"Covid-19-ийн халдвар дутуу төрөлтөд нөлөөлж байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

"Covid-19-ийн халдвар дутуу төрөлтөд нөлөөлж байна"

ЭХЭМҮТ-ийн хамгийн ачаалалтай, хором мөч бүртэй уралдаж байдаг тасаг бол Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг, Эх барих, эмэгтэйчүүдийн Яаралтай тусламжийн тасаг юм. Яаралтай тусламжийн тасгаар хоногт дунджаар 300 гаруй хүүхэд үйлчлүүлдэг бол оргил ачаалалтай үед 400 давдаг. Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эхийн эндэгдэл эрс нэмэгдсэн болохыг салбарынхан хэлж буй. Статистик мэдээллээр, 2021 оны есөн сарын байдлаар 45 эх эндэж, 100 мянган амьд төрөлтөд 89.7 хувь болсон нь 2020 онтой харьцуулахад өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт  аж.

Энэ нь орны хүрэлцээгүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, хүний нөөцийн хүрэлцээгүй байдал зэргээс шалгаалж байгааг салбарынхан онцолж байв. Хэрэв жирэмсэн эмэгтэй нэг бус удаа халдварт өртөх нь ураг амьгүй төрөх эрсдэлтэй болохыг өрхийн эмч нар сануулдаг. Иймд шаардлагатай тохиолдолд жирэмслэлтийг эрт зогсоох тохиолдол гарсныг ЭХЭМҮТ-өөс мэдээлж байсан юм. Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, анагаах ухааны доктор Т.Болормаатай ярилцлаа.


Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эхийн эндэгдэл гурав дахин өссөн  байна. Халдварын улмаас ураг амьгүй болсон, эх эндсэн тохиолдлууд хэр их гарч байна?

-Сүүлийн жилүүдэд дутуу төрөлтийн тоо ихэссэн. Би өөрөө хүүхдийн эмч. Тиймээс эхийн асуудлаар хариулт өгөх боломжгүй. Дутуу төрөлт өнгөрсөн онтой харьцуулахад бага зэрэг ихэссэн. Жирэмсэн эхийн суурь өвчлөл, ургийн гаж хөгжил, Covid-19 халдвар дутуу төрөлтөд нөлөөлж байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвараар хүнд өртдөг. Ийм тохиолдолд жирэмслэлтийг эрт шийдэх тохиолдол гардаг.

Хэрэв жирэмсэн эх Covid-19 халдварт өртөж хүндэрсэн тохиолдолд ураг эндэх эрсдэлтэй болохыг өрхийн эмч нар сануулдаг. Ийм тохиолдол хэр их гарч байна вэ?

-Жирэмсэн эх Covid-19 халдварт өртсөн тохиолдолд жирэмслэлтийг эрт шийдэх, халдвараас шалтгаалсан дутуу төрөлт ихсэх тохиолдлууд ажиглагдаж байна. Мөн Covid-19 халдвараас үл шалтгаалсан дутуу төрөлт сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байна. Энэ нь ургийн гаж хөгжил, жирэмсэн эхийн суурь эмгэг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Нярайн төрөлжсөн мэс заслын тусламж үзүүлдэг ганц эмнэлэг нь ЭХЭМҮТ. Тиймээс төрөл бүрийн гажигтай, хоол боловсруулах эрхтний тогтолцооны гажигтай төрсөн хүүхдүүдэд яаралтай мэс заслын тусламж шаардлагатай болбол манай эмнэлэгт л шилжүүлж эмчилдэг.

Мөн дутуу төрөлттэй холбоотой зарим төрлийн эрсдэл нь өндөр байдаг учраас удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гардаг. Үүнтэй холбоотой төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний ачаалал ихэссэн.

Дутуу төрөлт, ургийн гажиг ихэсч байгаа шалтгааныг мэргэжлийн хүний нүдээр хэрхэн харж байна вэ?

-Төрөлхийн гаж хөгжил нь дотроо олон янз. Гэхдээ ураг байх үед үүсдэг учраас гаж хөгжилтэй төрдөг. Энэ нь удамшил, эмийн нөлөө, вирус, цацраг туяа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хамгийн том шалтгаан нь удамшил. Генийн өөрчлөлттэй холбоотой урагт гажиг үүсэх эрсдэлтэй.  Мөн ургийн гаж хөгжил үүсгэдэг вирус ч бий.

 Covid-19 халдвар нь ургийн  гаж хөгжил үүсгэдэг гэдгийг одоогоор хэлэх боломжгүй ч судалж байгаа.

Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-ийн ачаалал хэр байна?

-Манай эмнэлэг төрөлжсөн мэргэжлийн 22 тасагтай. Үндсэн дотрын тасгуудаас нярайн эрчимт эмчилгээний тасаг, нярайн эмгэг судлалын тасаг гэсэн хоёр тасгийн ачаалал 100 хувьд хүрсэн. Ор дүүргэлттэй байна. Харин бусад тасгуудын ор дүүрээгүй. Ачаалал дундаж байна.

Орон нутагт мэргэжлийн нарийн эмч нар хүрэлцдэггүй гэх шалтгаанаар Улаанбаатарыг зорих тохиолдол нийтлэг. ЭХЭМҮТ-д орон нутгаас хандаж буй тохиолдол хэр их байна вэ?

-Судалгаагаар гурван жилийн өмнө эмнэлэгт хандсан хүүхдүүдийн 60 гаруй хувийг орон нутаг эзэлж байсан. Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой холбоотой төлөвлөгөөт мэс засал хойшлуулах тохиолдол гарч байсан. Иймд орон нутгаас хандах тохиолдлууд 40 орчим хувьтай байна. Ерөнхийдөө орон нутагт өвчлөл их байна гэсэн ойлголт байхгүй. Төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг салбарлуулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ нярайд яаралтай мэс засал хийх шаардлагатай үед манай төвийн эмч нар багаараа алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажилладаг.

Нэг эмч дунджаар 30-35 хүүхэд үзэх ёстой ч энэ ачаалал хэтэрч 60-65 болсон гэдгийг эмч нар хэлж байсан?

-Мэргэжлээс шалтгаалж үзлэгийн стандартын норм хоорондоо адилгүй. Хүүхдийн зөвлөх поликлиникт зарим өдрүүдэд буюу Даваа, Баасан гаригт үзлэгийн тоо ихэсдэг. Нэг эмч өдөрт 50 хүүхэд үзэх тохиолдол байна. Гэхдээ өдөр бүр биш. Зарим өдрүүдэд ачаалал нь буурдаг. Тиймээс кабинет тус бүр үзлэгийн шинжилгээ ялгаатай.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасгаар  энгийн үед хоногт  дунджаар 500-600 хүүхэд үйлчлүүлдэг гэсэн. Ачаалалтай үед эмч нар хүрэлцээтэй байна уу?

-Бид оргил ачааллын үед 550-600 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэх хүчин чадалтай. Хоногт 400 гаруй хүүхэд үйлчлүүлж, эмчлүүлдэг. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 300-360 хүүхэд үйлчлүүлдэг. Цар тахлын үед энэ тасгийг хоёр хуваасан.

Хоногт үйлчлүүлж буй 360 гаруй хүүхдийн 150 орчим нь амьсгалын эмгэгийн хэсгээр бол 160 гаруй нь яаралтай тусламжийн тасгаар хандаж байна.

Он гарсны дараа  омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш эцэг эх нь Covid-19 халдвараар өвдсөн, гэр бүлээрээ халдварт өвдсөн, амьсгал бачуурах, халуурсан гэсэн зовиуртай хүүхдийн тоо ихэссэн.

Нэгдүгээр сарын гурван долоо хоногийн байдлыг арванхоёрдугаар сартай харьцуулахад 15-20 хувиар нэмэгдсэн. Амьсгал хямралтай хүүхдүүдийн хандалт 6-8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ямар кабинетууд уртасгасан цагийн хуваариар ажиллаж байна вэ. Өдөр бүр утасгасан цагаар ажиллаж байгаа юу?

-Иргэдийн хувьд хүүхэд нь өндөр халуурсан үед сандарсандаа манай эмнэлэгт ирдэг тохиолдлууд их. Эмнэлгийн ачаалал 19:00 цагаас ихэсдэг. Иймд эцэг эхчүүдийн хамгийн их хүлээдэг,  ачаалалтай хүүхдийн мэдрэл судлал, зүрх судлал, хоол боловсруулах эрхтэний эмгэг судлал, чих хамар хоолойн эмчийн нарийн үзлэг, хүүхдийн нүдний хараа хамгааллын кабинет, түнхний эхо зэрэг кабинет уртасгасан цагаар ажиллаж байна.

Эмнэлэг 16:50 цаг хүртэл ажиллах ёстой ч Даваа, Лхагва, Баасан гаригт 17:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна.

Ингэснээр дээрх кабинетуудын ачааллыг тодорхой хэмжээгээр буурч байгаа. Уртасгасан үзлэгийн цагийг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн товлол авдаг утсаар болон биечлэн цаг авч болно.

Covid-19 халдвараар өвдөж эдгэсний дараа хүүхдүүдэд ямар шинж тэмдэг нийтлэг илэрч байна. Халдварт өртсөн хүүхдүүд бүрэн эдгэж байна уу?

-Хүүхдийн өвчлөлд Эрүүл мэндийн яамны өгсөн даалгаварын дагуу судалгаа хийж ажиллаж байна. Монгол Улсад Covid-19 халдварын тохиолдол батлагдснаас хойш ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмнэлэг Covid-19 халдварт өртөж нэн хүндэрсэн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой эрчимт эмчилгээний тасаг, нэн эрчимт эмчилгээний тасгийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш ажиллуулж байна. Энд альфа давлагаа, дельта давлагаа, омикрон давлагааны үед эмнэлзүйн ажиглалт хийж байна. Хүүхдэд насанд хүрэгчидтэй ижил урт хугацаанд цар тахлын улмаас хүндэрсэн тохиолдол маш цөөхөн. Дельта давлагааны үед хүүхдүүд өвдөж хүндэрч байсан. Гэхдээ омикрон хувилбарын үед 5 хүртэлх насны хүүхдүүдэд хоолой бачуурах, төвөнхийн бачуурлын шинж тэмдэг нэлээн илэрч байна. Эцэг эхчүүд цаг алдалгүй эмнэлэгт хандвал хүндрэлгүй богино хугацаанд илэрч байгаа нь ажиглагдаж байна.

Гэхдээ архаг суурь өвчтэй, төрөлхийн дутуу төрсөн хүүхэд  Covid-19 халдвараар өртсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй. Дутуу төрсөн хүүхдийн уушги нь сул хөгжсөн байдаг учраас халдварт өртсөн учраас удаан хугацааны эмчилгээ шаардагддаг.

Мөн чихрийн шижинтэй, зүрхний төрөлхийн гажигтай, мэс засалд орсон, хиймэл хахвлага суулгасан, бөөрний дутагдалтай, мэдрэлийн саа саажилттай, цусны хорт хавдартай дархлаа суларсан   хүүхдүүд Covid-19 халдвараар өвдвөл хүндрэх эрсдэл маш өндөр.

Эмнэлэг оргил ачаалалтай үед эмч нарын нөөц, ор хүрэлцээтэй байж чаддаг уу. Халдвараас бусад өвчний ачаалал хэр байдаг вэ?

-Манай эмнэлэг 500 гаруй эмч ажилчинтай. Covid-19-ийн дельта, омикрон давлагааны үед эмнэлгийн эмч ажилчид халдварт өртсөн ч харьцангуй хохирол багатай даван туулсан. Бид бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Ор хүрэлцээтэй байгаа. Эмч сувилагч нарын тухайд өөрсдөө халдварт өртсөн тохиолдолд хүний нөөцийн асуудал үе үе гардаг ч дотоод зохион байгуулалт зохицуулалтаар халдварын давлагааг харьцангуй хохирол багатай давж байна.

-Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн ямар өвчлөлд өртөж байна. Ачаалал хэр их байна?

-Яаралтай тусламжийн тасгаар хоногт 300-400 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Тэдний 50 гаруй хувь нь өрхийн эмнэлэгт хандах боломжтой хүүхдүүд байдаг. Бид хэвтэн эмчлэх шаардлагатай хүүхдүүдэд тусламж үзүүлдэг. Бусад тохиолдолд яаралтай тусламж үзүүлж өрх болон дүүргийн эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө өгөх тохиолдол олон байдаг. Амбулаторийн үндсэн зургаан кабинет ачаалалтай  байдаг. Иймд ачааллыг бууруулахын тулд уртасгасан цагийн үзлэг хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж