Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

"Оргил"-ын босс

"Оргил"-ын босс

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг онцолж байна.


“Оргил”-ын хэмээн олонд танигдсан Ж.Ганбаатар  УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог ялж, парламентын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр Баянгол дүүргийг 10 гаруй жил  чамгүй мөнгөөр услаж байж  улс төрд орох "виз"-ээ авсан гэдэг.  Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, бэлтэй хүмүүсийн жишгээр л улс төрд орсон нэг талаар гэрээ зассаных, нөгөө талаар бизнесээ хамгаалах гэсэн зорилготой ч байх.  Түүний хувьд улс төрийн карьераа дүүргийн Засаг даргын зөвлөхөөс эхлүүлж байжээ. Удалгүй НИТХ-ын төлөөлөгч, цаашлаад УИХ-ын гишүүн болж улс төрийн карьераа ахиулсан бий

Анхны бизнесээ оюутан ахуйдаа, чихрийн наймаанаас эхэлсэн түүний бизнес “Энканто” гэх хорооллууд сүндэрлүүлэх хүртлээ томорсон нь улс төр дагасны "буян хишиг" гэж хэлж болно. Хамгийн л ашигтай гэх байрлал бүрт сүлжээ дэлгүүрээ байгуулсан сүйхээтэй эр.  Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг. С.Эрдэнийн "вант" улсыг их мөнгөөр өөрийн "вант" улс болгосон элдэвтэй нөхөр.

Түүний 2019 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт дурдсанаар жилийн орлого  206 сая төгрөг, хадгаламж нь 25 тэрбум төгрөг гэжээ. 

"БУРУУ СЭХСЭН" Ж.ГАНТБААТАР

Түүний талаар  Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян агсан  “Хүмүүс янз янзаар л баяжих юм. Зарим нь хар хөлсөө гоо­жуулж, хайран биеэ цуцаан байж баяжаад “Одоо ч боллоо доо” гээд олон­тойгоо эвсэг сай­хан явах юм. Зарим нь хул­гайлж, худлаа хэлж бая­жаад дэл сул бүхнийг хамж, дэлхий даамгүй хөрөнгө хураах юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий. Ж.Ганбаатарыг сонгуулийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө  бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Хууль хяналтын байгуул­лагууд үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна. Их мөнгөтэй баян тансаг хүн олон болжээ. Гэхдээ өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ” гэж  бичиж байжээ.

"Ж.ГАНБААТАР АА, ЧАМ ШИГ БАЦААН ИНГЭЖ ПЭЭДЭЛЗЭХ БОЛООГҮЙ"

Ж.Ганбаатар парламентын танхимд "заларсныхаа" дараа буюу 2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхтай ам мурийж байлаа. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байх үеэр дээрх явдал  болсон. Эргэн сануулахад,

У.Хүрэлсүх: С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй.

У.Хүрэлсүх: Дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур.

Ж.Ганбаатар: Би худал зүйл сонсохгүй.

У.Хүрэлсүх: Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ. Чи хүний үгийг сонсч сур.

Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хэрэлдээгүй гэдгээ танд хэлж байна.

У.Хүрэлсүх: Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа шүү. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй шүү" гэж нэлээн ширүүн маргалдсан удаатай.

ТЭР ЖДҮ-ТЭЙ НЭР ХОЛБОГДСОН УУ?

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/ зээлийн асуудлаас мултарч, “цагаадсан” гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэр багтдаг. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон.  АТГ-аас “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байдаг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль
  • 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч
  • 2000 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөх
  • 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх
  • 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2019 он  Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
  • 2019 оноос УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга 
  • 2020 оноос УИХ-ын гишүүн 
  • 2020 оноос УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга 

Түүнийг улс төрийн хүрээнийхэн муухай ааштай гэж дүгнэдэг. Туслахынхаа чихийг мушгиж байгаа зураг цацагдсан нь түүний тухай буруу ч дүгнээгүй нь харагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж