Сурвалжлага: Эмийн сангуудад натри, дуслын шингэн тасарчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Эмийн сангуудад натри, дуслын шингэн тасарчээ

Сурвалжлага: Эмийн сангуудад натри, дуслын шингэн тасарчээ

"Бөмбөгөр" захын дэргэд байрлах эм ханган нийлүүлэх байгууллага болон, эмийн сангуудыг зорилоо. Эхний эмийн сангаар орж натри байгаа эсэхийг асуухад "тасраад долоо хонож байна" гэв. Өөр эмийн сангуудаар ч мөн адил натри, рингер тасарчээ. Эмийн сангуудаар орж явах зуур суурь өвчнөө анагаахын тулд хэрэглэдэг, байнга уудаг эм олдохгүй байна гэх хэд хэдэн иргэнтэй таарсан юм. 50 орчим насны эмэгтэй эмийн санчид жор өгөөд "Энэ эмүүдээс байгааг нь авъя" гэж хэлэх сонсогдов. Тэрбээр архаг өвчтэй учраас эмээ хайж яваа нь энэ аж.  Эмэгтэй инсулинтай болохоор сахрын тариа хэрэглэдэг. Сарын өмнө хайж, хайж ганцыг авсан ч хэрэглээд дуусжээ. Дахиад авах гэсэн боловч хайгаад олохгүй байгаа талаар учирлав.

Натри хлоридыг тариа тарих, найруулах, тариа шингэлэх зорилгоор хэрэглэдэг байна. Харин рингерийг хордлого тайлах, цус шингэлэх гэх мэт үеүүдэд хэрэглэх заалттай аж.

ӨДӨРТ 20-30 ХҮН НАТРИ ХЛОРИД АСУУЖ БАЙНА

Эмийн санч Б.Үржинханд “Дуслын шингэн ерөнхийдөө тасарсан. Натри хлорид 100 гр, 500 гр-тай тасалдаж байна. Уг нь бол хил хаалттай гэхээс илүү Монголд үйлдвэрлэдэг. Түүхий эд болон савлагааны материал урд хөршөөс орж ирэхгүй байгаа учир үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадахгүй эмийн сангуудад тасалдал үүсээд байгаа. Үйлдвэрүүд нөөц бололцооныхоо хүрээнд эмнэлгүүдийг хангаж байгаа гэсэн. Түүнээс биш, зүү тариур, дуслын систем тасалдаагүй. Эрэлт маш их байна. Өдөрт 20-30 хүн асууж байна.

Яагаад гэвэл натри байхгүй болохоор тариа тариулах боломжгүй. Манайд натри ирэхгүй долоо хонож байна. Рингер дуслаар 250 граммтай байгаа. Мөн эмчилгээнд хэрэглэдэг флемоксин тасалдсан. Түүний оронд амоксицилинийг санал болгож байгаа. Эрэлт маш ихтэй байгаа учраас ирэнгүүтээ дуусчхаад байна” гэлээ.

ТҮҮХИЙ ЭД САВ БАГЛАА БООДОЛ НЬ ТАСАРСАН УЧРААС  НӨӨЦ БАГА БАЙНА

Эм ханган нийлүүлэх байгууллагаас тодруулбал “Хил гааль хаалттай материал нь ирэхгүй байгаа. Натри, рингер дуслын шингэн бүгд тасраад байна шүү дээ. Нийлүүлэлт муу байна. Дотооддоо үйлдвэрлэдэг “Айвико”, “Энхийн шүүдэр” компаниуд хил хаалттай улмаас сав баглаа боодол нь тасалдаж, цаанаасаа үйлдвэрлэхгүй байна. Цагаан сарын өмнөхөн тасарсан. Одоо болтол хангалттай ирэхгүй байна” гэв.

Өөр нэгэн эмийн санч “Өнөөдөр манайх үйлдвэрээс нь авсан. Үйлдвэрт нь очиход олддог. Заримдаа олдохгүй байх үе байна. “Айвико”-оос дуслын шингэн авч байгаа. “Энхийн шүүдэр” гэх үйлдвэр байдаг. Тэнднийх түүхий эд нь ирээгүй гээд үйлдвэрлэхгүй байгаа юм билээ” гэлээ. Энэ хавийн эмийн сангуудаар ороход дуслын шингэн тасарсан гэх нийтлэг хариултыг өгч байлаа.

“АЙВИКО”, “ЭНХИЙН ШҮҮДЭР” ҮЙЛДВЭРҮҮД ЗЭРЭГ АЖИЛЛАВАЛ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

Энэ асуудлаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодрууллаа. “Рингер, натри гэх шингэн ихэвчлэн эмнэлэгт хийгддэг учраас эмнэлгүүдэд тасалдал үүсээгүй. Харин эмийн сангуудад бага байгаа учраас хомсдож байгаа гэсэн яриа үүссэн байж магадгүй байна. Гэхдээ ирэх долоо хоногоос эмийн сангуудад түлхүү өгч эхлэхээр төлөвлөж байна. Мөн натри импортоор өнгөрөгч Бямба гаригт орж ирсэн. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Орон нутаг, эмнэлэгт тасалдал үүссэн асуудал байхгүй. Эмийн сангуудад бага өгч байгаа учраас тасалдах магадлалтай байна. Ерөнхийдөө удахгүй хоёр үйлдвэр зэрэг ажиллаж, үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр натри, рингер тасалдахгүй байх нөхцөл бүрдэх юм.“Айвико”-д үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа. “Энхийн шүүдэр” үйлдвэрт түүхий эд нь ирчихсэн. Үйлдвэрлэх процесс эхэлж байгаа. Хоёр үйлдвэр зэрэг ажиллаад ирэхээр улсын хэмжээнд эмнэлэг, эмийн сан, орон нутагт жигд бүрдүүлэлт хийнэ гэж ойлгож болно" гэлээ.

Цар тахал халдварын тоо буурсан ч сургууль, цэцэрлэг танхимаар орж, ханиад томууны оргил үе болж байгааг албаныхан мэдээлж буй. Энэ үед хүүхдийн ханиалгад хэрэглэдэг антибиотик дуслын шингэн асуусан хүмүүс хаа сайгүй байгаа ч эмийн сангууд тасарсан гэх  хариултыг хэлж сууна. Тиймээс иргэд дээрх эмийг цахим орчинд зар тавин хайх тохиолдлууд түгээмэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж