МАН-ын хяналтын хороо өнгөрөгч Баасан /2022.02.18/ гаригт хуралдаж, шүүхээс ял шийтгэл авсан таван гишүүнийг намаасаа хасч буй тухайгаа зарласан. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Дамбар-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хассан, үүнийгээ намын шинэ дүрэмтэй холбож тайлбарлаж буй юм. Тодруулбал, тус намын шинэчилсэн дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт шүүхээс ял шийтгэл авсан хүмүүсийг намаас хөөхөөр зааж өгсөн.
Хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны дуулиантай зэрэгцээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан авлига албан тушаалын хэрэгт хатуу тэмцэх талаар ярьж байв. Тэрбээр Хөгжлийн банктай холбоотой асуудалд иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран улс төр, ёс суртахууны дарамт үзүүлэн ажиллах байр суурийг илэрхийлсэн юм. Мөн МАН дүрмээрээ намын гишүүд хуулийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бол намаас түдгэлзүүлэх, шүүхээс гэм буруутайг нь тогтоовол намаас хасна гэж заасан. Энэ дагуу МАН-ын гишүүн албан тушаалаа ашиглан Хөгжлийн банкнаас зээл аван залилсан нь шүүхээр тогтоогдвол албан тушаал харгалзахгүйгээр намаасаа хасах талаар тодорхой мэдэгдсэн.
Угтаа бол МАН-ын Хяналтын хороо Хөгжлийн банктай холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байлаа. Гэтэл эсрэгээрээ МАН-аас аль хэдийн хөөгдсөн таван гишүүнээр туг тахих төдий мэдээлэл хийсэн юм. Өөрөөр хэлбэл МАН Хөгжлийн банктай нэр холбогдсон хүмүүст жинхэнээсээ хариуцлага тооцож чадах уу гэдэг асуулт хэвээр үлдлээ.
МАН-ын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар хэлсэн үгэндээ “Хөгжлийн банкны асуудал дээр мөн шуурхай ажиллаж байгаа. Хууль, хяналтын байгууллага дээрхтэй холбоотой лавлагааг түргэн шуурхай гаргаж өгнө гэж бодож байна. Ажлын гурав хоногт багтааж албан тайлбар ирүүлэх, яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн дотор гарах хүсэлтээ өгөх хэрэгтэй” гэсэн юм. Түүний мэдэгдлээс дүгнэхэд Хөгжлийн банктай холбоотой эрхмүүдийн толгойг нь МАН илээд өнгөрөх бололтой. Өөрөөр хэлбэл ЖДҮХС-ийн зээлийн асуудал шиг хэдхэн хүн торгоод, өршөөгөөд эсвэл “дайснаа дарах” байдлаар ажиллаад эхэлж байгаа нь тэдэнд жинхнээсээ авлигачидтай тэмцэх хүсэл байна уу гэж тодруулмаар.
ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДЭЭ МАН ХЭРХЭХ ВЭ?
МАН-ын хяналтын хорооноос Хөгжлийн банкнаас хувийн бизнестээ их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлдээ тайлбар ирүүлэхийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат нар мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгч байгаа талаар мэдээлсэн. МАН-ын шинэ дүрмээр дээрх гишүүдийг хөөнө гэдэг юу л бол. Тэднийг яллагдагчаар татаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсоны дараа МАН-аас хөөх асуудал яригдах учиртай.
Эдгээр УИХ-ын гишүүн болон албан тушаалтнууд Хөгжлийн банкнаас зээл авсан талаарх мэдээллийг хүргэе.
- УИХ-ын гишүүн Т.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК. Тус компани нь Хөгжлийн банкнаас 33.15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг гишүүний эгчийн нэр дээр бүртгэлтэй компани юм. Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан байна.
- “Мон Лаа” ХХК нь Хөгжлийн банкнаас 7.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг Хөгжлийн банкнаас зээл авсны дараа УИХ-ын гишүүн асан М.Билэгт хувьцаа эзэмшигч нь болсон гэдгээ мэдэгдэж байсан юм. Хувьцаа эзэмшигчээр М.Билэгт гишүүний хүү М.Ганбагана бүртгэлтэй байна. М.Ганбагана нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярын хүргэн юм.
- "Түгээмэл түмэн хишигтэн" ХХК нь Хөгжлийн банкнаас 23.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүүгийн нөхрийн эзэмшлийн компани юм.
- "Вестерн холд" ХХК нь Хөгжлийн банкнаас 80.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын эзэмшлийнх бөгөөд "Ньюспрогресс" групп болон "Алтайтрест" компаниудтай холбогддог. Эдгээр компаниуд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийх байсан ч одоо түүний дүү болон хүү нь эзэмшиж буй.
- "Бармон "ХХК нь Хөгжлийн банкнаас 16.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийг НИТХ төлөөлөгч Ш.Үнэнбатын гэр бүл эзэмшдэг.
- "Мондулаан трейд" ХХК нь Хөгжлийн банкнаас 17.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Барилга хот байгуулалтын яамны дэд сайд асан Ш.Лхамсүрэнтэй холбогддог. Түүний компани өмнө ЖДҮХС-аас зээл авсан хэмээн албан тушаалаас нь огцруулж байсан юм. Түүний гэр бүлээрээ эзэмшдэг Нүүдэлчин групп нь олон охин компанитай. Дэд сайд асан Ш.Лхамсүрэн 2010 оноос Нүүдэлчин группээс нэрээ хасуулсан ч түүний гэр бүл одоо ч эзэмшигчээр бүртгэлтэй. Мөн түүний аав Б.Шүхэрт болон түүний гэр бүл нь Чингис хаан банкинд хувь эзэмшдэг. Чингис хаан банк нь Хөгжлийн банкнаас 1.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Ш.Лхамсүрэнгийн эгч Ш.Бүтэд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр юм.
Ч.УНДРАМЫН ААВ ӨРӨӨ ТӨЛСӨН ТУЛ ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧЭЭ
Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрамын талаар МАН-ын хяналтын хорооны дарга Б.Баяртаатар “Түүнээс тайлбар авсан. Тайлбарт зээл авах цаг үед улстөрд нөлөөлөхүйц албан тушаалтан биш , МАН-ын гишүүн биш байсан. МУИС-ийн Санхүү эрхэлсэн орлогч захирал гэдэг албан тушаалыг хашиж байсан. Хоёрдугаарт, Ч.Ундрамын аавын компани бизнесийн зорилгоор зээл авах болсон гэж ойлгож байгаа. Тиймээс тайлбараа ирүүлчихсэн” гэсэн юм. Ч.Ундрамын аав тус банкнаас зээл авсан бөгөөд 3.6 тэрбумын зээлээ энэ сард төлжээ. Харин хотын дарга Д.Сумъяабазартай хэрхэн хариуцлага тооцох вэ гэсэн асуулт тавигдах нь зүйн хэрэг. Тэрбээр хувь эзэмшдэг "Чингис хаан" банк болон "Петролеум продакшн"-аар дамжуулан Хөгжлийн банкнаас зээл авсан нь дуулиан нэр холбогдоод байгаа. Харамсалтай нь, тэд МАН-ын хариуцлагын гадна үлдэв. Эндээс харвал МАН гишүүдээ хөөж, авлигатай тэмцэж буй мэт жүжиг тавив уу гэсэн хардлага төрүүлж байна.
Холбоотой мэдээ