Мандуулах тусам доройтох Монгол…

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Мандуулах тусам доройтох Монгол…

Мандуулах тусам доройтох Монгол…

САВААГҮЙ НОХОД…

Хятад сарыг судлаж ахуйд Монголд сар руу “хуцалдах ноход” олон. Ноход гэснээс биднийг нохой мэт байлгах сонирхол зарим нэг хүн, хүчинд бий. Бид тэдний шидсэн болгоныг үмхээд амаа хамхидаг болохоор юу дуртайгаа шидэлж байна. Дунд нь шидсэн ясыг биесээ хэмлэн зуухад бэлэн болчихсон хойно, яалтай. Өрөм, сүүг нь өөрсдөө аваад хусам төдийхөн өгвөл өөриймсөж амаа олохгүй долооно. Уяа, угаадастаа бүр дасчихсан. Уяаг нь жаахан уртасгах төдийд хэн рүү ч хамаагүй ноцно. Тиймээс ч аль болох өвдөл, цөвдөлхөнөөр аргалаад, шаардлагатай бол яс хаяж, нэгнийг нь нөгөөгөөр нь бариулаад “сайн  нохой” гэх нь холгүй. Ороо нь орсон жингэр хараад хажуудахаа тасчихад бэлэн улангассан ноход шиг явдлыг бид өдөр болгон үзэж сууна. Өөрсдөө мэдэлгүй аль нэгийг нь дэмжих нь ч олон.

Нэгэнт ийм тэжээвэр болчихсон болохоор амьдрах чадваргүй. Өгсөнийг нь аваад л сууж байх сонирхолтой. Харамсалтай нь боохойноос хотоо хамгаалах хоточ сайн банхар шиг бус өөрсдийг нь өлөн цөлмөн байлгадаг өөдгүй амьтныг өмөөрч “хуцалдах” нь гаслантай.

ШАР ХҮНИЙ ӨМНӨӨС ХАР ХҮН

МоАХ-ны ерөнхийлөгчөөр 15 заларсан нөхөр 8 жилийн өмнө Оросын www.firstnews.ru сайтад

Крымын асуудлаар ярилцлага өгч “Мэдээж бид их хөрш Оросыг дэмжиж байна” гэсэн нь учир мэдэх хүмүүсийг дуу алдуулсан юм. Үүнийг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголын Засгийн газрын албан ёсны байр суурь биш” гэж няцаагаад өнгөрсөн. Далан жил даалгавар авсан МАН-ын нөхөр тэгж хэлсэн бол ойлгоно. Харин Оросоос Монголыг хараат байлгахын эсрэг хувьсгал хийсэн холбооны тэргүүнээс тийм үг унасан нь олон хүнийг цочоосон юм. Крымыг Орост нэгтгэхийн эсрэг Европ эдийн засгийн хатуу хориг тавьсан. Оросууд ч эдийн засгийн хамаарлаа Европоос багасгаж, Хятад руу чиглүүлсэн. Энэ цаг үед Монголд нарийн, бүдүүн царигийн маргаан дэгдэж, гялгар уутанд хийсэн элсийг хадаасаар цоолон үзүүлж, Хятадын танк төмөр замаар орж ирэх тухай үлгэрийг мөнөөх нөхөр ярьж гэнэн монголчуудыг итгүүлсэн юм. Энэ балгаар монголчууд төмөр замаа тавьж чадалгүй асар их боломжоо алдсан бол оросууд Монголыг тойруулан Хятад руу төмөр замаа тавьжээ. Нэгэнт төмөр замаа тавьчихсан болохоор 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийснээ өчигдөр мэдэгдлээ. Монголын нийлүүлнэ гээд буй мөрөөдлөөс гурав дахин их нүүрс шүү дээ. Ганц улсаас хараат нүүрсний зах зээлийг тэд булааж байна. Бид уйлах ёстой биш бил үү?

Өглөө сэрмэгц ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Укрианы зүүн хэсгээр цэргээ оруулах болсон тухай мэдээг монголчууд бүгд л ам булаалдан ярьж байна. Мэдээж Европ, НАТО зүгээр суухгүй байх. Харин бид юундаа хүүхэд шиг хөөрөөд байгаа хэрэг вэ? Харин ч таагүй зүйл болох талаар бичигч бус судлаачид анхааруулж байна. Европтой муудалцсан Орос Хятад руу тавих хийн хоолойгоо манайхаар дамжихаар болсон гэж бид алга ташаад байдаг. Гэтэл стратегийн ач холбогдол өндөр тэрхүү хийн хоолойгоо хамгаалах эдийн засаг, улс төрийн ашиг сонирхол Орост бий болно. Бидэнд найдах нь юу л болно. Цэрэг биш ч “Газпром”-ын хамгаалалт эхлээд оросууд орж ирнэ л гэсэн үг. Болсон үйл явдлын мэдээллийг уншихад л “Монгол ялна” гээд чонын аманд хаяж өгч, өөрсдөө ашиг хонжоо хайгчдыг бид үзэн ядах бус өмөөрдөг гэдгийг бодит амьдрал харуулаад байна. Геополитик, нарийн асуудлыг нь мэргэжлийн судлаачид илүүтэйгээр дүгнэж, цэгнэх учир тэдний үгийг илүүтэйгээр сонсох нь бидэнд өлзийтэй биз ээ.

МАНДУУЛАХ МАН

Ингэж гарч ирээд хоёр сонгууль дараалан олонх болсон эрх баригчдыг нэг хар даа. ЖДҮ-ийн дэмжих сангийн зээлийг өмнөөс чинь булааж, өөрт нь 30 хувийн хүүтэй хүүлсэн УИХ-ын гишүүдийн хэрэг 2018 онд ил болоход хариуцлага тооцож, нэр дэвшүүлэхгүй гэхэд нижгэнэтэл алга ташин сонголтоо хийснээ эргээд бодоход ичмээр санагдаж байна уу? Амташсан Ардын намынхан Монголын нэрийг барьж, дэлхийгээс цуглуусан мөнгөөр босгосон банкийг цөлөмчихөөд нэгэндээ хэргийг үүрүүлээд нэр цэвэр үлдэхээр жүжиг тавьж байна. Ерөнхий сайд бүх ТУЗ-ийг нь солихыг үүрэг болгосон бол УИХ-ын дарга Оросоос монголчилсон Мартын-8-ны битүүнд Хөгжлийн банкаар сонсгол хийхээр болжээ. Ингэж л эзэнгүй болгож, олны анхаарал өөр зүгт хандсан үед оромдоод өнгөрдөг. Хувийн аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр бариад ашгаа олоод улсад хүлээлгэж өгөх гэж байсан төмөр замыг төр дээрэмдэн зогсоосон бол монголчуудын нэрийг барьж босгосон бондыг өрөнд оруулсан гэж хар сурталчилгаа хийн сонгогдсон МАН өшөө олон бонд нэмж гаргасан төдийгүй өрөө төлөх мөнгийг нь өөрсдөө хуваагаад идчихсэн нь гашуун ч гэлээ үнэн. 100 жилийн өмнө Д.Сүхбаатар Оросоос тусламж хүсэх зардалд зарцуулахаар цуглуулсан мөнгөө мөрийтэй тоглоод алдчихсан баримт байж л байгаа. 100 жилийн дараа казинод банкны мөнгөөр тоглосон хэрэгт холбогдсон өөр нэгэн Сүх Ерөнхийлөгч болчоод л явж байна. Ленинг зулынхаа оронд залсан шигээ Камилаг хойморьтоо тавьсан зурагтаасаа үзээд, өмөөрч бусдыг зүхээд сууж л байна. Ленин, Камила хоёр мэдэх нь юу л бол…

Нэг мэдэгдэж байгаа зүйл гэвэл өнөөдөр ч Монголд коммунизм зүсэн бүрээр тодроод ардчилал харин зэрэглээтэн байгааг Д.Амарбаясгалангийн мэдэгдэл батлаад өглөө. Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авахаас илүүтэй намаасаа хөөгдөх хүнд тусна гэж хүлээж авч байна. У.Хүрэлсүх ч ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг дээрэмдсэн хэргийн үеэр ийм мэдэгдэл хийж л байсан. Гэтэл тэрхүү хэрэгт холбогдсон хоёр нөхөр хажууд нь зөвлөөд байж л байна.

БИДНИЙ ЗОВЛОН

Манжийн дотоод хямрал, их гүрнүүдийн эзлэн түрэмгийлэх гэсэн тэмцлийн ачааар дарлалаас нь гарч чадсан монголчуудын тусгаар тогтнол удаан үргэлжлээгүй. Оросын зальжин бодлогын дүнд хамтдаа Манжийн эрхшээлээс гарсан ч монголчууд Хятадын автономит болсон. Оросууд биднийг бодсондоо бус Хятадад нөлөөгөө тогтоох үүднээс биднийг чөлөөлсөн байтал бид тусгаар тогтнолыг олж өгсөн ачтан гэж алга ташсаар л байна.

Их гүрнүүдэд алуулж, хядуулчаад аавдаа алгадуулсан хүүхэд шиг аврал эрэн гүйж очдог бид ч өрөвдөлтэй улс санж. Гадны эзлэн түрэмгийлэгчдээс хэн нэгэн хүчирхэг гүрэн биднийг хамгаална гэж бид одоо хэр нь итгэдэг. Түүнд нь итгээгүй, биднийг бид л хөгжүүлнэ гэсэн нэгнээ ад үзнэ. Өнгөрсөн нийгмийн 70 жилд бусдаас хамгийн сайн сурсан хүлцэнгүй байх, хүлцэнгүй байхгүй бол эсэргүү, тэрслүү, буруу үзэл сурталтан болгодог энэ арга нь одоо ч үр дүнтэй хэвээрээ…

Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай гэдэг. Харин бид хавхгүй, сайхан сэтгэлтэй анчин байдагт итгэдэг. Гэхдээ анчин ан л хийдэг билээ. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж