Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч Д.Монголхүү нар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай өнөөдөр /2022.02.22/ уулзахаар болсон байна. Гэвч Х.Баттулга гарч ирээгүй бөгөөд МоАХ-ын гишүүн Д.Монголхүүг тэрбээр хүлээж авахгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн энэ үеэр Д.Монголхүү болон МоАХ-ны төлөөлөгчдийн хооронд багахан хэрүүл болсон юм.
Ерөнхий зохицуулагчаар томилогдсон Д.Монголхүү "Хоёрдугаар сарын 18-нд МоАХ-г үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн болсон. Ерөнхий зохицуулагчаар Д.Монголхүү миний бие томилогдсон. Зөвлөгөөнөөс гаргасан нэг чухал шийдвэр бол тавдугаар хуралдааныг яаралтай зохион байгуулах асуудал. 1990 оны гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн болж, улс төрийн товчооныг огцруулсан байдаг. Тэгэхээр энэ өдөр тавдугаар их хурлыг зарлаж байна.
Х.Баттулга гэдэг хүн сүүлийн 15 жил энэ холбоог удирдсан. 2012 оноос хойш ардчилсан холбооны гишүүд уулзаж, ярилцаагүй.
Тийм байтал миний бүрэн эрхийг хүлээж авахгүй байгаа нь сөрөг хүчний талд ууссан гэдгийг харуулж байна. Ардчилсан намыг самарч хаячхаад одоо Монголын ардчилсан холбоог үгүй хийх гэж байна" гэдгийг хэлж, шүүмжилсэн бол хариуд нь МоАХ-ны төлөөлөгч "Та манай гишүүн бус учир дотоод асуудалд оролцох эрхгүй" гэдэг тайлбарыг өглөө.
Тухайлбал, МоАХ-ны хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар хэлэхдээ "Монголын ардчилсан холбооны дүрмийг мэддэг, тайлбар хийдэг ажлыг хяналтын зөвлөл хийдэг. Д.Монголхүү гэдэг хүн бол МоАХ-ны гишүүн биш. Энэ байгууллага өөрийн дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Удирдах зөвлөлийн хуралдаанаас ерөнхий зөвлөгөөн зарлаж, түүний дараагаар их хурлыг товлодог. Түүнээс хэн нэгэн манай байгууллагыг төлөөлж хурал зарлах боломжгүй. Үүнийг эрүүгийн залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байна. 2007 оны наймдугаар сард анх МоАХ даргаа сонгосон. Удирдах зөвлөлийн хуралдаанаас даргаар ажиллах хугацааг сунгаж болно гэдэг шийдвэр гарсан учир сунгасан. Иргэн Д.Монголхүүг хууль бус үйлдлээ таслан зогсоохыг хүсч хоёр удаа хуулийн байгууллагад хандсан. Хоёр удаагийн зөрчлийг цагдаагийн байгууллага нотолсон учир эрүүгийн хэрэгт шалгаж байгаа энэ хүнийг МоАХ яагаад ч хүлээж авахгүй" гэсэн юм.
Холбоотой мэдээ