Улаанчулуутын “ажилчин” хүүхдүүдийг сургуульд сургана

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Улаанчулуутын “ажилчин” хүүхдүүдийг сургуульд сургана

Улаанчулуутын хогийн цэг дээрх хэдэн зуун хүний амьдрал өрнөж, бүхэл бүтэн  ертөнц бий болоод удлаа. Сүүлдээ үр хүүхэд нь хогийн цэг дээр төрж, өсч хүмүүжиж бас үржиж байна. Олон жилийн ул болсон Улаанчулуутын хогийн цэгээс амьдралаа залгуулж, хэдэн хүүхдээ өдрийн өлтэй нь залгуулдаг иргэд, тэнд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн талаар бид  сурвалжлага бэлтгэн уншигчдадаа хүргэсэн билээ. Манай сурвалжлагын дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, хүүхдийн төлөө ажилладаг ТББ-ууд хамтран ажиллах санал тавьсан юм. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүдийг хамгийн эхэнд сургуульд сургаж, шат дараатай арга хэмжээ авахаар ажлаа эхлүүллээ. Улаанчулуутын хогийн цэг дээр дунджаар 50-60 хүүхэд тогтмол ирж ажилладаг бөгөөд тэдний  олонх нь сургуульд огт суугаагүй эсвэл амьдрахын эрхээр завсарджээ. Тэдний дунд 7-8 жил хог түүж амьдарч байгаа хүүхэд ч бий. Эдгээр хүүхдийг хогийн цэг дээрх эмгэнэлтэй амьдралаас нь гаргах, амьдралын утга учрыг танин мэдүүлэхэд хамгийн түрүүнд сурч боловсрох нөхцлөөр хангах нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс хүүхдүүдийн ар гэрийн амьдрал, сургуульд сурах хүсэл эрмэлзэлтэй эсэх, тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй, ямар сургуульд сургах боломжтой талаар судалгаа явуулж эхлээд байна.

Тэднийг хогийн цэгийн ойролцоох сүмд хооллож байх үеэр Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ынхан очиж 20 гаруй хүүхдээс судалгаа авсан юм. Ойрын хугацаанд үлдсэн бүх хүүхдээс судалгаа авч дүнгээ нэгтгэн сургуульд сурах боломжоор хангах, эцэг эхийг нь ажилтай болгох талаар шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд энэ сарын 24-ний өдөр хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хүүхийн ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдийн оролцоотой цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох  хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэхүү хэлэлцүүлэгт эх орны ирээдүй хойч хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй  төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулах боломж нээлттэй юм.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж