Эрчим хүчний үнэ Туркийн хямралыг гүнзгийрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний үнэ Туркийн хямралыг гүнзгийрүүлэв

Эрчим хүчний үнэ Туркийн хямралыг гүнзгийрүүлэв

Туркийн хэрэглэгчид эрчим хүчний үнэ нэмэгдсэн төлбөрийн хуудсаа цахим ертөнцөд байршуулснаар асуудал дэгдсэн. Тэдний мэдээлснээр Туркт эрчим хүчний үнэ энэ оны нэгдүгээр сарын сүүлээс хойш бараг хоёр дахин нэмэгджээ. Энэхүү гомдол зарга нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засгийн газарт нүүрлэсэн бүрэн хэмжээний улс төрийн хямралыг эрчимжүүлэв. Туркт инфляцийн түвшин сүүлийн хэдэн сар албан ёсоор 48 хувьд хүрсэн ба эдийн засгийн хямрал гүнзгийрч буйн дохио болжээ. Тус улсын мөнгөн тэмдэгт лирын ханш түүхэн доод хэмжээнд хүрч унаж, хүнс, шатахууны үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл одоо эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь ард түмний тэвчээрийг баржээ.

Хэдийгээр Эрдоган өнгөрсөн сард бага орлоготой ажилчдын амьжиргааг дэмжих үүднээс цалингийн доод хэмжээг нэмэгдүүлсэн боловч Засгийн газраас хэрэглээний зардлыг мөн өсгөхөө анхааруулсан байна.

“Бидэнд үнэхээр хүнд байна. Бид ч биш, бүгд л гомдол зарга мэдүүлж байна” гэж Туркийн төв хэсгийн Коня хотод үсчин хийдэг 26 настай Махмут Гоксу ярьжээ. Түүний хувьд эрчим хүчний төлбөр нь 44 ам.доллараас 104 ам.доллар болж өссөн нь үсчний газрынх нь түрээсээс ч өндөр болсон аж. Тэрбээр эрчим хүчний төлбөрөө хараад “Үсчнээ хааж, цалинтай ажилд орсон нь дээр юм байна. Энэ миний хийдэг бизнес биш юм” гэж бодсоноо ярьжээ.

Эрчим хүчний үнэ Турк даяар бүс нутгаасаа хамаараад өөр өөр гарч байгаа ч хэрэглэгчдэд нэмэгдэл нь хүндээр тусч байна. Истамбулд мотоциклоор хүргэлт хийдэг ажилтай 29 настай Иляс Сентурк найзтайгаа хамтран байр түрээслэн амьдардаг аж. Түүний цахилгааны төлбөр хоёр дахин нэмэгдсэн бол найзынх нь дөрөв дахин нэмэгдсэн байв. “Бид сүүлийн гурван сар цахилгааны төлбөрөөс болж өрөнд орсон. Заримдаа бидэнд зээл өгөх хүн ч олддоггүй” гэж тэрбээр ярьжээ. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь бага юм шиг боловч долоо хоногийн тээвэр, хүнсний зардалд нөлөөлж байгааг  Иляс тайлбарлажээ. Мөн тэрбээр “Бид цахилгаанаа хэмнэх бүх л аргыг хэрэглэж, арай жижиг чийдэн хэрэглэж байна. Гэсэн ч бусад үнийн өсөлттэй нийлээд биднийг хоосолж байна” гэж учирлав.

Цар тахлын нөлөөгөөр Туркийн эдийн засаг хэдийнэ хямралд орсон. Турк нь аялал жуулчлал, зочид буудлын салбарын орлогоос ихээхэн хамааралтай бөгөөд олон сар үргэлжилсэн хөл хорио нь олон бизнесийг дампууруулжээ. Засгийн газраас бизнес эрхлэгчдэд нөхөн олговор амласан боловч ихэнхдээ зээлээр тэднийг торгоохыг оролджээ.

Ресторан, кафены бизнес сүүлийн хоёр жилийн хугацаанд амссан хохирлоосоо гарахаар хичээж байгаа ч эрчим хүчний үнэ хоёр дахин нэмэгдсэн нь тэдэнд сэхэл өгсөнгүй. “Цар тахлын үед бид 19 сар хаалттай байсан. Бид хүргэлтээр ажилласан боловч миний кредит картны өрийн хэмжээ дүүрч, зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн” гэж Адана хотод гэр бүлээрээ ресторан ажиллуулдаг 37 настай Илкер Тиниз ярьжээ. Тэрбээр засгийн газрын санхүүжилттэй банкнаас зээл авсан ч хүү нь өндөр байгаа талаар гомдоллож, “Энэ бол дэмжлэг биш. Тэд хүүгээрээ бидний орлогыг буцаагаад авчихаж байна” гэж уурсах аж.

Түүний хувьд рестораны түрээсийн төлбөр өнгөрсөн нэгдүгээр сард 15 мянган лира /тухайн үеийн ханшаар 1150 ам.доллар орчим/ болж нэмэгдсэний дээр эрчим хүчний төлбөр нь 17 мянга давж гарчээ. Улмаар энэ тухай тэрбээр инстаграм хуудсандаа бичсэн нь олон хүний бухимдлыг төрүүлжээ.

“Цар тахлын хүндрэлээс гарна гэх итгэл найдвар бидэнд үргэлж байсан. Гэвч хурдацтай өсч буй инфляци хүнсний сүлжээг бүхэлд нь хамарсан. Тариаланчлаас захын худалдаачдад хүрч, дараа нь ресторанд ирэхдээ бүх хүнсний ногооны үнэ маш их нэмэгдсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нэг кг чинжүү найман лира байсан бол одоо 22 лира болж өссөн байна. Энэ бол үнэхээр гамшиг. Ирэх гуравдугаар сар гэхэд нөхцөл байдал улам хүндэрнэ” гэдгийг Илкер тайлбарлав.

Улс төрийн сөрөг хүчний зүгээс Туркийн эдийн засаг уналт руу явж байгааг сүүлийн хэдэн сарын турш Эрдоганд анхааруулсаар байсан. Гэвч систем бүхэлдээ ганц Эрдоганы удирдлага дор байж, бүх шийдвэрийг тэр гаргадаг байна. Эдийн засагчдын анхааруулгыг сонсохгүйгээр Эрдоган инфляцитай тэмцдэг гол зэвсэг болох бодлогын хүүг өсгөхөөс татгалзсан бөгөөд ядууст хүндээр тусна гэж маргажээ. Эрчим хүчний үнийг засгийн газрын агентлагаас тогтоодог бөгөөд ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр хэзээ ч нэмэгдэхгүй. Эрчим хүчний сайдын зүгээс цахилгааны үнэ олон улсын зах зээлийн түвшинтэй уялдан нэмэгдэж байгааг тайлбарласан бөгөөд худалдаачдад хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн. Мөн Эрдоган ярихдаа эрчим хүч хүрэлцээтэй учраас хөгжингүй бусад орнуудтай харьцуулахад туркчууд хямд үнээр цахилгаан хэрэглэж байгааг ярьсан нь иргэдийг улам бухимдуулжээ.

Туркийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт нэмэгдсэн өртгийн татварыг 8-1 хувь болгож буулгахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн засгийн газраас мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг зогсоохоор олон тэрбум ам.доллар зарцуулж, бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь оновчгүй шийдвэр байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж