СӨХ-ны төлбөр 5-15 мянган төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.02.22-нд нийтлэгдсэн

СӨХ-ны төлбөр 5-15 мянган төгрөгөөр нэмэгджээ

СӨХ-ны төлбөр 5-15 мянган төгрөгөөр нэмэгджээ

Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр гэнэт үнэ хөлсөө нэмдэг газар бол Сууц өмчлөгчдийн холбоо.  Дур мэдэн үнэ нэмдэг СӨХ-г хянадаг байгууллага ч алга. Орон сууцны айл өрхийн зардал өмнөх сараас эхэлж 5000-15 мянган төгрөгөөр нэмэгджээ. Байрны засвар, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт, хог гэхчлэн төлбөрийг багтаасан хураамж орон сууц бүрээс шалтгаалж харилцан адилгүй байдаг. Эдгээр үйлчилгээний хураамж гэж нэг айлаас сар бүр 23500-58500 төгрөг авдаг байна. Байршил, зэрэглэлээс хамаарч үнэ харилцан адилгүй.

Тухайлбал, хогны мөнгө 1000 төгрөг, ариутгалын мөнгө 2000-3500 төгрөг, харуул хамгаалалт 2000-3000 төгрөг, цэвэрлэгээ 2000-3500 төгрөг гэхчлэн нэмэгдсэн болохыг Монголын сууц өмчлөгчдийн холбооны цахим хуудаст иргэд бичжээ.

Иргэд өгч байгаа төлбөртөө биш СӨХ-ны хийж байгаа ажилд сэтгэл хангалуун бус байдаг. Саяхан хүртэл СӨХ-ныхны хариуцлагагүй байдлаас болж цахилгаан шатнаас хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Хогны мөнгө авч байгаа ч хотхоны хашаан доторх овоолсон хогоо ачдаггүй олон СӨХ бий. Ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээний хөлсөө нэмсэн ч давхар бүрд тамхины иш, хог, шавхай өмнөх үетэйгээ яг ижил.

Харуул хамгаалалт авч байгаа ч хаалганы эвдэрсэн кодоо ч солих үйлчилгээ үзүүлэхгүй байгаад иргэд бухимдав. Төлбөрөө төлсөн өрх түүндээ тохирсон үйлчилгээ авах ёстой. Гэтэл нэг хэсэг нь мөнгөө цаг тухайд нь төлж байхад зарим нь мөнгөө өгөөгүй гэх шалтгаанаар ажил нь урагшилдаггүй жишээ олон бий.

Сар бүрийн тогтсон хугацаанд хаалган дээр наасан бичиг дээрх данс руу иргэдээ мөнгөө хийдэг. Жишээ авч үзвэл, 43 метр квадрат бүхий орон сууцтай иргэн сард байрны төлбөр, усны мөнгө гэж 139.860 төгрөгийг төлнө. Үүнээс гадна СӨХ-нд дунджаар 35 мянган төгрөг төлнө. Байрны төлбөрийн задаргааг дараах зургаас харж болно.  Хэрэв энэ төлбөрийг удаа дараа цагт нь төлөөгүй бол Монголбанкны хар дансанд бүртгэнэ гэх анхааруулгыг мэдэгдэх хуудас дээр бичсэн байна.

Хураамжаа өгсөн ч хохирсон иргэдийн жишээ нэг биш. Автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгүй байр суутгасан зардлаа юунд төлдөг нь олны гайхшил, бухимдлыг төрүүлж буй юм.

Тэгвэл үнэ хөлсийг хэрхэн тогтоож, хяналтыг хэрхэн тавьдаг талаар БЗД-ийн "Хаппи таун", Чингэлтэй дүүргийн "Шилтгээн", Сүхбаатар дүүргийн "Соёлч 40 мянгат" зэрэг СӨХ-той холбогдож асуулаа.

“СӨХ оршин суугчдаас авч буй мөнгөний задаргааг сар бүр тайлан хэлбэрээр гаргадаг. Цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж байгаа. Үнэ хөлс бараг нэмэгдээгүй. Мэдээж, цэвэрлэгээ, үйлчилгээ хийх, харуул хамгаалалт сайжруулах зэрэг дээр анхаарч зардлыг дэлгэрэнгүй танилцуулж нэмсэн. Орон сууцны дундын өмчийн ашиглалттай холбоотой зардал учраас метр квадратаас шалтгаалж үнэ харилцан адилгүй гарна. Оны өмнөхөөс зөрүү төдийлөн гараагүй. Ямар хүмүүс бухимдаж, хохироод байна гэхээр төлбөрөө төлсөн хүмүүс. Эдгээр өрхийг хэн хохироож байна гэдэг нь тодорхой. СӨХ биш хариуцлагагүй өрхүүд.

СӨХ-ны төлбөрийн өр нь нэхэмжлээд 1.5-2сая төгрөг болсон айл ч байна. Нэхээд, нэхээд авч чадахгүй байгаа учраас нэгнийх нь эрх зөрчигдөж, сэтгэл ханамжтай үйлчилгээ авч чадахгүй байгаа асуудал бий. Түүнээс төлбөр нэмсэн зүйл байхгүй” гэсэн юм.

Гурван байрны төлөөлөл болсон СӨХ-той холбогдоход ийм тайлбар өглөө. Нэг байранд багадаа 90 өрх гэж тооцвол сард дунджаар СӨХ-д 3.5-4сая төгрөг цуглах ёстой. Үүнээс жижүүр, үйлчлэгч, СӨХ-ны ажилчид цалингаа хасвал цаана нь байранд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх зардал хангалттай бий.

Харамсалтай нь, айл өрхүүдийн 20-30 хувь нь мөнгөө төлдөггүй аж. Үүнээс болж иргэд төлж байгаа мөнгөндөө биш сэтгэл дутсан СӨХ-ны үйлчилгээнд "муу"дүн тавьж байна. Харин СӨХ оршин суугчид өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ямартай ч аль аль талын эрх ашиг учраас үнэ албан бус шаардлагаар нэмсэн СӨХ хариуцлага хүлээх ёстой. Нөгөө талаар зохих хураамжаа төлөөгүй иргэн ч үүргийнхээ дагуу хариуцлага хүлээх нь зүйтэйг хүмүүс хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж