"Авлигын гэмт хэргийн 49 хувь нь албан тушаалаа ашигласан"

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

"Авлигын гэмт хэргийн 49 хувь нь албан тушаалаа ашигласан"

"Авлигын гэмт хэргийн 49 хувь нь албан тушаалаа ашигласан"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулж байна. Энэ үеэр Эрүү болон Зөрчлийн хэргийн талаар албаныхан мэдээлэв.


Шүүхийн статистик хариуцсан референт Э.ГАНЦЭЦЭГ: 

-Авлигын гэмт хэрэг бүхэлдээ өсөлттэй гарсан. Нийт 235 хэргийг тайланд хугацаанд хүлээн авснаас 33 хэргийг прокурорт буцааж, дөрвөн хэргийг түдгэлзүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 155 хэргийг хянан шийдвэрлэж, 42 хэрэг үлдээд байна. 235 хэргийн 14.2 хувь нь прокурорт буцсан гэсэн үг.

Нийт анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 12068 хэргийн 1.3 хувьд авлигын гэмт хэргийг шийдвэрлэсэн. Үүний 49 хувь нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу хоёр хэрэг тутмын нэг нь албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхэд шийдвэрлүүлсэн. Мөн 34.2 хувь нь хахууль авах, 9.7 хувь нь хахууль өгөх, 2.6 хувь нь төсөв хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэмт хэрэг байв. Түүнчлэн нийт ял шийтгүүлсэн  11263 хүний  23.6 хувь өмнө нь ял шийтгүүлж байсан. Мөн 190 хүн Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж шийдвэрлэсэн.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 8.5 хувь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид байна. Цагдан хоригдсон хүний тоо өмнөх оноос 21.8 хувиар буурсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.АМАРСАНАА:  

 

-Монгол Улсын шүүх 2021 оны бүтэн жилд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 12068 хэрэг, иргэний 45444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2021 онд эрүүгийн 2105 хэрэг, иргэний 2529 хэрэг, захиргааны 722 хэрэг, зөрчлийн 468 хэрэг нийт 5824 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22.1 хувиар, иргэний хэрэг 25.5 хувиар, зөрчлийн хэрэг 9.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Хяналтын шатны шүүх 2021 онд эрүүгийн 322 хэрэг, иргэний 1576 хэрэг, захиргааны 145 хэрэг, нийт 2043 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53.0 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан бол иргэний хэрэг 86.3 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Хөгжлийн банкны асуудлаар Баязүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс дараах мэдээллийг өгөв.  Тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Баяржаргал “Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий 12 хүнд холбогдох хүн таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал ирүүлсэн. Уг саналыг Баязүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч өнөөдрийн байдлаар 10 хүн таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон бол Н.Мөнхбатыг яллагдагчаар татах санал ирүүлсэн боловч өчигдөр өмгөөлөгчийн зүгээс татгалзсан тул шүүх хурал түр хугацаагаар хойшилсон. Өнөөдрийн байдлаар яллагдагч Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Д.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Б.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан нарыг яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс аваад байна. Мөн Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснээр шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж хилээр гарах хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэвээр үлдээсэн” гэлээ.

1560 ХҮНД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Улсын хэмжээнд 2021 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 10.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 15.9 хувиар тус тус буурсан байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 13.093 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12.163 хүн, хоёр хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Мөн 1560 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • хүчиндэх гэмт хэрэг 39 хэргээр буюу 12.7 хувиар,
  • залилах гэмт хэрэг 22 хэргээр буюу 3.1 хувиар,
  • авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар тус тус өссөн байна.

Харин хулгайлах, дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах зэрэг гэмт хэрэг буурсан байна. Үүнд,

  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 242 хэргээр буюу 23.5 хувиар,
  • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 683 хэргээр буюу 12 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 361 хэргээр буюу 22.4 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 78 хэргээр буюу 29 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 523 ХҮН НАС БАРЖ, 82.1  ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Мөн 2021 онд шүүхээс нийт 6179 хүн, хоёр хуулийн этгээдэд торгох ял оногдуулж, есөн тэрбум 568 сая 941 мянга 330 төгрөгийн торгууль ногдуулсан аж. Мөн гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд 82.1 тэрбумын хохирол учирсан байна. Тодруулбал, 15869 хүн, 592 төрийн болон төрийн бус байгууллагын хохирлын хэмжээ ийм мөнгөн дүнтэй байгаа юм. Гэмт хэргийн улмаас 523 хүн амь насаа алдаж, 7177 хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна.

Мөн төрийн албаны 306 хэрэг маргааныг шүүхээс шийдвэрлэжээ. Маргааны дийлэнх нь ажлаас чөлөөлөхтэй холбоотой байна. Түүнчлэн нийгмийн даатгалтай холбоотой 50 хэрэг маргаан шийдвэрлэсэн ч өмнөх оноос өссөн. Гэсэн ч зарим хэргийн маргаан буурсан. Иргэний бүртгэл, татвар, ашигт малтмал, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан өмнөх онд буурсан аж. Төрийн албаны 306 хэрэг маргаан шийдвэрлэсэн нь өнгөрсөн онд өссөн. Энэ маргааны дийлэнх нь ажлаас чөлөөлөхтэй холбоотой.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж