Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Н.Мөнхбат нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолыг биелүүлж "Эрдэнэс Монгол" компанид зээл олгосон. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй учраас энэ асуудалтай холбогдуулан Н.Мөнхбатыг шалгаж байна. Өнөөдөр нэг сар цагдан хорих эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлэг явагдсан учраас гэм буруугийн асуудал яригдаагүй. Нийслэлийн прокуророос Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорьж, хэргийг шалгах саналыг шүүхэд гаргасан. Гэвч 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэчлэлээр энэ асуудлыг прокурор биш шүүх шийдвэрлэдэг болсон.
Шүүх шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэдэг болсон. Прокурор өөрийнхөө саналыг нотлох баримт үндэслэлтэй гаргаж хоёр талаас мэтгэлцдэг. Гэвч нийслэлийн прокуророос ирүүлсэн санал дээр зөвхөн мөрдөгчийн саналыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаа хавсаргаж өгөөгүй. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр буюу оргон зайлахыг завдсан, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрч, шүүгчдэд хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй, амиа хорлохоос урьдчилан сэргийлэхийн тулд цагдан хорих шийдвэр гаргадаг. Н.Мөнхбатын хувьд дээрх үндэслэлээс аль нь ч байхгүй. Тиймээс прокурор өөрийнхөө үзэмжээр цагдан хорих санал гаргасан.
Н.Мөнхбат нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих санал гаргасан нь хүнийг илт гүтгэж байна. Энэ санал нь хуульд зааснаар нотлох баримттай байх ёстой. Шууд бодлоо тулгаж болохгүй.
Шүүхэд хангалттай нотлох баримт ирээгүй байна. Ганц гэрчийн мэдүүлгээс өөр зүйл алга. Гэрч гэгдээд байгаа хүнтэй Н.Мөнхбат нь 2017 оноос хойш уулзаагүй байх жишээний. Гэрчээс дахин мэдүүлэг авах санал тавьсан ч шүүгч хүлээж авсангүй. Н.Мөнхбатыг цагдан хорих руу авч явах гээд машин нь энд байна. Ингэж урьдчилж шийдвэр гаргаж болохгүй. Н.Мөнхбат шинээр гэмт хэрэг үйлдэх ямар ч үндэслэл байхгүй. 6 жил шалгуулаад таслан сэргийлэх арга хэмжээ нь хэвээр үргэлжилж байна. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлээгүй мөртлөө дахиж гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэх үндэслэлээр цагдан хорьж байгаа нь харамсалтай байна. Хүний эрхийг зөрчсөн, нэг талыг барьсан, хүнийг эрүүдэн шүүх гэж оролдсон оролдлого байхыг үгүйсгэхгүй. Маргааш шүүхийн хэлэлцүүлэг үргэлжилнэ" гэлээ.
Холбоотой мэдээ