Нийслэлийн боловсролын газраас зарим ЕБС-иудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон нь замын ачааллыг буруулахад үр дүнгээ өгч байгаа эсэх, сургуулийн автобусны хүрэлцээ зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн боловролын газрын орлогч дарга Л.Буянтогтох:
-Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298/ дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 автобусыг 35 чиглэлд явуулахаар болсон. Өмнө онд энэхүү төсөлд нийт 29 сургуулийг хамруулж 35 чиглэлд 40 автобус үйлчилгээнд явуулж байсан. Эдгээр автобус давтамжийн хувьд 5600 орчим хүүхдэд үйлчилсэн тооцоо бий.
Энэ хичээлийн жилд 36 сургуулийн автобус үйлчилгээнд явсан бол энэ хичээлийн улиралд 24 автобус явж байна. Хаврын улиралд явах сургуулийн автобусны тоо буурсан. Хил хаагдсан тул газаар явдаг автобуснууд явах боломжгүй болсон.
Цаашдаа автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн боловсролын газраас холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Анхны судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулсан. Тухайн 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамрууллаа. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов.
Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс эхлэн энэхүү цагийн зохицуулалт хэрэгжиж байна. Оргил ачааллын үед ийнхүү зохицуулалт хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоог гаргасан байна. Тус цагийн зохицуулалт нь 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөгдөнө.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ