Монгол Улс жижиг бөгөөд нээлттэй эдийн засагтай. Үүнийгээ дагаад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш төв банкны үндсэн зорилт болох инфляци болон санхүүгийн тогтвортой байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Монголбанкнаас богино хугацаанд төгрөгийн ханшид эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй, түр зуурын шинжтэй огцом сулрах эрсдэл үүсвэл түүнийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцдог. Эдгээр бодлогын шийдвэр нь инфляцийг зорилтот түвшинд хадгалах, эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй, “аюулгүй” байлгахад чиглэдэг билээ. Харин урт хугацаандаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханш түүнд нөлөөлөгч гадаад болон дотоод эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэйгээр тогтдог.
Эдийн засагчдын тайлбарласнаар, валютын ханш Засгийн газрын бодлогын үйлдлүүдээс маш их хамааралтай. Өөрөөр хэлбэл, ханшид Засгийн газрын төсвийн бодлого маш хүчтэй нөлөөтэй. Төсвийн нийт зардал 1 хувиар өсөхөд тэр нь хоёр сарын дараа төгрөгийн ханшийг 0.2 хувиар бууруулах нөлөөтэйг судлаачид тогтоосон байдаг.
Монголд сүүлийн үеийн байдлаар төгрөгтэй харьцах юанийн ханш чангарах төлөвтэй байна. Covid-19 цар тахлын улмаас хил гаалийн нөхцөл байдал хүндэрч, бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэсэн зэрэг олон шалтгааны улмаас өссөн юанийн ханш буурах шинж алга.
Юанийн ханш өсвөл Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг бөгөөд тэр хэрээр буурсан түүх ч байхгүй юм. Саяхан л бид төгрөгтэй харьцах юанийн ханш 300 төгрөг давах нь гэж халаглацгааж байв. Харамсалтай нь, өнөөдөр ханш нь 500 руу тэмүүлэх болжээ.
Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн нэгдүгээр сард 447.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.75 төгрөгөөр, өмнөх сарынхаас 1.50 төгрөгөөр суларсан бол Ням гариг (2022.02.20)-ийн байдлаар 452.12 төгрөгт хүрч өсөв.
Юанийн ханш он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 22-ны байдлаар 450 орчим төгрөгт хүрсэн бол хоёрдугаар сарын 9-ний байдлаар 447 төгрөг болон ялимгүй буурч, түүнээс хойш алгуур өссөөр хоёрдугаар сарын 17-ны өдөр буцаад 450 төгрөг болов.
“Найман шарга” валют арилжааны төв дээр өнгөрсөн Баасан гариг (2022.02.18)-ийн байдлаар юанийг 452 төгрөгөөр тооцон авч байсан бол зарах ханш нь 453.5 төгрөг байв. Арилжааны банкууд өнгөрсөн Ням гаригийн байдлаар юанийг 450.50 төгрөгөөр авч, 454.70 төгрөгөөр арилжаалжээ. Юанийн өсөлтийг бид 500-д хүргэлгүй барьж дийлэх үү гэдэг эргэлзээтэй байна.
ЮАНЬ УЛАМ “ЦОЙЛЖ” БАЙНА
Хятадын юань дэлхийн төлбөр тооцоонд “ноёрхол”-оо гүнзгийрүүлж байна. Сүүлийн саруудад юаниар хийсэн олон улсын гүйлгээ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн талаар “Bloomberg” мэдээлжээ.
Дэлхийн банкнаас мэдээлснээр, юаниар хийсэн төлбөр тооцоо зах зээлийн 3.2 хувийг эзэлж, Хятадын мөнгөн тэмдэгт 2015 оны дээд хэмжээнээс давсан байна.
“Газпром нефть” Оросын нисэх онгоцыг Хятадын нисэх онгоцны буудлуудад шатахуунаар цэнэглэхэд ам.долларын оронд юань авах шийдвэр гаргаснаар урд хөршийн мөнгөн тэмдэгтийн хэрэглээ огцом өсөв. Түүнчлэн олон улсын сангууд Хятадын засгийн газрын бондыг олноор эзэмшиж эхэлснээр юанийн гүйлгээ нэмэгдэж, тэдний багцад эзлэх хувь шинэ дээд амжилт тогтоожээ.
Одоогоос 12 жилийн өмнө дэлхийн хамгийн үнэ цэнтэй төлбөрийн хэрэгслийн жагсаалтын 35 дугаарт бичигдэж байсан юань сүүлийн хоёр сарын хугацаанд дөрөвдүгээрт жагсч байна. Дэлхийн гүйлгээний хамгийн үнэ цэнтэй валютуудын чансааны эхний байранд ам.доллар, дараа нь евро, гуравдугаарт Британийн фунт стерлинг бичигдэж буй юм.
“Их 20”-ийн орнуудын төв банкны тэргүүнүүдийн уулзалтын үеэр Хятадын Ардын банкны тэргүүн Ян Ган хөгжиж буй орнуудад үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг дэмжихийг уриалсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, ам.доллараас аажмаар татгалзвал юань ашигтай байх магадлалтай аж. Эдийн засагч Алвин Т-гийн мэдээлснээр, “Азийн улс орнууд болон БНХАУ-ын хоорондын худалдаа нэмэгдэж буй бөгөөд дийлэнх нь юаниар төлбөр тооцоо хийх болжээ.
Холбоотой мэдээ