Камила Валиевагийн ирээдүй хэрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Камила Валиевагийн ирээдүй хэрхэх вэ?

Камила Валиевагийн ирээдүй хэрхэх вэ?

Бээжин-2022 өвлийн олимпийн од, дуулиан шуугианы эзэн яахын аргагүй Камила Валиева байв. 15 настай орос охин анхны олимпоо багийн тэмцээний алтан медальтай эхлүүлж, олны анхаарлыг татсан. Харамсалтай нь, допингт нэр холбогдож, ганцаарчилсан төрөлд түрүүлэх боломжоо алдан, сэтгэл зүйн хүнд цохилт амсав. Тэгвэл түүний ирээдүй хэрхэх вэ?

ДОПИНГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ ВЭ?

Валиевагийн допингийн шинжилгээний хариу хоёрдугаар сарын 8-ны өдөр эерэг гарч, РУСАДА буюу Оросын допингийн эсрэг үндэсний агентлаг түүний эрхийг түр түдгэлзүүлсэн. Гэвч ердөө ганцхан өдрийн дараа учир битүүлэг шалтгаанаар энэхүү шийдвэрээ цуцалж, Камила олимпод үргэлжлүүлэн оролцох эрхтэй болов.

Олон улсын олимпийн хороо, дэлхийн допингийн эсрэг агентлаг, олон улсын тэшүүрийн холбоо хамтран РУСАДА-ийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, CAS буюу Спортын арбитрын шүүхэд давж заалдсан. Гэвч шүүх долоон цаг хуралдсаны эцэст Оросын талд шийдвэр гаргаж, Камила Валиеваг олимпоо үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.

Олон улсын олимпийн хороо дээрх хэргийг дахин шалгаж байгаа бөгөөд удахгүй дахин нээлттэй сонсгол, шүүх хурал болох төлөвтэй байна.

Камила Валиева Б сорьцоо шинжлүүлэх боломж нь бүрэн нээлттэй. Түүний А сорьцоос хоолойны ангинад уудаг зүрх үйл ажиллагааг дэмждэг триметизидин гэх хориотой бодис илэрсэн. Одоогоор Камилаг хэрхэн энэ бэлдмэлийг олж авсан, зориудаар уусан уу эсвэл санамсаргүй тохиолдол байв уу гэдгийг хянаж шалгаж байгаа аж.

АНУ-ын допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх захирал Травис Тайгар “NBC” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ үйл явдал үнэхээр харамсалтай ч энэ бодисын үйлчилгээ нь тэсвэр тэвчээр нэмж, хүчилтөрөгчийн хэрэглээг илүү үр дүнтэй болгон ядаргаа, ядралтыг бууруулдаг. Түүн шиг залуу тамирчин бие даан энэ бодисыг олж авах нөөц бололцоо байна гэдэг мөн түүний эргэн тойрон дахь насанд хүрэгчид анхаарал тавихгүй байна гэдэг Орос болон Олон улсын олимпийн хорооны тогтолцоо алдаатай, шударгаар өрсөлдөж буй тамирчдын эрх ашгийг ноцтой зөрчиж буй, тэдний олимпийн мөрөөдлийг дээрэмдэж буй үйлдэл" гэжээ.

Валиевагийн эргэн тойрны дасгалжуулагчид, албаны хүмүүс ямар хариуцлага хүлээх нь мөн сонирхол татаж байна. Удахгүй мөрдөн байцаалтын үр дүн гарч, хэн буруутай нь мэдэгдэх бололтой.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмэнд 16 нас хүрээгүй тамирчин хэрэв допингийн шинжилгээнд бүдэрвэл түүний буруутан гэж үздэггүй аж. Энэ заалт Камила Валиеваг хамгаалж байна. Үүний улмаас олон улсын тэшүүрийн холбоо олон улсын тэмцээнд оролцох тамирчдын насны доод хязгаарыг 17 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

КАМИЛА ВАЛИЕВАГИЙН ДАРААГИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН

Камила Валиева олимп дуусгаад эх орондоо очсон даруйдаа дэлхийн аваргын бэлтгэлдээ гарсан. Учир нь 2022 оны уран гулгалтын ДАШТ гуравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд болно. Гэхдээ энэхүү тэмцээнд Камила оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв дэлхийн аварга эхлэхээс өмнө допингийн асуудал нь эцэслэн шийдэгдэхгүй бол Камила Валиевагийн оролцох эрх нь нээлттэй гэнэ.

ТҮҮНИЙ ӨРСӨЛДӨГЧИД

15-19 нас бол эмэгтэйчүүдийн уран гулгалтын оргил нас болжээ. Сүүлийн жишээнүүдийг л дурдахад, Анна Щербакова 17 насандаа, Александра Трусова 17 насандаа, Алина Загитова 15 насандаа, Евгения Медведева 18 насандаа, Юлия Липницкая 15 насандаа, Аделина Сотникова 17 насандаа, Ким Юна 19 насандаа тус тус олимпийн медальтан, аварга болж байв.

15 настай Камила Валиева допингийн улмаас хоёр эсвэл дөрвөн жилээр эрхээ хасуулбал түүний тамирчны замнал бараг л дуусна. Өнгөрөгч олимпоор алтан медаль хүртсэн Анна Щербакова, мөнгөн медаль хүртсэн Александра Трусова нараас гадна ээлжээ хүлээж буй “нялх” одод Орост бий. Тухайлбал, 2020 оны өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Дарья Усачёва. Энэ жил 16 нас хүрэх тэрбээр мөн Этери Тутберидзегийн шавь бөгөөд өнгөрөгч оны сүүлээс насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн.

2020 оны өсвөрийн дэлхийн аваргаар Камила Валиева тодорсон билээ.

Дарья Усачёва

Мөн саяхан оюутан болсон 18 настай Алёна Косторнаяаг мартаж үл болно. Евгений Плющенко, Этери Тутберидзе нарын гараар орсон тэрбээр 2020 оны Европын аварга билээ. Нялх оддын жагсаалт 14 настай Аделия Петросянаар үргэлжилнэ. Өсвөр үедээ дэлхийд танигдсан энэ охин Оросын аваргад эгч нартайгаа өрсөлдөн дөрөвдүгээр байрт шалгарсан.

Аделия Петросян гэх нэрийг та бүхэн тогтоогоод аваарай.

Түүнээс гадна Майя Хромых, Софья Муравьёва, Софья Самоделкина зэрэг 15, 16 настнууд бусдынхаа алдааг зүгээр өнгөрүүлэхгүй, ашиглахаар анаад сууж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж