дээд, доод утгыг олон нийтэд зарладаг. Инфляцын төсөөллийн хувьд, мөнгөний бодлогын хуралд оролцогчид хувийн хэрэглээний зардал (PCE)-аар тооцсон инфляцын прогнозыг хийдэг байна. Тус хэмжүүр нь хэрэглэгчдийн зан төлөвийг илүү нарийн тусгадгаараа онцлогтой)
ЖИШЭЭ 2: ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД (EMDE)-ЫН ТАЛААС ДЭЭШ НЬ ИНФЛЯЦИ ТӨВ БАНКУУДЫН ЗОРИЛТЫГ ДАВЖ, ЦААШДЫН ТӨСӨӨЛӨЛ НЬ ӨНДӨР БАЙНА
Дэлхийн банк 2021 онд инфляцыг онилох бодлого хэрэгжүүлдэг хөгжиж буй улс орнуудын талаас дээш нь инфляц зорилтот түвшнээс өндөр байгааг 2022 оны 1-р сард нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа дурдсан байна. Харин өмнөх 3 жилд энэ үзүүлэлт 20%-aaс хэтэрдэггүй байсан буюу үнийн өсөлт дэлхий дахинд нийтлэг үзэгдэл байгаагүй байна (Зураг 2).
Түүнчлэн, Бразил, Чили, Колумб, Египет, Энэтхэг, Мексик, Филиппин, Польш, Румын, ОХУ, Өмнөд Африк, Тайланд, Турк зэрэг 13 орны төв банкууд 2021 оны 12-р сард хийсэн төсөөлөлдөө инфляц зорилтоос нь өндөр байх прогноз гаргасан нь инфляц олон улсад эрчимжиж буйг илэрхийлж байна (Зураг 3).
Эх сурвалж: Дэлхийн банк
Цар тахлын цаг үед инфляц дэлхийн улс орнуудад өсөхөд шатахууны үнэ, хүнснийн үнэ болон импортын барааны үнийн өсөлт нийтлэг нөлөөлж байгааг Олон улсын валютын сан онцолсон бөгөөд эдгээр бүтээгдэхүүний үнэ хүлээлтээс хурдтай өссөнөөр төв банкуудын прогноз зөрөх гол шалтгаан болж буй (Зураг 3):
Газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлөх геополитикийн нөхцөл байдал, хүнсний үнийн өсөлтөд нөлөөлж буй цаг агаарын нөхцөл байдал, нийлүүлэлтийн хомсдол, импортын барааны үнэд нөлөөлж буй тээвэр ложистикийн гацаа зэрэг урьдчилж харахад төвөгтэй гэнэтийн хүчин зүйлс нь ирээдүйн талаар оновчтой тооцоолол хийхэд ийнхүү том сорилт болдог байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ