Уулын дугуйчид Улаанбаатарт ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Уулын дугуйчид Улаанбаатарт ирнэ

Ази тивд, тэр тусмаа Монгол улсад анх удаа зохион байгуулж буй “Mongolia Bike Challenge 2010” уулын бартаат замын Олон улсын уралдаан амжилттай үргэлжилж байна. Монголын аялал, жуулчлалын тур оператор “Монголиа Экспедишнс” компани, Италийн “Прогета Авентура Ивэнти” компани, Монголын адал явдалт спорт, дугуйн аяллын холбоо, Биеийн тамир, спортын газрын хамтран зохион байгуулж байгаа энэхүү уралдаанд 11 орны 94 тамирчин оролцож байгаа. Өнөөдөр өглөө авсан мэдээллээр, дугуйчид Архангай аймгийн Цэцэрлэг суманд ирээд байлаа. Өнөөдөр уралдааны ес дэх гараа Архангай аймгийн Хотонт сумын нутаг дахь Цагаан сүлийн талд болох юм байна. Нийт 10 гараатай бартаат замын уралдааныг найман гарааны дараах байдлаар Италийн дугуйчид тэргүүлж байна. Италийн багийнхан “Mongolia Bike Challenge 2010” уралдаанд оролцож байгаа гадаадын 80 гаруй дугуйчдаас хамгийн олон буюу 35 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Монголын замд уралдаж байгаа юм.

Дугуйчид маргааш Өвөрхангай аймгийн Хархорин суманд сүүлийн гараагаа хийснээр барианд орох бол нөгөөдөр өглөө Улаанбаатар хотод ирэх аж. Хөдөөгийн бартаа саадтай замд хурд сорьж буй тамирчдад Монголын эрс тэрс уур амьсгал, ширүүн бороо, зарим нутгаар цас орж, хүйтний эрч чангарсан нь том сорил болж байгаа бололтой. Өчигдөр гэхэд Архангай аймагт их хэмжээний цас орж, зам боогдсон тул уралдаанд оролцогчид нэг өдөр амарчээ.

Эргэн сануулахад, нийт 15000 еврогийн шагналын сантай уг уралдааны ялагч 5000 еврогийн үнэ бүхий “Алтан Цом”-ын эзэн болох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mongoliabikechallenge.com сайтаас авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж