Хуучирсан мэдээ: 2022.02.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС
МоАХ ба МАФИ

Токиогийн олимпод жүдочдоо дагуулж явсныг эс тооцвол Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш  таг чиг болсон Х.Баттулга өнгөрөгч Ням гаригт үзэсгэлэн сонирхсон шигээ  олны нүдэнд “өртжээ”. Тэрбээр гэрэл зурагчны дуранд өртсөн нь санамсаргүй тохиолдол биш нь мэдээж. Тамирчин, бөх хүний хувьд хэзээ ямар мэх хийхээ Х.Баттулга гаргууд мэдэрдэг улстөрч. Түүний гарч ирсэн нь төлөвлөөгүй үйл явдал лав биш. Тэр тусмаа “Би нь ажлаа хийж байгаа шүү” гэх мессеж хаяж байгаа нь хүртэл.

Хөгжлийн банкны дуулианаар Сингапур руу зугатсан гэгдсэн тэрбээр МоАХ-ны үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлсээр яваагаа ийнхүү гэрэл зургаар харуулсан нь МАН-ын улс төрөөс, АТГ-ын баривчилгаанаас айсандаа огт биш юм. МоАХ-г Д.Монголхүүд алдчих вий гэсэндээ  экс Ерөнхийлөгч ингэж яаран сандран ил гарч ирсэн хэрэг. Үнэндээ Х.Баттулга МАН-ын улс төрийг “гөлөөг” ч гэж тоохгүй.  МоАХ-г үзэл санааны байгууллага болохоос тэрбээр үхтлээ айсных байх.

МоАХ-ны байрыг  “Пирамид орд” компанийн барьцаанд тавьчихсан гэх шүүмжлэлд, Хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөгийг зээлж аваад огт төлөөгүй гэх асуудалд,  зөвлөхийг нь баривчлахад  хүртэл гарч ирээгүй, тайлбар сэлт хэлээгүй хүн шүү дээ.  Түүний зөвлөх Ц.Ууганбаяр "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэхээр "Нью Яармаг Хаусинг прожект" компани Хөгжлийн банкнаас 142 тэрбум зээл авч, барьцаанд тавьсан хөрөнгөө 2019 онд шүүхийн шийдвэрээр суллаж авсан баримт нь хэвлэлээр дэлгэгдсэн.  Мөн тэрбээр “Пирамид орд” компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 22 тэрбумыг авсан хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. 

Хэдийгээр Х.Баттулга эрх баригч намын даргад албан бусаар зөвлөж яваа ч энэ нь түр зуурынх, үүрдийн дайсан, нөхөр гэж байхгүйг маш сайн мэднэ. Түүний хувьд МоАХ-г алдвал улс төрийн гишгүүр, бүр хамгаалалтаа алдаж байна гэсэн үг.   МоАХ гэх нэр нь бас хаачих вэ дээ.  Өнгөрсөн хугацаанд МоАХ нь Х.Баттулгын улс төрийн могойд барьдаг мод төдий л явж ирсэн нь худлаа ч юм биш.

Тиймээс өнгөрөгч Баасан гаригт МоАХ-ны үндэсний зөвлөгөөнтэй зэрэгцэн хөөн хэлэлцэх хугацаа нь хэдийнэ дууссан Хөгжлийн банкны экс удирдлагуудын хэргийг гэнэт шүүхээс хэлэлцсэн нь, тэднийг бөөнөөр нь ачиж шоронд хорьсон нь,  араас нь Ардын намын Хяналтын хороо нэр бүхий гишүүдээ хөөсөн нь үнэндээ зорилготой зохион байгуулалттай ажиллагаа байсныг хэн мэдлээ.

Өөрөөр хэлбэл, МоАХ-ны зөвлөгөөн рүү олны анхаарал чиглэх вий гэсэндээ “дуулианыг дуулианаар дардаг” өнөөх сонгодог тактикаа ашигласан байж мэдэхээр харагдаж, бас хардагдаж ч буй.

1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар Их Хурал МҮСТО-д болж, хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцсон байдаг. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгож, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм.

Тэгвэл 32 жилийн дараа Монголын ардчилсан холбооны анхдагч, үүсгэн байгуулагчдын үндэсний анхдугаар зөвлөгөөнөө мөн л МҮСТО-нд болж Монголд ардчилал, хүний эрх, эрх чөлөө хамгаалалтгүй болж байгаа талаар анхдагчид ярилцжээ. Энэ үеэр  Э.Бат-Үүл шоронгоос илгээлт явуулсныг охин нь уншиж танилцуулсан байна. Тэрбээр “Хоёр хөршийн хатгалгаар, хоноцын сэтгэл өвөрлөн, ардчилсан Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлэгч эдгээр увиагүй хүмүүсээс ардчиллаа аваръя гэвэл МоАХ-ныхон та бид яаралтай эвлэлдэн нэгдэж, шудрага ёсны төлөө тэмцэх цаг болжээ. Яг одоо шудрага ёс ус агаар мэт хэрэгтэй байна! Дөрвөн ханаар хашигдсан шоронгийн умгар өрөө маань дөрвөн зүгт тэлэн социализмын “хуаран” битгий болчихоосой хэмээн залбирч суугаа"-гаа дуулгаж, Төрийн соёрхолт Д.Сосорбарам залуус сэрж одоогийн олигархжсан тогтолцооны эсрэг зогсохыг уриалжээ. Д.Сосорбарамын хэлсэнчлэн “Монголын ардчилсан холбоо амьгүй, хүчгүй, үхээнц болоод 15 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хараат болсон” нь бүр үнэн.  Даанч үүнийгээ МоАХ-ныхон асар их үнээр ойлгож буй нь харамсалтай. Х.Баттулга ардын баатар биш адгийн луйварчин  болохыг 15  жилийн дараа ойлгож байна гэхээр.

МоАХ-ны тамгыг Х.Баттулгад 2007 онд  шилжүүлж өгсөн агаад өнгөрсөн 15 жил МоАХ үзэл санааны тэмцэгчид биш хэн нэгний далайсан газар далд орж, далласан газар нь ил гардаг болоод удаж байгаа билээ. МоАХ-ны зөвлөгөөнөөс тавдугаар Их хурлаа хуралдуулах, МоАХ-ны даргаас Х.Баттулгыг огцруулж, Д.Монголхүүг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр гишүүд тогтжээ.

Магадгүй АН-ыг эвлэлдэн нэгдэхийг хүлээснээс энэ нь дээр байх.  МоАХ үзэл санаагаа олж авах нь хамаагүй хялбар ч байж болох.  Бодитоор харвал, АН лав С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр байгаа цагт эвлэрэхээсээ  нэгэнт өнгөрсөн. Араас нь зул өргөх л дутуу байна.

МоАХ бол үзэл санааны анхдагч байгууллага байлаа. Атал өнөөдөр үзээд өгье гэхнээ үнэт зүйл тэнд алга. Хаа нэг Х.Баттулгын эрх ашгийг хамгаалж, төлбөртэй жагсдагийг эс тооцвол. Нөгөөтэйгүүр, МоАХ жинхэнээсээ  сэргэж, шинэчлэгдэх бол МАН-д бүр илүү ашиггүй. Эрх баригчдын эсрэг тэмцэх үзэл санааны том байгууллага бий болно гэсэн үг.

Тэгэхээр МоАХ-ны шинэчлэл асар том эсэргүүцэлтэй нүүр тулгарах байх. АН шигээ хоёр хуваагдах нь тодорхой. Мэдээж,   Х.Баттулга “баярлалаа, баяртай” гээд явчихдаг хүн бишийг харсан байлгүй. Байр савыг нь хүртэл барьцаанд тавьчихсна хүн тийм амархан бууж өгөхгүй нь лав.  Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо  уг нь МоАХ-ны тэргүүнээс сайн татгалзах ёстой байсан боловч тэрбээр өнөөдрийг хүртэл ажлаа өгөөгүй, Д.Монголхүүг МоАХ-ны дарга болох сургаар үүрнээсээ гараад ирлээ. Гэхдээ чоныг агнахын тулд үүрнээс нь гарга гэдэг. Нөгөөтэйгүүр, эр хүн зоригтой бол чоно чацга алдана гэж үг бий. Шулуухан хэлэхэд, Д.Монголхүү болон МоАХ-ны партизануудын эв нэгдэл, эр зоригоос МоАХ мафи хэвээр үлдэх эсвэл Монголын ардчилал, эрх чөлөөг хамгаалагч үзэл санааны байгууллага болох үгүй нь шийдэгдэнэ.

Ардчилал, эрх чөлөө, үзэл санаа амилах нь нэг талаас Х.Баттулгад нөгөө талаас Ардын намд таалагдахгүй байгаа нь илт. Тиймээс МоАХ-ныхноор нь МоАХ-ыг туг тахиулж мэднэ, Ардчилсан намыг малгай толгойгүй, эзэн биегүй болгосон шигээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж