ОХУ, Украины геополитикийн асуудалтай холбоотойгоор алтны эрэлт нэмэгдэж, үнэ нь энэ сарын эхээр эрс өсөв. Украиныг тойрсон хямрал хурцадсаны улмаас өнгөрсөн Даваа гаригт аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэгддэг алтны үнэ сүүлийн найман сарын дээд түвшинд хүрлээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, алтны спот үнэ 0.17 хувиар өсч, унц нь 1909 ам.доллар хүрээд буй юм. Бид энэ удаа ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа алтны үнийн өсөлтийн мэдээллийг онцоллоо.
Дэлхийн зах заал дээр 2022 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нэг унц алтны үнэ 1839 ам.долларт хүрч өссөн. Хэдийгээр АНУ-ын Холбооны нөөцийн сан (Төв банк) бодлогын төлөвөө чангаруулахаа мэдэгдээд байгаа ч Украин, Ойрх Дорнодын улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалж, алтны үнэ нэмэгдэв. Хэрвээ тус сан бодлогын хүүгээ өсгөвөл алтны эрэлт буурч болзошгүй юм.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны санал болгосон дээд хэмжээний уулзалтын саналыг АНУ, Орос хоёр хүлээн авсан тухай Вашингтон болон Елисейгээс хийсэн мэдэгдлийн дараа гулдмай алтны үнэ 0.6 хувиар буурчээ.
Өдгөө хөрөнгийн зах зээлийн уналт, Украины асуудлаарх АНУ-Оросын хурцадмал байдал, биткойны уналт зэргээс шалтгаалан алтны ханш өсөлт үзүүлж байна. Алтаар баталгаажсан дэлхийн хамгийн том биржийн арилжааны сан болох SPDR Gold Trust-ийн хувьцаа өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт 0.5 хувиар өсчээ.
UBS Group AG-ийн шинжээч Жони Тэвес “Bloomberg”-т "Алтны өсөлтийг үгүйсгэх аргагүй. 1900 ам.доллараас давах нь богино хугацаанд худалдан авалтыг хурдацтай өсгөх магадлалтай. Алт 1920 ам.доллар, тэр бүү хэл 1950 ам.долларт хүрч өсч болзошгүй" гэж мэдээлсэн байна.
Шинжээчид дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын төв банкууд өнгөрсөн 2021 оны сүүлээр бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаатай холбоотойгоор алтны үнэ 2022 онд өснө гэсэн таамаг дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар төв банкуудын хувьд цар тахлын хүч саарч буйн улмаас цаашид хөрөнгө оруулагчид алт сонирхохгүй байх эрсдэлтэй гэсэн болгоомжлол байгаа аж.
Арлын Японд алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнийг NHK телевиз мэдээлжээ. Тус телевизийн Даваа гаригийн мэдээгээр, Украины эргэн тойрон дахь хямрал нь хувьцаа болон бусад үнэт цаасны үнэ буурахад нөлөөлж, валютын зах зээлд тогтворгүй байдал үүсгэсэн байна. Үүний цаана олон хөрөнгө оруулагч хөрөнгийнхөө нэг хэсгийг алт, түүгээр ч зогсохгүй газрын тос, үр тариатай холбоотой фьючерст шилжүүлэхийг илүүд үзэж буй аж.
Энэхүү металлын гол арилжаа явагддаг Осакагийн түүхий эдийн биржийн цахим хуудаст мэдээлснээр, өнгөрсөн Даваа гаригт нэг грамм алтны үнэ 7040 иен буюу 61 гаруй ам.долларт хүрчээ. Энэ нь уг бирж байгуулагдсанаас хойших хамгийн өндөр үнэ юм байна. Японд алтны үнэ 2020 оны наймдугаар сард дээд үзүүлэлтдээ хүрч байх үед нэг грамм алт 7032 иенээр арилжаалагдаж байжээ.
Шинжээчид “Алтны үнэ өсөхөд Украины эргэн тойрон дахь геополитикийн түгшүүртэй байдал, АНУ-ын өндөр инфляци нөлөөлж байна” гэж үзэж буйгаа илэрхийлсээр буй юм. ОХУ-ын "Атон" компанийн ахлах шинжээч Андрей Лобазов ТАСС агентлаг өгсөн ярилцлагадаа "Инфляцийн улмаас алтны үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж байгааг анхаарахгүй байж болохгүй" гэж тэмдэглэжээ.
“Comex” биржийн өнгөрсөн Пүрэв гаригийн арилжааны явцад алтны үнэ 1.64 хувиар өсч, нэг унц нь 1902.2 ам.долларт хүрсэн байна. Нэг унц алтны үнэ хамгийн сүүлд 2021 оны зургадугаар сарын 11-нд 1900 ам.долларын босго давж байв.
“Nikkei” сонин “Дэлхийн төв банкууд ам.долларт үл итгэснээс болж актив дахь алтны хэмжээгээ 36 мянган тоннд хүргэсэн нь 1990 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо” гэж мэдээлжээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ активын эзлэх хувь 15 хувиар буюу 4500 тонноор нэмэгдсэн нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой бөгөөд төв банкуудын долларын активт итгэх итгэлийг бууруулсан байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд санхүүгийн тогтолцоогоо хамгаалахын тулд алт худалдан авч эхэлжээ. Учир нь энэ хөрөнгө нь зээлийн, мөн дампуурлын эрсдэлгүй билээ.
Москвагийн бирж дээр алт олборлогч Полюс (+2.55%), Полиметал (+2.42%) компаниудын үнэт цаасны ханш өсчээ.
Монголбанк 2022 оны нэгдүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн нэгдүгээр сарын хувьд 48.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 166,244.80 төгрөг байв.
2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
Эх сурвалж: NHK, NIKKEI, MONGOL BANK, TASS, MINING
Холбоотой мэдээ