Хахир өвлийн хүйтэнд эцсийн буудлаас сургуулийн автобусанд амжиж суух хүүхдүүд үүрийн 05:00 цагаас гэрээсээ гардаг байна. Үнэ төлбөргүй ч хүрэлцээ муутайгаас болж хүүхдүүд жиндэх, чихэлдэх асуудал гарах нь энгийн үзэгдэл аж. 07:05 цаг Сүхбаатар дүүргийн Өвөр согоотын буудлаас сурагчид хүүхдийн автобусандаа сууж, хөдлөв. Бага, дунд ангийн сурагчид энэ автобусанд түлхүү суужээ. Хамгийн хол гэртээ хүүхдүүд сургуулийн автобусандаа суухын тулд хоёр буудал хэртэй газар алхаж ирдэг байна. Гэрээсээ 06:10 цагт гарахаар автобус сүүлийн хүүхдээ аваад хөдлөхөд яг амжиж ирдэг гэж нэгэн хүү хэлэв.
Тэрбээр дүүгээ дагуулан автобусандаа амжиж ирсэн бөгөөд өглөө хичээлдээ явахаас өдөр гэртээ ирэхэд хэцүү гэв. Учир нь, өдөр тарах цагт автобус ихэнхдээ хөдөлчихсөн байдаг гэнэ.
Хүү "Маргаашаас өглөө 05:50 гэж гарахгүй бол амжихгүй бололтой. Уг нь би хамгийн хол гэртэй нь биш. Манай ангид зуслангаас явдаг хүүхэд бий. Зарим өглөө амжихгүй хоцорно. Тэгээд заримдаа 1000 төгрөгийн унаанд сууна. Эсвэл ангийн хүүхдийнх нь аав, ээж унаатай явж байвал аваад явдаг" гэсэн юм. Автобусанд ойролцоогоор 40 орчим хүүхэд суужээ. Хоёр адил автобус явж байгаа бөгөөд энэ чиглэлд өөр том оврын сургуулийн автобус явдаггүй байна.
ЭЦСЭЭС ИРЭХ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААД АВАХААР ЗАРИМ НЬ ХИЧЭЭЛЭЭСЭЭ ХОЦОРДОГ
Сургуулийн автобус өглөөд автозамын түгжрэл эхлэхээс өмнө явах маршрут гаргадаг аж. Тэгэхгүй бол сурагчид хоцрох эрсдэлтэй гэж жолооч хэллээ. Гэсэн ч 5-10 минут хүүхдүүдээ хүлээнэ. Айлын жаахан хүүхдүүд хасах 25-30 хэмийн хүйтэнд сургууль руугаа 4, 5 буудал алхана гэдэг чанга. Гэлээ гээд түрүүлж ирсэн хүүхдүүд нь хоцорчих гээд асуудал их. Захын чиглэл учраас холоос ирдэг хүүхдүүдийг хоёр автобусандаа хуваагаад суулгана. Өөр арга байхгүй. Ямар ч байсан өглөөд 07:15 гэхэд хөдөлсөн байвал сургууль дээр амжиж очдог. Уг нь эцсээс сургууль хүртэл 4.5 км гэсэн юм. Хүүхдийн автобусанд зохицуулагч гэж байхгүй бөгөөд жолооч нь сурагчдыг зохицуулж, цагтай уралдаж явдаг байна.
2021-2022 оны хичээлийн жилд Их тойрууд байршилтай 17 сургууль, хотын захын нийтийн тээврийн хүртээмж бага 12 сургуульд сургуулийн автобус үйлчилж эхэлсэн. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюул эрсдэлээс урьдчилсан сэргийлэх ач холбогдолтойг албаныхан онцолдог ч бодит байдал дээрээ эсрэгээрээ байв.
Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341 мянга 500 сурагч суралцаж байгаа. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38. мянга 42 сурагч элсэн орсон. Харин эдгээр сургуульд үйлчилж байгаа сурагчийн автобус 10 хувьд нь ч хүрэхгүй байгаа юм.
НИСЭХИЙН ЭЦСЭЭС 06:10 ЦАГТ 90-100 СУРАГЧТАЙ ХӨДӨЛЖ БАЙНА
Бид С:6 дугаартай Нисэхийн эцсээс явах чиглэлийн сургуулийн автобусны зохицуулагчтай холбогдлоо. Түүний хэлснээр том оврын сургуулийн автобусанд хамгийн ихдээ 60 сурагч суух зориулалттай ч хичээл эхэлснээс 90-100 сурагч сууж байгаа гэв. Нисэхийн эцсээс нийт дөрвөн сургуулийн сурагчдыг авч 06:10 гэхэд хөдөлдөг. Эрт хөдөлсөн ч түгжрэлээс шалтгаалж, хүүхдүүдээ зарим тохиолдолд замд нь буулгаж алхуулахаас өөр аргагүй байдаг. Өглөө буудал дээр очиход хүүхдүүд аль хэдийн ирчихсэн хүлээж байдаг учраас дүүрээд шууд явна. Тэгэхгүй бол нисэх, яармагийн түгжрэл ярилтгүй их. Ямар сайндаа өнөөдрөөс Яармагийн зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаас эмх замбараагүй л зүйл болж байна. Урьдчилсан байдлаар мэдээлэл хүргүүлээгүйгээс 07:45 цагаас хичээл нь эхэлсэн хүүхдүүд хоцорсон.
Нийтийн тээвэр гарахаас өмнө гарахгүй бол түгжрэлд олон цаг зогсдог. Сургуулийн цагийн хуваарь авцалдаагүй байгаагаас болж асуудал их гарч байна. Орох, тарах цаг ямар ч уялдаагүй. Зарим өдөр түгжрэл бага бол хүүхэд хичээлээ хүлээгээд хүйтэнд гадаа зогсдог. Нисэх рүү ганцхан автобус гаргасан.
Эцэг эх, сурагч, багш нарын дунд сургуулийн автобусны жолооч, зохицуулагч буруутан болж байгаа. Угтаа бол энэ нийслэлийн боловсролын газар, нийтийн тээврийн газрын хариуцлагагүй ажлын үр дүн. 18, 15, 52, 72 дугаар сургуулийн маршрутаар манай автобус үйлчилдэг. Дөрвөн сургуулийн анги бүлгийн цагийн хуваарь бүгд өөр. Нэгдүгээр ангийн хүүхэд өглөө ороод өдөр 11:00-12:00 цагийн хооронд тардаг. Уг нь бүх хүүхдээ л тарахаар нь буцаад авч явах ёстой шүү дээ. Гэтэл сургуулиудын уялдаагүй хуваариас болж ихэнх хүүхэд гэр рүүгээ буцахдаа сургуулийн автобусандаа сууж чаддаггүй.
БАГА АНГИЙН СУРАГЧДЫГ АЛЬ БОЛОХ СУУЛГАЖ, ТОМ АНГИЙНХАН НЬ БАГТАХГҮЙ БОЛ АЛХАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ
Буянт-Ухаа чиглэлийн автобус мөн өглөөний 06:20 цагаас хөдөлдөг байна. Автобусанд багтаагүй сурагчид алхдаг аж. Жолоочийн хэлснээр хүйтэн, түгжрэл ихтэй үед бага ангийн сурагчдаа суулгаж, том ангийнхныг алхахыг нь зөвшөөрдөг. Хоцрох гээд бүлтэлзээд байгаа ч гадаа хүйтэнд 1, 2 дугаар ангийнхныг алхуулж болохгүй. Миний хувьд өглөөд 05:30 цагаас гэрээсээ гарч, Буянт-Ухаа хоёроос сурагчдаа авдаг. Дулаан цагт бол бас өөр. Гэтэл уулзвар ч хүрэхгүй түгжрээд 30 минут болно. Тэгээд цааш эхний сургууль дээрээ очих гэсээр байгаад сүүлийн сургуулийн хүүхдүүд хоцорчихно. Нэгдүгээр эгнээгээр дан нийтийн тээвэр явдаг бол хоцрох асуудал гарахгүй. Даанч энэ түгжрээнд хүн бүхэн л зам дээр нэгнээсээ өрсөж байна.
АВТОБУСЫН ЧИГЛЭЛ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЖ, СУРГУУЛИУДЫН ЦАГИЙН ХУВААРИЙГ ИЖИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Иргэд болоод сурагчид, сургуулийн автобусын жолоочдын хэлж байгаагаар унаа зайлшгүй шаардлагатай хэсгүүдэд сургуулийн автобус огт хүрэлцдэггүй байна. Зуслангийн чиглэл, долоон буудал гээд захын хорооллын хүүхдүүд өглөөд унаагүй, автобус явж эхлэх болоогүй учраас алхана. Амжаад суусан нь нэгнийгээ өвөр дээрээ аваад багтаад явна. Харин Нисэх, Яармаг чиглэлд холын хүүхдүүдээ чихээд авсан ч замынхаа голд очоод бүгд цуварна. Эцэг, эхчүүд ч хүлээн зөвшөөрсөн учраас хүүхдүүдээ дулаан хувцаслаж алхуулдаг нь их болж.
Ядаж захын хорооллын сурагчдыг сургуульд нь аюулгүй хүргэж өгөхөд автобус хүрэлцээтэй байгаа эсэхэд бодит дүгнэлт гаргах хэрэгтэй. Хүрэлцээгүй, өглөө үүрээр гарч ирж байгаа хүйтэнд автобусанд хүүхдийн эрх зөрчигдсөөр байна.
Уг нь бол төвийн маршрутад хүүхдийн автобус явуулах төдийлөн хэрэгцээгүй санагдлаа. 07:55 цаг Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд хүүхдийн автобуснаас дөрвөн сурагч буув. Жолоочоос асуухад офицероос эхэлж явдаг. Түгжрэлтуй учраас ихэнх хүүхэд эцэг, эхтэйгээ алхдаг байх. Өглөөд ихдээ л 10-15 сурагч суудаг. Том оврын автобус гаазгүй гээд хэсэг яваагүй. Удахгүй явж эхлэх байх. Сургуулийн автобус уг нь Ботаникаас 1, 5, 23, 50 дугаар сургууль гэсэн маршрутаар гурван чиглэлд явдаг гэлээ. Гэвч өнөөдөр C:20, C:21 чиглэлийн автобус яваагүй байна.
Холбоотой мэдээ