Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар төмөр замын төв байгууллагад энэ сарын 9-13-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд болон “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын норм”-ыг хэрхэн мөрдөж байгааг дээрх хугацаанд шалгасан байна. Шалгалтанд Улаанбаатар төмөр замын удирдах газар, Толгойт өртөө, Улаанбаатар өртөө, Улаанбаатар эрчимт үйлчилгээний төв буудал, Улаанбаатар вагон депо, Төмөр замын зүтгүүрийн депо, Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба гэсэн долоон обьект хамрагджээ. Шалгалтын дүнд гамшгаас хамгаалах чиглэлээр 42, гал түймрийн 57 буюу нийт 99 зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчлийн хорийг нь газар дээр нь арилгуулж, харин бусдыг нь арилгуулахаар албан шаардлага, мэдэгдлийг боловсруулан хүргүүлээд байгаа аж.
П.Наран